Манай улс өвлийн аялал жуулчлалын нэрийн хуудас болсон “Хөх сувд-2025” мөсний баяраа 24 дэх жилдээ тэмдэглэж байна. Үзэсгэлэнт байгаль, онгон дагшин уул нурууд, өндөр хөх сарьдгууд, цэнгэг усаараа гайхагдсан далай ээжийн мөсний баярыг энэ сарын 13-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд Хайчийн аманд эхлүүлсэн юм. 24 жилийн хугацаанд ганцхан удаа завсарласан энэхүү мөсний баярыг зорин очих аялагчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр буй. Тодруулбал, өнгөрсөн жил “Хөх сувд-2025”-д гадаад, дотоодын 50 мянга орчим жуулчин иржээ. Харин өнөө жилийн баярын эхний гурав хоногт 15 мянга орчим жуулчин зорин очсоныг тус аймгийн ЗДТГ-ынхан онцолсон юм. Нутгийн иргэд, дотоодын аялагчдаас гадна БНСУ, Япон, ОХУ, АНУ, БНХАУ, Австрали, Вьетнам, Польш, Канад зэрэг орноос жуулчид олноор зорин очжээ.
Нэг дор хэт олон хүн цуглуулахгүйн тулд 10 хоног зохион байгуулахаар болжээ
Мөсний баярыг санаачлагчдын нэг, биологийн ухааны доктор Ж.Оюунмаа “Эл баярыг 1999 онд анх миний нөхөр Д.Лхагвацогт Жиглэгийн орчмыг хариуцсан байгаль хамгаалагч байхдаа санаачилж, тусгай хамгаалалттай газар ажиллаж байсан мэргэжилтнүүд, дарга Ж.Төмөрсүх бүгд дэмжиж зохион байгуулсан түүхтэй. Анх Хатгалаас 80 км-ийн зайд хийж байлаа. Байгаль хамгаалагчид болон иргэдийн дунд “дайн” үүссэн үе. Тиймээс нутгийнхан нэгдэж байгалиа хамгаалъя, уламжлалт далайн тээвэр морин чаргаа сэргээе гэж Хөвсгөл далайн баруун эргийн нутгийн иргэдтэй хамтран зохион байгуулж байсан юм. Мөсөн дээрх олс таталт, гар урлал гээд олон үзүүлбэртэй. Дараа жилээс нь “Хангарьд” жуулчны бааз зохион байгуулсан. Мөсний баяраар бохирдол ихээр үүсдэг учраас олон хүн эсэргүүцдэг. Иймд үүнээс сэргийлэх зорилгоор өнөө жил нэг дор олон хүн цуглуулж, даац хэтрүүлэхгүй, тараан хуваарилах, нутгийн иргэдэд орлого олоход нь дөхөмтэй байх зэргийг тооцож 10 хоног зохион байгуулж байна. Хөвсгөл нуурыг хөх сувд гэсний учир нь мөсний өнгөтэй холбоотой. Хөвсгөл бол дэлхийн хамгийн цэнгэг устай нуур. Дэлхийн хаана ч байхгүй гайхамшигтай нуур энд бий. Өвөл болохоор нуурын мөс гүн цэнхэр өнгөтэй болдог. Тиймээс Хөвсгөл нуурын сайхныг, мөсний тунгалгийг харсан хүмүүс шил, толь шиг тунгалаг юм хэмээн дуу алддаг. Гадаадынхан үүнийг л үзэх гэж зорьж ирдэг” гэсэн юм.
Нээлтийн үеэр тус аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх мөсний баярын үйл ажиллагааг Хөвсгөл аймгийн “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” уриалгатай уялдуулан зохион байгуулж буйг онцолсон. Мөн тэрбээр “25 жилийн тэртээ 10 гаруй чаргатай морь уралдуулж эхлүүлсэн энэхүү үйл ажиллагаа хэдийн 50 мянган хүн зорин ирдэг, дэлхийн 15-17 орны жуулчид тогтмол оролцдог олон улсын арга хэмжээ болон өргөжжээ. Статистик мэдээллээр 2024 онд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид хоёр тэрбум гаруй төвлөрүүлсний багагүй хувийг эл үйл ажиллагаанаас олж, эдийн засгийн үр ашгийг нь иргэд хүртсэн. Цаашид төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх, эвент арга хэмжээг нэмэгдүүлэх, Хөвсгөл нуурыг хамгаалах, стандарттай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно” хэмээсэн.
