Нисэх онгоцны буудал, агаарын тээврийн компаниудыг зорчигчдын сэтгэгдэл, олон нийтийн санал асуулгад үндэслэн жил бүр эрэмбэлдэг зөвлөх үйлчилгээний “Skytrax” компани Сингапурын “Чанги” нисэх буудал дэлхийн шилдгээр 13 дахь удаагаа тодорсныг зарлалаа. Өнгөрсөн онд “Дэлхийн шилдэг нисэх буудал”-ын шагналыг Катарын Доха хотын “Хамад” хүртэж байсан бол өнөө жил Сингапурын “Чанги”-д алдаж, нэг байр ухарчээ. Жагсаалтын гуравдугаарт Токио хотын “Ханеда”, дөрөвдүгээрт Сөүлийн “Инчон”, айргийн тавд Токиогийн “Нарита” бичигдсэн байна. Үндсэндээ 2025 оны эрэмбийг Азийн нисэх буудлууд өнгөлжээ.
Оны шилдгээр 13 дахь удаагаа тодорсон Сингапурын “Чанги” нь дэлхийн хамгийн дэвшилт технологитой, ая тухтай, өндөр ачаалалтай нисэх буудалд тооцогддог аж. Нийт 280 мянган ам метр талбай, дөрвөн үндсэн терминалтай бөгөөд жилд 80 орчим сая хүнд үйлчлэх хүчин чадалтайгаас одоогоор дунджаар 40 гаруй сая зорчигч хүлээн авдаг гэнэ. Агаарын тээврийн 80 гаруй компанитай хамтран ажиллаж, долоо хоногт 5000 орчим нислэг үйлдэн, улсынхаа эдийн засагт жилд ойролцоогоор 4.5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлдэг байна.
Ж.Сувд