Сурлагын хоцрогдол, үе тэнгийн дээрэлхэлт, өөрийгөө танин мэдэх, эцэг, эхтэйгээ ойлголцолгүй байх, багшдаа зэмлүүлэх, найз нөхдөдөө гадуурхагдах зэрэг олон асуудалтай сурагчид нүүр тулдаг. Энэ бүхэнд хэнд хандаж, ямар зөвлөгөө авахаа мэддэггүй. Сургуульд сурагчдын амьдрал буцалж буй. Өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг учраас ангид болсон бүх л үйл явдал сэтгэл зүй, хүмүүжилд нь ямар нэгэн байдлаар нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд хэд сурдгаасаа үл хамааран хичээлдээ явах дуртай байх нь л чухал гэдэг. Энэ хөшүүргийн нэг нь сэтгэл зүйч байж болох юм. Сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулснаар боловсролын чанар сайжирна гэж үздэг юм билээ. Өөрөөр хэлбэл, сургуулийн уур амьсгалыг эерэг болгож, сурагчдын тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл зүйчдийн үүрэг их. Нэг үгээр боловсролын салбар дахь “эмч” нь сэтгэл зүйчид.
Сэтгэл зүйчтэй ярилцах хэрэгцээ нэмэгджээ
Манай улс ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулаад дөрөв дэх жилтэйгээ золгож буй. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/222 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуульд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн сэтгэл зүйч ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. Өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын нийт 885 сургуулийн 471-т нь сэтгэл зүйч ажиллуулжээ. Энэ нь хоёр сургууль тутамд нэг сэтгэл зүйч ажилладаг гэсэн үг. Хэдийгээр жилээс жилд боловсролын сэтгэл зүйчийн тоо нэмэгдэж буй ч бүх сургуулийг хамарч чадаагүй. Салбарын сайд нь 2024-2025 оны хичээлийн жилд төрийн өмчийн бүх сургуулийг сэтгэл зүйчтэй болгоно хэмээсэн ч нөөц боломж тааруу байна. Мөн олон сурагчтай сургуульд нэг сэтгэл зүйч хүрэлцдэггүй тул хоёроос дээш хүн ажиллуулах шаардлага тулгараад буйг сургуулийн удирдлага, багш нар хэлсэн. Харамсалтай нь, улсын сургуулиудад ийм боломж хомс. Харин хувийн сургуулиудад 2-8 хүний бүрэлдэхүүнтэй сэтгэл зүйчийн баг ажиллаж байгаа жишээ цөөнгүй. Гэхдээ чамлахаар чанга атга гэгчээр сэтгэл зүйч ажиллуулах нь бүү хэл, энэ тухай ойлголтгүй байсан улсын сургуулиудад уг мэргэжилтний эрэлт нэмэгдэж, зөвлөгөө авах сурагч дараалал үүсгэх болжээ.
Сэтгэл зүйч ажиллуулснаар сургуулиудад ямар өөрчлөлт, үр дүн гарсан талаар улсын хэмжээнд хийсэн судалгаа алга. Харин сэтгэл зүйчид зөвлөгөө, мэдээллийг тасралтгүй өгсөөр буй аж. Тухайлбал, 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн сэтгэл зүйчид 370 мянган сурагч, 93 мянган эцэг, эх, асран хамгаалагч, 51 мянган багш, ажилтанд зөвлөгөө үйлчилгээ үзүүлжээ. Энэ талаар Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн П.Жаргалтуяа “Боловсролын сэтгэл зүйчид ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагч, багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн боловсрол олгох, мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж байна. Сурагчид сэтгэл зүйчтэй ярилцах, ганцаарчилсан зөвлөгөө авах хэрэгцээ, шаардлага нэмэгдсэн. Анх сэтгэл зүйчээс зөвлөгөө авна гэхээс ичдэг, санаа зовдог, сэтгэл зүйн өвчтэй хүн л ханддаг гэсэн ойлголт сурагчдын дунд байсан бол одоо ганцаарчилсан болон анги, бүлгээрээ хамтран суралцах, зөвлөгөө авах хүсэлтэй болжээ. Сэтгэл зүйн боловсрол олгохоос гадна сурагчдын өөрийгөө болон бусдыг ойлгох, үе тэнгийн дээрэлхэлт, өсвөр насны шилжилтийн үеийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголт, хорт зуршлаас сэргийлэх зэрэг нөлөөллийн ажил өрнүүлэх нь сэтгэл зүйчийн үүрэг юм. Манай газраас боловсролын сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтыг ес дэх удаагаа зохион байгуулсан. Одогооор 387 сэтгэл зүйчийг албан ёсоор ажиллуулж байна” гэв.
