Азийн хөгжлийн банк манай улсад хэрэгжүүлж буй боловсролын төслийг дэмжих зорилгоор анх удаа гишүүн орныхоо мөнгөн тэмдэгтээр бонд гаргаж, 13.1 сая ам.доллар буюу 45.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн талаараа мэдээлэв. Таван жилийн хугацаатай, 10 хувийн хүүтэй энэхүү бондоос босгосон эх үүсвэрээр Монгол Улсын анхны олон улсын гэрчилгээтэй, ногоон боловсролын байгууламж болох “Орчлон” сургууль, цэцэрлэгийн шинэ өргөтгөлийн барилгыг санхүүжүүлэх гэнэ. Азийн хөгжлийн банкны Нөөцийн удирдлагын захирал Тобиас Хошка “Бид Монголыг олон улсын хөрөнгө оруулагчтай холбосон дөрөв дэх бондоо гаргалаа. Хөгжиж буй орнуудад хэрэгжүүлэх боловсролын санаачилгуудыг шат ахиулахад тууштай дэмжлэг үзүүлж, андеррайтерээр ажилласан ING болон Европын хөрөнгө оруулагчдадаа баярлалаа” гэжээ.
Н.Мишээл