Архангай аймгийн Хайрхан сумын нутагт бага насны хүүхэд мориноос унаж, нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 19-нд гарчээ. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Хурдан морины уяачийн туслах малчны 12 настай хүүхэд ажил хийж байгаад мориноос унаж, нас барсан юм байна. Хурдан морины уралдааны бэлтгэлийг хүйтний улиралд ч бас хийдэг. Уралдах морьдыг хөлслөх зэрэг ажилд хүүхэд оролцох нь бий. Үүнээс үүдэлтэйгээр тухайн хүүхэд амиа алдсан байж болзошгүй байгаа юм. Цагдаа, хүүхэд хамгааллын багийнхан тус хэргийг шалгаж байна” гэж өчигдөр мэдэгдэв.
Мөн тэрбээр комиссын гишүүдийн шаардлага, зөвлөмжийн дагуу эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан асуудлаар мэдээлэл хийхдээ “2020 оноос хойш ХЭҮК-оос 380 шаардлага, зөвлөмжийг холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн. Өнгөрсөн онд гэхэд хүний эрхийн зөрчлийг арилгахтай холбоотой 66 шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулж ажилласан. ХЭҮК-т ирүүлдэг нийт санал гомдлын ихэнх нь ажлын байрны дарамт, хүүхдийн эрх зөрчигдсөн асуудал байдаг. Зөрчлийг шийдүүлсэн ганц жишээ дурдъя. Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн 2022 оны 39 дүгээр тогтоолын дагуу шүүхийн шийдвэрийг цахимд байршуулдаг болсон. Зарим мэдээлэл нууцын зэрэгтэй ч бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхэдтэй холбоотой шүүхийн шийдвэрийг цахим санд оруулахдаа хувь хүний нууц, эмзэг мэдээллийг нь хамгаалж, нийтэд хүргэдэг. Гэвч нэгэн төрийн бус байгууллагаас ХЭҮК-т гомдол ирүүлсэн. “2024 онд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдэгдсэн хэргийн материалыг мэдээллийн санд байршуулахдаа зохих журмыг зөрчжээ. Үүнээс үүдэлтэйгээр тухайн хохирогчид дахин эрсдэл учрах нь. Цаашлаад сэтгэл зүйн зовуурь нь сэдрэх, хохирогч болох эрсдэлтэй байна” гэсэн. Энэ нь ч холбогдох шалгалтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, шүүхийн цахим санд тухайн мэдээллийг оруулахдаа хохирогч иргэнийг хэн болохыг нь мэдэгдэхүйцээр байршуулсан учраас манайхаас ШЕЗ-д албан тоот бүхий шаардлага хүргүүлж, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. ШЕЗ-ийнхөн энэ талаар хариу ирүүлэхдээ “Цахим санд оруулсан нийт мэдээллийн 39 хувь нь буюу 100 мянга орчим шүүхийн шийдвэрийг холбогдох журмын дагуу байршуулсан. Харин уг кэйсийг ил болгосон албан тушаалтанд хариуцлага тооцсон” гэж мэдэгдсэн. Мөн ШШГЕГ-ын харьяа нэр бүхий хорих байгууллагуудад ял эдэлж буй хүмүүсийг прокурорын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлүүлсэн байсан. Иймд ХЭҮК-оос тухайн ангийн захирагчид шаардлага хүргүүлж, хариуцлага тооцуулсан” хэмээв.
О.Ундрах