Мэргэжил сонгоход эергээр нөлөөлөв
Сүүлийн жилүүдэд сэтгэл судлалаар суралцагчдын тоо нэмэгдсэн аж. Тухайлбал, МУИС-д энэ чиглэлээр суралцах оюутны тоо хоёр дахин нэмэгдэж, МУБИС боловсролын сэтгэл зүйч бэлтгэдэг ангитай болжээ. Гэвч одоогоор “нийлүүлэлт” хангалтгүй хэвээр. АНУ-ын Сургуулийн сэтгэл зүйчдийн холбооноос нэг сэтгэл зүйчид 500-700 сурагч ногдохыг зөвлөдөг. ЮНЕСКО болон бусад байгууллага бага, дунд боловсролын түвшинд нэг сэтгэл зүйчид 300-1000 сурагч хуваарилах нь зүйтэй гэж үздэг байна. Харин манай улсад нэг сэтгэл зүйчид дунджаар 1700 гаруй сурагч ногдож буй. 2023 онд зохион байгуулсан боловсролын сэтгэл зүйчдийн үндэсний хэлэлцүүлгээр дунд ангийн сурагчдаас түүврийн аргаар авсан судалгааны үр дүнг танилцуулсан юм. Тодруулбал, гарааны судалгаагаар хүндрэлтэй асуудал тулгарах үед 10 сурагч тутмын дөрөв нь сайн найзтайгаа, гурав нь эцэг, эхтэйгээ, сургуулийн сэтгэл зүйч, ангийн багш, ах, эсвэл эгчтэйгээ ярилцдаг гэж тус бүр нэг хүүхэд хариулжээ. Харин барианы буюу илүү гүнзгийрүүлсэн судалгааны үр дүнд гурван сурагч тутмын нэг нь сургуулийн сэтгэл зүйчтэй ярилцана гэсэн байна. Түүнчлэн ахлах ангийн сурагчдад мэргэжил сонгох талаар мэдээлэл тааруу, цөөн мэргэжлийн хүрээнд сонголтоо хийж байсан бол барианы судалгаагаар өөр үр дүн гарсан гэнэ. Өөрөөр хэлбэл, ахлах ангийн сурагчдын сонгосон мэргэжлийн төрөл нэмэгдсэн нь боловсролын сэтгэл зүйчдийн тэдэнд үзүүлсэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох нөлөөллийн үйл ажиллагаа үр дүнтэй болсныг харуулсан хэмээн хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм. Сургуулиудад сэтгэл зүйчийн орон тоо бий болгосны ашиг тус боловсролын салбарт гарч эхэлсний нэг жишээ нь энэ. Цаашид сэтгэл зүйчийг тогтвортой ажиллуулснаар илүү үр дүнд хүрэх биз. Ингэхийн тулд ачааллыг нь тэнцвэржүүлэх, цалин урамшууллыг нь нэмэх, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжихэд төр засгаас анхаарах шаардлагатай байна. Сайн багшийг хувийн сургуулиуд урвуулдаг шиг мэргэшсэн сэтгэл зүйчийг ч өндөр цалингаар татах явдал цөөнгүй гэнэ.
