Улаанбаатар хотын төв талбайн баруун талд, “Хангарди” ордонтой хаяа залган орших нийслэлийн засаг захиргааны I байр буюу ЗДТГ-ын гурван давхар хуучин барилгын суурин дээр 300 ортой, олон улсын зочид буудал байгуулахаар болсон гэнэ. Нийслэлд хэрэгжүүлэх 24 мега төслийн жагсаалтад үүнийг хэдийн багтааж батлаад, ТЭЗҮ боловсруулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж, дуусгах нарийн хуваарь, тооцоо, төлөвлөгөөг нь аль эрт гаргачхаж. Үндсэндээ тэнд зочид буудал барьж эхлэх болон ашиглалтад оруулах нь цаг хугацааны асуудал болжээ.
Амьд явахад ихийг үзнэ гэгчээр нийслэл хотынхоо хоймор тус газарт, засаг захиргааны түүхэн барилгынхаа суурин дээр зочид буудал барихыг харах цаг тун удахгүй ирэх бололтой. Энэ барилгын үнэ цэн, түүхэн ач холбогдлыг хэн хүнээс илүү мэддэг хүмүүс, ялангуяа хот байгуулалт, архитектурын салбарынхан эл шийдвэрийг тун эмзэг хүлээж авч байна. Зарим нь хуулийн “дээгүүр алхсан” үйлдэл гэж эрс эсэргүүцэж буй юм.
Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очгэрэл “Хотын захиргаа байрлаж байсан, неоклассик архитектурын дурсгал бүхий энэ барилгыг 2015 онд соёлын өвд бүртгэсэн. Хэрэв үүнийг зочид буудал болговол Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн “дээгүүр алхсан” болно. Энэ нь төв талбайг тойрсон неоклассик барилгуудтай хамт ансамбль үүсгэж, Монголын орчин цагийн хот байгуулалтын хамгийн үзэсгэлэнтэй архитектурын орон зайг бий болгодог” гэжээ.
Нийслэлийн ЗДТГ-ын барилгыг ашиглалтын хугацаа дууссан гэдгээр нь далайлган буулгаж, шинэчлэх санаачилгыг анх 2016 онд гаргаж байжээ. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас тухайн үед сонгон шалгаруулалт зарлан “Голомт файнэншил групп”-ийг тодруулж, эл компани I-III давхрыг нь нийслэлийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгөөр 17 мянган ам метр талбай бүхий зургаан давхар барилга барихаар төлөвлөж байж. Гэтэл эл ажил есөн жилийн дараа нийслэлийг хөгжүүлэх 14 мега төслийн нэг болж орж ирлээ. Магадгүй өнгөрсөн хугацаанд тэд барилгыг чөлөөлөх, бүтээн байгуулалт эхлүүлэх, газраас үүдэлтэй ямар нэгэн маргаан үүсэхгүй байх бүх нөхцөлийг бүрдүүлж, бэлтгэлээ зугуухнаар базааж ирсэн болов уу. Нийслэлийг хөгжүүлэхэд олон улсын зэрэглэлтэй зочид буудал л дутаж гэнэ дээ. Өмнөх удирдлагуудын үед хэрэгжүүлж чадаагүй, нийгмийн зүгээс асар их шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулсан санаачилгууд Х.Нямбаатарын үед “нэр, зүс”-ийг нь өөрчлөн оруулж, ажил хэрэг болгох эхлэл нь тавигдсаны нэг жишээ энэ гэлтэй.
Н.Мишээл