Ахуйн хүрээнд гал түймэр гарах тохиолдол буурахгүй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр мэдээлэв. Сүүлийн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд ахуйн хүрээний гал түймэр 15 298 удаа гарчээ. Үүний улмаас 247 иргэн түлэгдэж, 310 хүн амиа алдсан бөгөөд 1200 орчим гэр, байшин шатсан байна. Нийт гал түймрийн 60 гаруй хувь нь орон нутаг, үлдсэн хувь нь нийслэлд гарсан аж. Тэр дундаа гэр хорооллын айлууд галд өртөх нь түгээмэл байгааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр анхааруулав.
Гал түймрийн шалтгаан нөхцөлийг судлахад ихэнх буюу 53 хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй байдалтай холбоотой байжээ. Түүнчлэн 36 хувь нь цахилгааны асуудлаас үүджээ. Тодруулбал, цахилгааны хэт ачаалал үүсгэх, гэмтэлтэй техник, хэрэгсэл ашиглах зэргээс шалтгаалсан нь түгээмэл гэнэ. Иймд иргэд анхаарал болгоомжтой байж галаас урьдчилан сэргийлэхийг онцгой байдлыг байгууллагынхан зөвлөв.
Ташрамд дурдахад, манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-60 см бага байгаа аж. Ялангуяа Сэлэнгэ мөрний эхээр, Эг голын нийт уртын дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан байна. Мөн нууруудын толио болон голуудын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, даац нь хүн, мал, машин явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа гэнэ. Тиймээс цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг цаг уурын байгууллагаас анхааруулжээ.
Ч.Зул