Тус аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Базардамбуу “Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар мөсөн фестиваль зохион байгуулах комисс байгуулсан. Аймгийн ЗДТГ, төрийн бусад байгууллага хамтран мөсөн урлан байгууллаа. Ингэхдээ Монголын газрын зургаар дүрсэлж, гэрэлтүүлгээр хүрээлж улсын хил хязгаар шиг харагдуулахаар хичээсэн. Баярын 10 хоногт оролцогчдоо уйдаахгүй, шинэлэг байлгахад ихээхэн анхаарч, өдөр бүр сонин содон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөлөө” гэв.
Нар бүлээнээр ээж, зөөлөн салхи сэвэлзсэн өдрүүдэд Хөвсгөл нуурыг зорин очсон аялагчдын олонх нь нүд гялбуулам цагаан цас, тунгалаг мөсөн дээр цаа унаж, сарлагтай зургаа авхуулах аж. Аялагчид мөсөн урлалын тэмцээн болон тахтай морин чарганы уралдаан үзсэн бөгөөд олонх нь сэтгэл хангалуун байлаа. Далай ээжийн тунгалаг мөсөөр хийсэн сийлбэрүүд тус наадмын чимэг болж, зорин очигсод нүдээ баясгаж, зургаа татуулдаг уламжлал хэдийн тогтжээ. “Монголын гайхамшиг” мөсөн урлалын тэмцээнд 10 гаруй уран бүтээлч өрсөлдсөнөөс Д.Цэрэнбатын бүтээл шилдгээр шалгарч, тэргүүн байрын шагнал хүртэв. Тэрбээр “Би энэхүү баярт дөрөв дэх жилдээ оролцож буй. Ингэхдээ тэргүүн байрын шагнал гурван удаа хүртсэн. Энэ удаад “Монголын бахархал” бүтээлээрээ оролцлоо. Хүн төрлийг олох нь зүүний үзүүр дээр будаа тогтохтой адил ховор хувь заяа гэж монголчууд ярьдаг. Энэ утгаараа бүтээлийнхээ гол цөм хэсгийг эрхий хурууны хээгээр төсөөлүүлэн хийлээ. Харин голд нь дэлгэсэн тэрлэг шиг эх орныхоо газрын зургийг сийлж, дотор нь дөнгөж бүрэлдэж буй ургийг дүрсэллээ” хэмээв. Д.Цэрэнбат нь зөвхөн “Хөх сувд-2025” бус, олон улсын чансаа өндөр олон тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, тэргүүн, дэд байрын шагнал хүртсэн уран бүтээлч юм.
Түүний бүтээлийг гайхан биширсэн иргэд урд нь зургаа авхуулахаар дугаарлан зогсоно. Түүнчлэн Д.Цэрэнбатаар ахлуулсан багийнхан мөсөн өргөө, баримал, таваг гээд л мөсөөр хийж болох бүхнийг урласан нь өнөө жилийн баярын нэгэн онцлог байсантай маргах хүн үгүй биз. Тэдний урласан мөсөн тавган дээр Улаан тайгын брэнд бүтээгдэхүүнүүдийг байрлуулж, дэргэдүүр өнгөрөх олныг дайлж байлаа. “Мөсөн тавгаас тайгын жимс амтлах нь тансаглал” хэмээн аялагчид олзуурхах аж. Ийнхүү “Монголын гайхамшиг” мөсөн урлалын болон тэшүүрийн тэмцээн, тахтай морин чарганы уралдаан, Хөвсгөл нутгийн олон угсаатны урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгууллаа. Уг тоглолтод Хөвсгөл аймгийн өнцөг булан бүрээс халх, дархад, хотгойд, урианхай угсаатныг төлөөлсөн 50 гаруй ардын авьяастан иржээ.
