Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдоод буй Яап ван Хиердэнтэй ажил, амьдралынх нь замнал болон одоо эрхэлж буй алба, чиг үүрэг, Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжил, аж байдлын талаар ярилцсанаа уншигчдадаа хүргэе. Тэрбээр одоогийн албан тушаалдаа томилогдсоноос хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн нь энэ юм.
-Та одоогийн албан тушаалдаа томилогдоод сар гаруй болж байна. Яап ван Хиердэн гэж хэн бэ гэдэг асуултаар ярилцлагаа эхлүүлье. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Нидерланд хэмээх Европын жижигхэн улсад 1960-аад оны үед төрж, 1970-1980-аад оны үед өсөж хүмүүжсэн. Тухайн үед залуус ирээдүйн сайн сайханд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй байлаа. Би ч энэ жишгээр их сургуулиасаа эхлэн олон улсын түвшинд ажиллахаар хувийн карьераа төлөвлөсөн.
НҮБ-д ажиллахын төлөө багагүй хүчин чармайлт гаргасан. Амар байгаагүй. Тухайн үед НҮБ-аас зарласан залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөрт хамрагдаж, 26 настайдаа Сьерра-Леон улсад ажиллах анхны томилолтоо авч байлаа. Энэ нь ажил мэргэжлийн түвшинд төдийгүй хувь хүн талаас надад үнэтэй туршлага болсон, дэлхийн хэмжээнд ажиллах замыг нээж өгсөн.
НҮБ маш олон үнэт зүйлийг шингээсэн байгууллага. Дэлхийн түүхэн дэх томоохон хоёр дайны дараа байгуулагдсан учраас үндсэн үзэл санаа нь дайн самуун дахиж гаргахгүй байх, илүү амар амгалан, энх тайван ертөнцийг цогцлоох, гэрэлт ирээдүйг бий болгох, хүний эрхийн суурь зарчмуудыг хангахад чиглэдэг. Энэ бүхэн надад маш сайхан, үнэ цэнтэй санагдсан. Үнэт зүйлс нь миний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлтэй нийцэж байсан учраас НҮБ-д ажиллах шийдвэр гаргасан юм. Монгол Улсад ажиллах таатай завшаан тохиосонд миний бие маш их сэтгэл ханамжтай байгаа. Өөрийн зүгээс бүх хүчээ дайчлан ажиллах болно. Гэр бүлийнхэн маань ч Монгол орныг илүү сайн таньж мэдэхийг хүсэж байгаа.
-Та Монголд Суурин зохицуулагчаар томилогдохоосоо өмнө хаана, ямар албан тушаал хашиж байсан бэ?
-Би маш залуудаа НҮБ дэх ажлын гараагаа баруун Африкаас эхлүүлж байлаа. Дараа нь Бангкок, Куала-Лумпурт бүс нутгийн хөгжлийн үйл ажиллагаа хариуцан ажилласан. Тухайн үедээ Хятад, Пакистан зэрэг орныг ч мөн давхар хариуцдаг байсан. Үүний дараа Нью-Йорк дахь НҮБ-ын төв оффист найман жил ажиллаж, дэлхийг хамарсан үйл ажиллагаанд түлхүү оролцдог байлаа. Дараа нь Нью-Йоркоос Копенхаген дахь НҮБ-ын Төслийн үйлчилгээний албыг чадавхжуулах, бэхжүүлэх чиглэлээр ажилласан. Удалгүй дахин Азийн бүс нутагт, Камбож, Филиппин улсад томилогдон ажилласан юм. Ийнхүү 25 жил ажилласныхаа дараа НҮБ-ын ажлаа хүлээлгэн өгөөд, гэр бүлтэйгээ нутаг буцсан. Гэвч би удалгүй Нидерландын ТББ-ын Афганистан дахь тэргүүнээр томилогдсон. Энэ удаа би гэрийнхнийгээ нутагтаа үлдээж, Афганистанд гурван жил ажилласан. Кабул хот талибуудад дахин эзлэгдэхээс хоёр хоногийн өмнө тэндээс буцсан.
Гэхдээ би тэр үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас Номхон далайн хойд арлууд буюу Холбооны Микронез Улсын Понпей арал дээр Микронезээс гадна Палау, Маршалын арлууд, Науру, Кирибати зэрэг хэд хэдэн орныг давхар хариуцах бүсийн төвийн анхны Суурин зохицуулагчаар ажиллах томилолт хэдийн авсан байсан нь нэр төрийн хэрэг байв. Энэ бол маш ховор завшаан, гайхалтай дурсамж юм.
Монгол орон миний сэтгэлийг ихэд татдаг байсан. Үзэсгэлэнт байгальтай, нүүдлийн соёл уламжлалтай, эрс тэс уур амьсгал бүхий жилийн дөрвөн улиралтай, маш онцгой энэ улсад би ирэхийг хүсдэг байлаа. Энд томилогдохоосоо өмнө НҮБ-д Монгол Улсыг төлөөлж буй байнгын төлөөлөгч Н.Анхбаяртай Нью-Йоркт уулзсан. Тэгэхэд надад дэлхийн хамгийн анхны дипломат паспорт болох “Гэрэгэ”-г үзүүлсэн. Энэ нь Монгол Улс их хаадын үедээ хүн төрөлхтний түүхэнд ямар том нөлөөтэй, ул мөртэй байсны бодитой нотолгоо. Энэ үүднээсээ Монголд ирж ажиллах шийдвэр онцгой санагдсан. Дэлхийн хоёр том гүрний дунд ардчиллыг сахин хамгаалж яваа сайн жишиг бүхий орон гэдэг талаасаа ч миний анхаарлыг ихэд татсан.
