-Архангайд болсон хуралдаанд Ерөнхий сайдаас эхлээд 500 гаруй төлөөлөгч оролцлоо-
Монгол Улсын Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ өчигдөр Архангай аймагт очиж, “Ара арена” цогцолборт нь “хуралдлаа”. Ажил, зугаалгын алин болох нь тодорхойгүй ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны дарга С.Амарсайхан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тэргүүтэй томчууд нь тэнгэрээр буюу нисдэг тэргээр морилсон бол бусад нь газраар очицгоож.
Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны гуравдугаар тэмдэглэлээр үүрэг болгосны дагуу Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг хан гайн бүсээс эхлэн зохион байгуулж байгаа тухай мэдээгээ бахархалтайгаар төвийн болон орон нутгийн хэвлэлүүдээр түгээсээр байв. Яасан дураараа гүйцэтгэх засаглал, яасан дорой дөрөв дэх засаглал гээч вэ. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг Монголын үндэсний олон нийтийн телевизээс эхлээд шууд дамжуулж, бусад нь хоёр цаг тутамд газар дээрээс нь мэдээ бэлтгэн цацаад байхаар тийм сайхан баярт үйл явдал энэ мөн бил үү. Улс орны эдийн засаг хямралтай, төсөв санхүү алдагдалтай, иргэд өр, зээлээр өл залгуулж ядан байхад Засгийн газар танхимаараа заавал орон нутагт очиж хүндрэл чирэгдэл учруулах хэрэггүй, үрэлгэн зардал гаргах шаардлагагүй тухай олон нийт хангалттай шүүмжилсэн.
Гэтэл зөрүүдэлсээр байгаад санасандаа хүрсэн нь илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гээч л болж байна. Дараагийн сонгууль болтол даанч хол байгаа учраас тэд ард түмнээсээ бүр тасарчихаж. Иргэд, олон нийтийн гачлан, гаслангийн дуу манай төр засгийн түшээдэд сонсогдохоо больж, “дорд үзэгдэгсэд”-ийн шүүмжлэл, эсэргүүцлээс аюух эмээх, ичиж нэрэлхэх шаардлага байхгүй гэдэг додигор үе дээрээ явна. Зэвсэгт хүчний нисдэг тэргээр Архангайн хуралд зорьж очсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавихдаа “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалаар Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтдаг. Тус бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” болохоор тусгасан. Хангайн бүсийн аймгууд тус тусдаа бус, хамтарч хөгжих, шийдлээ том зургаар төлөвлөх, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан асуудал, онцлог, давуу болон сул талаа энэ үеэр нээлттэй ярилцана. Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ тус хуралдаанд оролцож байгаа учраас Хангайн бүс нутагт хариуцсан салбарт нь тулгамдсан асуудлыг газар дээр нь шийднэ” гэжээ. Юуг яаж шийдсэнийг нь хэн, хэзээ, хэрхэн дүгнэх нь тодорхойгүй. Онцгой байдлын албаны агаараас эрэн хайх, аврах шуурхай үйл ажиллагаанд ашигладаг нисдэг тэргийг хөлөглөн очсон Шадар сайд С.Амарсайхан Хангайн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг нээхдээ мөн л иймэрхүү хоосон, агуулгагүй, албархуу юм ярьжээ.
“Бүсийн зөвлөл, эрх зүйн орчин”, “Бүсийн онцлог, харьцуулалт”, “Амьдралын чанар, тулгамдсан асуудлууд”, “Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд”, “Хангайн бүсийн хөгжил-2040” гэх мэт байдаг л хэдэн хэлэлцүүлэг, хаанаас түүж нийлүүлсэн юм гэмээр улигт ерөнхий сэдвүүд, уламжлалт нээлт, хаалт, урлагийн тоглолттой хөтөлбөрийн төгсгөлд мэдээж Бүсийн хамтын ажиллагааны чөлөөт уулзалтыг хоёр цагаар төлөвлөж тавихаа мартаагүй байна билээ. “Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд”, “Амьдралын чанар, тулгамдсан асуудлууд” сэдвийг бид Төрийн ордонд ч, яамных нь байранд ч, аймаг, нийслэлийн Нутгийн захиргааны ордонд ч, сум, дүүрэг, хорооны хурал дээр ч хангалттай ярьсан. Бүс бүсэд нь очиж ярихаар, эсвэл модератороор нь ТМ телевизийн дэд захирал бүсгүйг ажиллуулахаар хэлэлцүүлгийн асуудлууд нааштайгаар эргэх хэрэг үү. Энүүхний төлөө сайд нар албаны нисдэг тэрэг унаад байх нь хэр зохистой юм бол. Зам тээврийн болон аливаа гэнэтийн ослын үед яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэдийн ар гэрийнхэн шатахууны үнийг нь төлөөд, хүнээ тээвэрлүүлж амийг нь аваръя гэхээр өчнөөн сая төгрөг нэхдэг шүү дээ. Зэвсэгт хүчин, онцгойгийн нисдэг тэрэг иргэний зориулалтынх биш ч гэлээ, сайд дарга нарыг хуралд зөөдөг ямбаны унаа бас биш билээ. “Намайг хэн хэлэх вэ дээ” гэсэн ихэрхүү, дээрэнгүй хандлага энэ Засгийн газрын үед хэвийн зүйл боллоо.
