Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор олны хөл хөдөлгөөн нэмэгдэж, тэр хэрээр замын ачаалал ихэссэн тул маргаашаас энэ сарын 27 хүртэл автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийхээр болсноо холбогдох албаныхан өчигдөр мэдээлэв. Хойноос урагш чиглэлд 32-ын тойргоос Маршалын гүүр, баруунаас зүүн тийш Таван шараас Офицеруудын ордны уулзвар хүртэл 08.00-20.00 цагт тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг мөрдөх нь. Автомашины улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн бол энэ сарын 22, 24, 26-нд замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Тэгш тоогоор төгссөн бол энэ сарын 23, 25, 27-нд хөдөлгөөнд оролцож болох нь. Нийслэлийн ЗДТГ-аас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийхтэй холбоотойгоор иргэдээс цахимаар санал асуулга авсан. Үүнд 3013 хүн оролцсоноос 50.04 хувь нь сар шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцохыг дэмжсэний дагуу дээрх шийдвэрийг гаргажээ.
Өнгөрсөн долоо хоногоос эхлээд “Нарантуул”, “Хархорин”, “Барс-2”, “Сандэй плаза”, “Сандэй-2” зэрэг томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн замын ачаалал эрс нэмэгдээд буй гэнэ. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу үүний талаар “Оргил ачааллын үе буюу 17.00 цагаас эхлээд авто замуудад түгжрэл үүсэж, автомашины хурд долоон км/цагт хүрдэг байсан. Харин одоо оргил ачааллын хугацаа уртсан, 13.00 цагаас эхэлж байна. Түүнчлэн хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын дундаж хурд таван км/цаг болчхоод байгаа. Тиймээс иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс дугаарын хязгаарлалт хийхээр боллоо” гэв.
Ташрамд дурдахад, үүнээс өмнө 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас дараа жилийнх нь нэгдүгээр сарын 31 хүртэл нийт 46 хоног тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийж байв. Тухайн үед хүйтний эрч эрс чангарсан, бас өдөр бүр шахам цас нэмэгдэн орж байснаас халтиргаа гулгаа, замын түгжрэл дийлдэхээ больсон юм. Мөн шатахуун хомсодсоны улмаас түгээх станцуудын дараалал хэдэн өдөр дамнан үргэлжилж байсан билээ. Энэ мэт “эмзэг” асуудлуудыг аль болох удаан үргэлжлүүлэхгүй, улмаар сонгууль болтол нэр цэвэр үлдэхийн тулд эрх баригчид иргэдийн зорчих эрхэд ийнхүү халдаж байв. 46 хоногийн “хорио” нэлээд шүүмжлэл дагуулсан тул хотын удирдлагууд түүнээс хойш тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх шийдвэр гаргаагүй байсан юм.
Ч.Зул