Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг хүлээн авагч орны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ ХБНГУ-ын Бонн хот дахь НҮБ-ын төв байранд өнгөрсөн баасан гарагт боллоо. Ингэснээр манай улс ирэх онд талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах эрхээ баталгаажуулав.
Монгол Улс эл хурлыг зохион байгуулах хүсэлтээ 2022 онд илэрхийлж, 2026 оныг “Бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох санаачилгаа НҮБ-ын түвшинд дэмжүүлсэн билээ. Тэгвэл ирэх жилийн хурлаар уг санаачилгаа албан ёсоор батлуулж, “Ирээдүйн төлөөх бэлчээрийн олон улсын эвсэл” байгуулахаар төлөвлөжээ. Талуудын бага хурлыг зохион байгуулснаар нөхөн сэргээлт, ган гачигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, газар ашиглалтын менежментийг сайжруулах, бэлчээр нутгийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж буй ажлуудыг дэлхий нийтэд тайлагнах, танилцуулах боломж бүрдэх гэнэ. Харин үр нөлөө талаасаа гэвэл газрын тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийн ажилд улс орнуудын Засгийн газар, шинжлэх ухааны байгууллагууд, бизнес эрхлэгчид, нутгийн уугуул иргэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээв. Уг хэлэлцээрт манай улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа гарын үсэг зуржээ.
Ж.Сувд