Мөсөн өргөөний дотор “Бамбуу” явуулын рестораныхан хэдийн төвхнөжээ. Жуулчдад халуун кофе, пицца зэргээр үйлчилнэ. Ингэхдээ хамгийн богино хугацаанд амт, чанар сайтай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдийн гарт хүргэх зорилготой гэнэ. Тухайлбал, тэд нэг минут 30 секундэд болдог пицца, халуун чацаргана зэргээр үйлчилж байлаа. Харин нар бууж, үдэш болоход мөсөн хотхоныг тойруулж байгуулсан Монгол орны газрын зураг өнгө өнгөөр гэрэлтэх нь сонирхолтой.
Онгон дагшин байгалиа хамгаалах баяр
“Хөх сувд” мөсний баярыг санаачлагчдын нэг Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга, Байгаль орчны гавьяат ажилтан Ж.Төмөрсүх 2000 онд анх зохион байгуулахдаа Хөвсгөл нуурыг хамгаалах, олон нийтэд сурталчлах, нутгийн иргэдийн уламжлалт ахуй амьдралыг сэргээн хөгжүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго тавьжээ. Анх зургаан морин чарганы уралдаанаар эхэлсэн уг арга хэмжээ өдгөө 200 морь чарга, 25 тахтай морин чарганы уралдаан болж өргөжсөн байна.
Эл өдрүүдэд Хөвсгөл нуурыг тойрон морин чарга, морь, тэмээ, сарлаг, цаа унуулж байв. Ойролцоогоор 500 метр буюу нуурын зүүн эргээс “Сүхбаатар” хөлөг онгоц хүртэл унахад 10-15 мянган төгрөг. Харин дэргэд нь зогсож зураг даруулахад таван мянган төгрөг юм байна. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлж буй 20 орчим хүн байснаас хамгийн залуу нь тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын сургуулийн зургаадугаар ангийн сурагч Г.Сайханбаяр. Тэрбээр “Олон хүн унаж үзэх учраас хамгийн номхон хоёр морио сонгосон. Би гурван настайдаа морь унаж сурсан. Мөсний баярын эхний гурван өдөрт 300 орчим мянган төгрөг олсон. Би эл баярт хоёр дахь жилдээ оролцож буй. Өнөө жилийн тухайд 10 хоног зохион байгуулж буй учраас ачаалал харьцангуй бага байна. Өмнө нь хоёр хоног болоход морин чарганд суух хүний урт дараалал үүсдэг байсан” гэлээ.
Тус баярт оролцогчдын олонх нь үндэсний хувцсаараа гоёсон бөгөөд тэдний дундаас Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэн Д.Хангарьд илт ялгарах аж. Үндэсний дээл хувцсаа бүрэн өмсчихсөн тэрбээр төв тайзан дээр магтаал уншиж, ерөөл хайрлах аж. Аав нь гарын ур дүйтэй нэгэн учир хүүгийнхээ төдийгүй гэр бүлийнхнийхээ хувцсыг өөрөө хийдэг гэнэ. Д.Хангарьд ааваасаа сурсан магтаалаараа өнөөгийн жилийн “Хөх сувд 2025” мөсний баярыг өнгөлсөн нь энэ. Тэрбээр “Таван хошуу малын магтаалыг гурав хоногт сурсан. Уг нь аавтайгаа хамт энэ тоглолтод оролцох байсан ч амжихааргүй болсон юм. Тэгээд л миний хүү очиж магтаалаа уншаад ир гээд шинэ дээл, хантааз хийж өгсөн. Аавынхаа урласан дээлээр гоёж, нутгийнхаа тайзан дээр магтаал унших үнэхээр омогшим байлаа” хэмээв.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын цаатан Н.Ганбат “Хөх сувд”-д оролцохоор зүүн тайгаас Жанхайн цагаан эрэг хүртэл 200 гаруй км зам туулж иржээ. Тэрбээр “Шар, хар, цагаан 10 гаруй задь цаатай ирсэн. Манайх ам бүл долуулаа. Таван хүүхдээс хоёр нь цаа малладаг. Өвөл цаагаа уналга, эдэлгээнд ашиглана. Харин зун 30-40 мянд цаагаа саана. Нэг цаанаас 200 грамм гэхээр нэг удаад зургаан литр орчим сүү саадаг юм. Өдөр, орой гээд гурван удаа саана. Мөн зуны цагт гар урлал хийж борлуулдаг. Ингэхдээ цааны эврэн түлхүүрийн оосор, хүзүүний зүүлт гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн хийнэ. 20-200 мянган төгрөгөөр борлуулж байгаа. Гэхдээ монголчууд бус, жуулчид л голчлон худалдан авдаг” гэлээ.