“Хүүхдүүдэд тусламж заавал хэрэгтэй”
Монгол Улс олон улсад хэд хэдэн таагүй үзүүлэлтээрээ тэргүүлдэг. Хүн амд ногдох өвчлөл, нас баралт, амиа хорлолтын тоо өндөр. Тухайлбал, өсвөр үеийнхний дунд хорт, буруу зуршилд автах, гэмт хэрэгт холбогдох, үр зулбуулах, хүүхэд төрүүлэх, сэтгэл гутралд өртөх, цаашлаад амиа егүүтгэхийг завдсан тохиолдол анхаарах хэмжээнд хүрснийг цагдаагийн болон боловсролын байгууллагынхан сануулдаг. Үүнд анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх, гарц гаргалгааг нь мэргэжлийн түвшинд тайлбарлан ойлгуулах нь сэтгэл зүйчийн ажлын нэг хэсэг юм. Мэдээж ийм асуудлыг хүүхэд тэр бүр нээлттэй ярихгүй тул эцэг, эх, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид л соргог байхаас өөр аргагүй. Нөгөө талаас сурагчид сэтгэлээ уудлахыг хүсдэг ч сургуульд нь сэтгэл зүйч алга. Өөрөөр хэлбэл, хоёр сургуулийн нэгд сэтгэл зүйч байхгүй нь хангалтгүй үзүүлэлт юм.
Сурагчид чухам ямар асуудлаар сэтгэл зүйчээс зөвлөгөө авч буйг хэд хэдэн мэргэжилтнээс тодруулахад хүүхдүүд сэтгэл зүйчид итгэж хамаг нууцаа ярьдаг тул тодорхой жишээ хэлж болохгүйг тайлбарлалаа. Ихэнхдээ хүүхдүүд гэр бүлийн таагүй харилцаа буюу эцэг, эх нь салсан, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн талаараа хэлж, зөвлөгөө авдаг байна. Хүн бүрд хайрлагдах, ойлгогдох, хамгаалагдах хэрэгцээ байдаг учраас энэ нь хангагдаагүй үед хүүхэд сэтгэл зүйн хувьд цочмог, зан байдлын тухайд эрсдэлтэй үйлдэл гаргадаг гэдгийг нэгэн сэтгэл зүйч онцлон ярьсан. Насанд хүрэгчид сэтгэл зүйн таагүй байдлаа зохицуулахад тодорхой хэмжээнд суралцсан байдаг бол хүүхдүүд сэтгэл зүйн таагүй байдал, сөрөг мэдрэмжүүд, уур бухимдал, бүтэлгүйтэл зэргийг хэрхэн зохицуулах, өөртөө яаж зөв хандах талаар мэдлэггүй болохыг сэтгэл судлаач О.Гэрэл хэлсэн юм. Тиймээс энэ төрлийн тусламж, үйлчилгээг сургуулийн сэтгэл зүйчид үзүүлэх шаардлага үүсдэг байна. Сэтгэл эрүүл бол бие эрүүл гэдэг. Эрүүл, чийрэг ирээдүйг бүтээхэд сэтгэл зүйчийн үүрэг, оролцоо их болохыг тэрбээр онцолсон. Сэтгэл зүйчийг зорьж ирсэн хүүхдэд зөвлөхөөс гадна хаалганы цаана үлдсэн хүүхдүүдийн суралцах үйл явц, сургалтын арга зүйг судалж, олон нийтэд хандсан нөлөөллийн ажил өрнүүлэх нь чухал гэдгийг ч хэлэв. Олон улсад сэтгэл зүйчдийн судалгаанд суурилан боловсролын бодлогоо хэрэгжүүлдэг жишээ цөөнгүй. Тухайлбал, АНУ-д боловсролын сэтгэл зүй бие даасан шинжлэх ухаан болтлоо хөгжиж, мэргэжлийн байгууллагууд нь салбартаа ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Түүнчлэн Финланд, Британи, Канад, Австрали зэрэг улс боловсролын сэтгэл зүйг хамгийн сайн хөгжүүлсэн бөгөөд сургуулийн орчинд сэтгэл зүйн дэмжлэх үзүүлэх системийг нэвтрүүлж, судалгаанд суурилсан аргачлал хэрэглэдгээрээ онцлогтой. Манай улс одоогоор боловсролын сэтгэл зүйчдийг дөнгөж мэргэшүүлж буй. Сэтгэл зүйчдийн судалгаанд суурилан боловсролын чанарыг сайжруулах цаг хараахан болоогүй байна.