Манай төр засаг ирээдүйд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийнхөө зөвхөн бэлтгэл ажлыг хангах зорилгоор олон арван хүний орон тоотой тусгай нэгж байгуулж, нам, улс төрийн “хаяа бараадагсад”-ыг дарга, захирагчийн албан тушаалд томилон эрх ямба эдлүүлж, төсвийн мөнгийг хайр найргүй урсгадаг жишиг тогтоогоод удаж байна. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслийг урагшлуулах нэрийдлээр өнгөрсөн хугацаанд хэчнээн захиргаа байгуулж, татан буулгасныг тоочиж барамгүй. Улаанбаатар хотод, ганцхан маршрутад хэрэгжүүлэх “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-д зориулж “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг 20 гаруй хүний бүтэцтэй байгуулж, 1.5 жилийн хугацаанд төсвийн хөрөнгөөр үйл ажиллагааг нь санхүүжүүлээд, татан буулгачихсан нь саяхных шүү дээ. Гэтэл өдгөө хот байгуулах нэрээр захирагч, менежерүүд томилж, илүү олон хүний бүрэлдэхүүнтэй “мөрөөдлийн баг” байгуулдаг жишиг нутагшууллаа. “Цаасан дээр амилуулсан” хотынхоо удирд¬лагуудыг ээлж дараалан сольж, бүтэц, орон тоог нь шинэчилж, өргөжүүлдэг л ажилтай болов.
Засгийн газар хамгийн сүүлд Шинэ Зуунмод, Майдар хот байгуулах “Хөшигийн хөн¬дийн бүтээн байгуулалт хариуцсан захиргаа”-г 2021 оны найм, “Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа”-г 2023 оны хоёрдугаар сард байгуулсан. Гэтэл өдгөө Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах захиргааг Захирагчийн ажлын алба хэмээх нэртэй бүр нүсэр, өргөн бүрэлдэхүүнтэй бүтцээр солихоор ажиллаж байна. Алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэгчээр байгуулаагүй, ажлыг нь ч эхлүүлээгүй мөрөөдөл төдий хотын төсөлд зориулж удирдлагын, ажлын албаны бүтэц томилж, төсвөөс 70 орчим хүнийг цалинжуулна гэдэг хэрээс хэтэрсэн тансаглал, муйхарал биш гэж үү. Үүнийг доор дэлгэрүүлье.
АНХНЫ ЗАХИРГААГ НЬ 30 ХҮНИЙ ОРОН ТООТОЙ БАЙГУУЛЖЭЭ
“Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа”-г анх 30 хүний орон тоотойгоор байгуулсан аж. 2024 оны эцсийн байдлаар эл захиргаанд 27 хүн ажиллаж байжээ. Тодруулбал, захиргааны дарга, ерөнхий менежер гэсэн хоёр албан тушаалтны удирдлагад захиргаа, санхүүгийн, хот төлөвлөлтийн, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэсэн гурван хэлтэс байгуулж, ийм тооны хүнийг хоёр жил гаруйн хугацаанд ажиллуулсан гэсэн үг. Энэ хугацаанд захиргааны даргаар хоёр хүн ажиллажээ. Анхны даргаар нь Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдоржийг томилсон бол энэ оны гуравдугаар сард Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Л.Халтарт түүний албыг шилжүүлсэн юм. Ийм захиргаа бий болгосон гол зорилго нь хот байгуулахад шаардлагатай төлөвлөлт, бүтээн байгуулалт, эрх зүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх ажлыг нэгдсэн зохион байгуулалт, менежментээр хангах хэмээн албаны хүмүүс тайлбар өгч байв. Гэвч тус захиргааны ажилтнууд энэ үүргээ биелүүлсэн үү, байгууллагынх нь өдөр тутмын үйл ажиллагааны урсгал зардал, цалин, хөлсөнд төсвөөс зарцуулсан мөнгөний хэмжээгээр төслийн ажлыг урагшлуулж чадсан уу гэдгийг үнэлж дүгнэвэл туйлын чамлалттай. Наанадаж гарт баригдаж, нүдэнд харагдах бодитой хийсэн зүйл алга. Магадгүй тэдэнд энэ асуултыг тавивал баахан бичиг цаас боловсруулж, судалгаа, үнэлгээ хийсэн гэж ам таглах байх. Гэхдээ “Хархорум хот”-ын хөгжлийн ерөнхий төлөв¬лөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, инженерийн дэд бүтцийн эх үүс¬вэр тодорхойлох ТЭЗҮ, авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах зэрэг хамаг л нарийн, чухал ажлуудыг төсвийн хөрөнгөөр (зөвхөн эдгээр дөрвөн ажлын санхүүжилт нь 3.3 тэрбум төгрөг), тендер зарлаж хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлсэн байх юм. Ерөнхий төлөвлөгөөнийх нь үзэл баримтлалыг боловсруулах ажлыг хүртэл олон улсын нээлттэй тендерээр гүйцэтгүүлэх нэрийн дор “гаднын хүмүүс”-ээр хийлгэхээр болчихсон шүү дээ. Тэгвэл бүтээн байгуулалтын асуудал хариуцсан гэх, төсвөөс цалинждаг 30 орчим хүн өнгөрсөн ху¬гацаанд чухам юу хийсэн юм бэ.
