Ус, цаг уурын чиглэлээр суралцах залуусын тоо жилээс жилд буурч буйг их, дээд сургуулиудын сүүлийн жилүүдийн элсэлт харуулдаг. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Цаг уур, ус судлалын тэнхим гэхэд энэ чиглэлээр суралцах оюутангүй болж, хөтөлбөр нь хаагдахад тулж байв. Тэгвэл 2025 онд тус тэнхимийн ус судлалын хөтөлбөрт тав, цаг уурынхад 25 оюутан элсэн суралцаж байгаа нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр ирц гэнэ. Энэ нь манай улс 2023 оныг “Цаг уурчдыг дэмжих жил” болгон зарлаж, ус, цаг уурын салбарт ажиллагсдын нийгмийн үнэлэмж, цалин, урамшууллыг сайжруулахад анхаарч эхэлсний үр дүн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Цаашид “цаг уурч” оюутнуудыг ажлын байраар хангах, дадлагыг нь станцуудад хийлгэх, туршилт, судалгааны багаж, тоног төхөөрөмжөөр хангах зэрэгт анхаарахыг Цаг уур, орчны шинжилгээний газрынхан онцоллоо.
Н.Мишээл