Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас доош хугацаанд зорчвол 1000, хоёр хоногоос дээш хугацаанд зорчвол 5000 төгрөгийн хураамж төлөх нийслэлийн ИТХ-ын тогтоолыг өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж буй. Эдгээр хураамжийн мэдээлэл нь иргэнд шууд бусаар буюу нэхэмжлэх хэлбэрээр очдог. Уг тогтоолыг хэрэгжүүлснээс хойш орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн хотоос гарах хөдөлгөөн нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сард орон нутгийн дугаартай 114 612 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу нэвтэрсэн бол 57 132 автомашин нийслэлээс гарсан байна. Аравдугаар сард орон нутгийн дугаартай 101 996 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орж, 113 470 машин гарчээ. Арваннэгдүгээр сард орон нутгийн дугаартай 121 630 тээврийн хэрэгсэл нийслэлд нэвтэрсэн бол 130 870 автомашин гарсан аж. Харин арванхоёрдугаар сард энэ тоо нэмэгдэж, 133 002 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 149 509 автомашин гарчээ. Түүнчлэн энэ оны нэгдүгээр сард 135 640 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод ирж, 144 310 автомашин гарсан аж. Мөн энэ сард орон нутгийн дугаартай 58 993 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу нэвтэрч, 71 310 тээврийн хэрэгсэл буцжээ. Сүүлийн зургаан сарын байдлаар 318 352 тээврийн хэрэгсэл орох, 19 979 автомашин гарах нэхэмжлэл төлөөгүй байна.
Ч.Болор