Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн иргэн, нөхөрлөл, төрийн бус байгууллагад 150 мянган төгрөгийн урамшуулал олгоно”, “Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогын 15 хувийг тухайн зөрчлийг илрүүлсэн улсын байцаагч, байгаль хамгаалагчид олгоно” гэж тусгасан байдаг. Үүний дагуу урамшуулал олгох журмыг холбогдох салбарын сайд нар хамтран баталсан ч санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, хууль, эрх зүйн зохицуулалтын зөрүүтэй зэрэг шалтгааны улмаас хэрэгжүүлж чаддаггүй байж. Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас эл заалтыг хэрэгжүүлж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан иргэд, олон нийтээс санал авч байгаа аж.
Тус яам байгаль орчны холбогдолтой гомдол, мэдээлэл хүлээн авах 117 тусгай дугаарын утсыг саяхнаас ажиллуулж эхэлсэн. Цаашид иргэдийн гомдол, мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авах, тэднийг урамшуулах хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарч буй гэнэ.
Н.Ган