Хангайн бүсийн зөвлөлийн хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газрын гишүүд, харьяа агентлагуудын удирдлага, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, Хангайн бүсийн аймаг, сумуудын бүх шатны төрийн байгууллагын болон хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй хүн оролцож байгааг зохион байгуулагчид бахархан мэдээлж байна.
Ерөнхий сайдтайгаа нийлээд Засгийн газрын 23 сайд, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, холбогдох агентлагийн дарга, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн гээд 250 хүнийг угтах, үдэх, хүлээн авах, байрлуулах, хооллож ундлах болон хурал зохион байгуулахад нэг хоногт дор хаяж 250 сая төгрөгийн зардал орон нутгаас гарах тухай “Эрхээрээ хатсан” Засгийн газрыг орон нутагт тансаглуулах төсөв хаана байна вэ” нийтлэлээрээ бид саяхан хөндөн бичсэн билээ. Тэгвэл Архангайд цугласан зочид, төлөөлөгчдийн тоо даруй хоёр дахин нэмэгдэж. Өөрөөр хэлбэл, орон нутгаас гарах зардал ч хоёр дахин өсөж таарна. Дээрээс нь сайд, гишүүд, дарга нарын орон нутгийн томилолтын зардал, унаа машин, түлш, шатахууны төлбөр бүгд татвар төлөгчдийн халааснаас гардаг. Нисдэг тэргээр морилсон сайд нарын машинуудыг жолооч нар нь унаж очдог учраас мөн л давхар зардал гарна.
Дээрх 500 сая төгрөг бол энэ Засгийн газрын “Тархи угаалт”-ынх нь зардлыг тооцоолоогүй дүн шүү. Өчигдөр өглөөнөөс хойш л энэ хурлын тухай Засгийн газар, яамд, агентлагуудын албан ёсны логотой урт, богино дүрс бичлэг, постер цахим орчинд хөвөрлөө. Нэг минутын рийл бичлэг хийх зардал өнөөдөр хэдэн төгрөгийн үнэтэй байгаа билээ. “Херо” Баатарын стильтэй, мэргэжлийнхнээр “зодсон” сүржин шторк, рийлүүд бол нэг минутынх нь үнэ 5-8 сая төгрөг болсон. Бүсийн хуралдаануудыг орон нутагт зохион байгуулах бэлтгэл хангах Ажлын хэсгийг хүртэл нэгдүгээр сард байгуулж, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирлыг “тархидаж” татвар төлөгчдийн мөнгөөр сурталчилгааны олон арван контент үйлдвэрлэснээ өөд уруугүй цацаж байх юм. “Төсвийн мөнгө уйлдаггүй” гэж хэний зохиосон үлгэр вэ.
Удахгүй Хойд бүсийн зөвлөлийн хуралдааныг Булганд, араас нь Говийн бүсийнхийг тавдугаар сарын 12-нд Дорноговьд, Төвийн бүсийнхийг мөн сарын 26-нд Дархан-Уулд, Зүүн бүсийнхийг зургаадугаар сарын 9-нд Дорнодод, Баруун бүсийнхийг 23-нд нь Баян-Өлгий аймагт зохион байгуулаад, зургаадугаар сарын 30-нд Улаанбаатарын бүсийн хуралдааныг нийслэл хотод хийх тов гарсан. Хоёр цаг хуралдахын төлөө 400-1900 км зам туулж, зам дагуух аймаг, сумуудад ч хүндрэл чирэгдэл болж, очсон хойноо орон нутаг дахь төсвийн байгууллагууддаа дарамт учруулдгаа болимоор байна аа. Сум, багийн Иргэдийн нийтийн хурал хүртэл цахимаар хуралдаж болоод байхад “цахим шилжилт” гэж хамгийн их ярьдаг Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ орон нутгаар “тохь алдан” яваад байхаар өдийг хүртэл тэрбум тэрбумаар нь цацсан “Цахим Монгол” төсөл нь үр дүнгүй байсны нотолгоо ч юм шиг. Ингэхэд нисдэг тэрэгний цонхоор улс Монгол чинь, монголчуудын амьдрал ямар харагдаж байна вэ, сайд нар аа!
Л.Ганчимэг