ЗӨВХӨН ЭНЭ ОНД 3.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ХУВААРИЛАВ
“Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа”-ныхан өнгөрсөн хугацаанд нэг л ажлыг маш сайн хийсэн нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулахад үнэтэй “хувь нэмэр” оруулсан явдал. Захиргааны дарга, ерөнхий менежер зэрэг удирдах түвшний албан тушаалтан болон мэргэжилтнүүдийг нэгбүрчлэн хэдэн төгрөгөөр цалинжуулсныг яг таг хэлэх боломжгүй. Гэхдээ багагүй мөнгө зарцуулсан нь тодорхой. Ажилтнуудын үндсэн цалин, урамшууллаас гадна байр ашиглалтын, эд хогшил, урсгал засварын, томилолтын, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний гээд манай төрийн байгууллагынхны байнга гаргадаг зардлуудыг тооцвол мөнгөн дүн талийх нь ойлгомжтой. “Шилэн данс”-ны мэдээлэлд дурдсанаар “Хархорум хот”-ын захиргаанд зөвхөн энэ онд 3.8 тэрбум төгрөг хуваарилжээ. Ажилтнуудын цалин, хөлс, нэмэлт урамшуулалд гэхэд 1.5 тэрбум, байр ашиглалтын зардалд 308.9, хангамж, бараа материалын нийлүүлэлтэд 373.3, томилолт, зочин угтахад 300, эд хогшилд 94.5 сая гэх зэргээр нүсэр төсөв “тавьжээ”. 3.8 тэрбум гэдэг ямар их мөнгө билээ. 1.5 сая төгрөгийн дундаж цалинтай хүн 63 сар буюу бүхэл бүтэн таван жилийн турш хөдөлмөрлөж байж олох мөнгөөр нэг байгууллага ганцхан жилд эд хогшил, урсгал засвар хийнэ гэдэг хэчнээн их тансаглал вэ. Энэ оны төсвөөр нь багцаа аван тооцоолоход уг захиргааг байгуулснаас хойших сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд 7-10 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байх “төсөөлөл” гарч байна. Багаар бодоход шүү. Тэгвэл цаашид энэ мөнгөний хэмжээ улам өсөх нь. Учир нь Засгийн газар “Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа”-г “Хархорум хотын Захирагчийн ажлын алба” болгож өргөтгөх шийдвэр гаргаад байна.
ТАТАН БУУЛГАХ НЭРЭЭР ОРОН ТОО, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ӨРГӨЖҮҮЛЖЭЭ
Засгийн газар өнгөрсөн сарын 19-ний өдрийн Бүтэц, орон тоо батлах тухай 136 дугаар тогтоолоороо ийнхүү шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, “Шинэ Хархорум” хот байгуулах захиргааг татан буулгаж, төсөв хөрөнгө, эрх, үүрэг, бүтэц, бүрэлдэхүүнийг нь “Хархорум хот”-ын Захирагчийн ажлын албанд шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Ингэхдээ орон тооны дээд хязгаарыг нь 68 байхаар тогтоосон. Удирдлагын бүтцэд нь захирагч, ерөнхий архитектор, ажлын албаны дарга, ерөнхий менежер гэсэн дөрвөн албан тушаалтныг багтаасан. Харин ажлын албыг нь Захиргаа удирдлагын, Хот төлөвлөлт, хөгжлийн бодлогын, Олон нийттэй харилцах гэсэн гурван газар, долоон хэлтэстэй байгуулахаар төлөвлөсөн юм билээ. Угтаа эл шийдвэр нь бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг татан буулгасан нэртэй ч нэрийг нь өөрчилж, бүтцийг нь өргөжүүлсэн төдий юм. Тус захиргаа өмнөх байрандаа, урьдын бүтцээрээ өнөөдөр ч үйл ажиллагаа явуулсан хэвээрээ. Орон тоог нь дээрх дээд хязгаарт нийцүүлж, өмнөхөөс нь хоёр дахин нэмэгдүүлэхээр холбогдох албаныхан ажиллаж байгаа гэх сураг чимээ гарлаа. Энэ нүсэр бүтцийг дагаад Хархорум хот байгуулахтай холбоотой төсөвт учруулах дарамтын хэмжээ ч үлэмж нэмэгдэх нь нэгэнт тодорхой болов. Орхоны хөндийд хэзээ хот сүндэрлэж, ийм олон хүнийг хэдий хүртэл татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулах юм бол доо. Төрийн албыг цомхон бүтэцтэй, өндөр бүтээмжтэй болгоно гэж лоозогнож буй Л.ОюунЭрдэнийн Засгийн газар хөшигний наана, цаана хэрхэн “хоёр нүүр” гаргаж байгааг энэ шийдвэр тод харуулж буй. Төрийн өмчит компаниудад бүтээмж, хяналтын менежерүүд толгой дараалан томилж, “цаасан дээрх” хотдоо Захирагчийн ажлын алба байгуулж, 70 орчим орон тоо бий болгосон нь тэдний эцсийн зорилго өөр гэдгийг харуулж байна. Төрийн албыг цомхотгох, чадавхжуулах талаар хам¬гийн их ярьдаг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Хар хорум хот”ын Захирагчийн ажлын алба байгуулах ажлыг хариуцаж байгаа гээд бод доо. Хоржоонтой байгаа биз. Засаг төрийн ажил олны өмнө болон нүднээс далд ийм л янзаар өрнөдөг аж. Энэ байдлаар Улаанбаатарт байгуулахаар төлөвлөсөн 14 дагуул хот тус бүрийг Захирагчийн ажлын албатай болгож, олон арван хүнийг албан тушаалд томилоод эхэлбэл гайхах зүйл алга.