Бараа, бүтээгдэхүүнээ жуулчдад өндөр үнээр “шахав”
Уг баярын үргэлжлэх хугацааг 10 хоног болгон уртасгасан нь нэг талаас мөсний даац хэтрэх, хэт төвлөрөл үүсэх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн. Гэвч нөгөө талаас хэт урт хугацаанд зохион байгуулах нь худалдаа эрхэлж, үйлчилгээ үзүүлж буй хүмүүст хүндрэлтэй байгааг иргэд хэлсэн юм. Хөвсгөл нуурын хөвөөгөөр худалдаа эрхлэх зориулалттай хэсэг гаргажээ. Тэнд Монголын өнцөг булан бүрээс ирсэн 30 орчим худалдаа эрхлэгч байв. Бүгд л нутгийнхаа онцлогийг шингээсэн бүтээгдэхүүн борлуулах аж. Тухайлбал, хөвсгөлчүүд “сармай дээлт” чихэр, утсан загас, дун, цааны эврэн бүтээгдэхүүн борлуулна. Харин Дорноговиос ирсэн худалдаачид энергийн зүүлт, бугуйвч, модон хэрэглэл зарах бол Архангайнхан ааруул, өрөм худалдах аж.
Уг нь аялал жуулчлалыг дэмжиж, Монгол орноо сурталчлах зорилготой баяр. Гэтэл тэнд урд хөршөөс авчирсан эрээн алаг ороолт, малгай, шилэн хөөрөг өргөнөөр худалдах аж. Тэгэхдээ бүр жуулчдад хэт өндөр үнээр “шахаж” буй нь анхаарал татав. Жишээлбэл, онлайн худалдааны сайтад 20 юань гэх шилэн хөөргийг 80 мянган төгрөгөөр борлуулж байлаа. Бараа, бүтээгдэхүүнийг ингэж хэд нугалан зарж буйд иргэд унтууцаж байсан юм.
Өнөө жил иргэд автомашинаа нуурын мөсөн дээр бус, эрэг дагуулан байршуулахаар шийдсэнийг олзуурхууштай. Харамсалтай нь, хэт амарчлах, тайз руу дөхөх зорилгоор автомашинаа зориулалтын хэсэгт бус, мөсөн дээр тавих тохиолдол цөөнгүй гарсан. Ингэж мөсөн дээр машинаа байршуулах нь иргэдэд тээртэйгээс гадна Хөвсгөл нуурын усыг бохирдуулах эрсдэлтэй. Учир нь автомашины утаа нь хар тугалга, хөө тортог, бензин, азотын давхар исэл зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис ялгаруулдаг гэсэн судалгаа бий. Мөн нуурын эрэг орчмоор мал, амьтнаа байршуулж, худалдаа наймаа эрхлэх хэсэг тохижуулсан нь сайшаалтай ч үзэгч олон тайз руу морь, цаатайгаа явах, амьтдаа шээлгэх нь нийтлэг байв. Зөвхөн баярлаж наадах бус, Хөвсгөл нуурыг хайрлан хамгаалж, үеийн үед өвлүүлэн үлдээх нь “Хөх сувд” мөсний баярын гол зорилго билээ.
Мөсний баярын өдрүүдэд цаг агаар дулаан байсан учраас нуурын зарим хэсэгт цагаан хил гарснаар Хүслийн хаданд хийхээр төлөвлөсөн нээлтийн ёслолыг цуцалсан. Иймд аймгийн Онцгой байдлын газрынхан болон Тээврийн цагдаагийн албаныхан туг хатгасан бүсээс гарч, зав товчлох, цаг хожих нэрээр мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа. Тодруулбал, эхний тав хоногт 1800 орчим тээврийн хэрэгсэл 15 мянга орчим иргэний бөөгнөрөл үүссэн бөгөөд зам, тээврийн хоёр осол бүртгэгджээ. Хэдийгээр өвлийн дугуйтай ч мөс барьцалдах чадвар муутай учраас хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг аймгийн Онцгой байдлын газрынхан сэрэмжлүүлж байв.
У.Цэцэг