Улаанбаатарчуудын талаас илүү хувь нь стандартын бус орчинд амьдарч байна
-Монгол орон болон монголчуудын талаарх төсөөлөл, ойлголтыг тань эвдсэн, гайхшируулсан зүйл энэ хугацаанд танд тохиолдов уу?
-Одоохондоо арай эрт байна. Өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд маш олон хүнтэй уулзаж ярилцлаа, тэднийг сонслоо. Дахиад 1-2 сарын хугацаанд Засгийн газар, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын төлөөлөл, хувийн хэвшлийн манлайлагчид, дипломат албаны хүмүүстэй уулзаж, санаа бодлыг нь сонсох төлөвлөгөөтэй байна. Гэхдээ би нэг зүйлийг анзаарсан. Магадгүй би тийн төсөөлөөгүй байх. Монголчууд их нээлттэй, шулуун шударга юм шиг санагдсан. Манай голландчууд шулуун шударга гэдгээрээ алдартай. Би хаа газрын соёл, онцлогт тааруулж ажиллахыг зорьдог. Тиймээс хэт ил тод, шулуун ярихгүй байхыг хичээдэг. Харин эндхийн хүмүүс санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа нь надад илүү ойр, дөхөм санагдсан.
Би монголчуудыг нээлттэй, хүчирхэг, өндөр боловсролтой байх болов уу гэсэн төсөөлөл, хүлээлттэй байсан. Энэ маань ч батлагдсан. Ялангуяа Монголын залуучууд өндөр мэдлэг боловсрол эзэмшсэн байна. Миний сонирхлыг хамгийн их татсан зүйл нь хүчирхэг ардчиллыг бий болгож чадсан явдал. Мэдээж Монгол Улсад засаглалаас эхлээд тулгамдсан бэрхшээл олон. Гэхдээ өмнө нь ямар байж байгаад өнөөдрийн түвшинд хүрч, ардчиллыг ийм хэмжээнд бэхжүүлж чадсан бэ гэдэг талаас нь харвал гайхалтай. Олон намын төлөөлөл бүхий хамтарсан Засгийн газрыг бүрдүүлэн ажиллаж байгаа нь ч сайшаалтай. Нидерланд улс мөн олон намын засаглалтай. Энэ нь олон талын оролцоотой, оновчтой бодлого, шийдвэр гаргах үндэс болдог.
Монгол бол байгалийн нөөцөөр баялаг орон. Засаглалын зөв манлайлал, удирдлагыг хэрэгжүүлж чадвал ирэх 20 жилд Монгол Улс эдийн засгийн хөгжлийн хувьд хүчирхэг төдийгүй үүний үр өгөөжийг хүн ам нь жигд хүртсэн, эрх тэгш, хүртээмжтэй нийгмийг бий болгох боломжтой. Үүний төлөө НҮБ-ын зүгээс дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Засгийн газар, эрх баригчид, олон улс, хувийн хэвшлийн байгууллагынхантай хамтран ажиллахыг зорьж байна.
Монгол Улс байгалийн баялаг нөөцтэй боловч нөгөө талдаа эдийн засгийн хувьд маш эмзэг. Экспортын ганц төрлийн бүтээгдэхүүнээс хэт хамааралтай. Эдийн засгаа солонгоруулах чиглэлээр олон ажил хийх хэрэгтэй. Үүнд онцгой анхаарч ажиллана. Дээрээс нь хүн амынх нь 28 хувь нь ядуу зүдүү амьдарч буй. Тогтвортой хөгжлийн зорилгын хамгийн эхнийх нь болох ядуурлыг устгах зорилгын хэрэгжилтээр Монгол Улс анхдагч үзүүлэлтээсээ ухарсан үзүүлэлттэй яваа. Энэ нь ядуурлыг бууруулах чиглэлээр илүү олон ажил хийх шаардлагатайг харуулж байна.
-Манай улсын хувьд ядуурлыг бууруулах, устгах зорилгын хэрэгжилт хангалтгүй, ухарсан үзүүлэлттэй буй нь энэ чиглэлд илүү их хүчин чармайлт гаргах, ажиллах шаардлагатай гэсэн сануулга, дохио гэж харж байна. Энэ чиглэлээр ойрын жилүүдэд, цаашид ямар бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлэх вэ. Өмнө нь хэрэгжүүлж байсан арга барилаа эргэж харах шаардлагатай юу?
-Энэ асуултад хариулахад мөн л эрт байна. Ядуурлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд хийсэн маш олон сайн ажил байгаа. Үүн дээр нэмж хийх шаардлагатай ажил ч цөөнгүй. Илүү сайн судалж мэдэх, асуудлын гүнд орох шаардлагатай гэж харж байна. Би саяхан Улаанбаатар хотын гэр хорооллоор явахдаа хөгжлийн бодит ялгаа, ялангуяа ядуурлыг тод харж байлаа. Орон нутагт ажиллахаараа мөн тодорхой чиг баримжаатай болох байх. Монгол орон шиг арвин нөөц баялагтай орон ийм хэмжээний ядууралтай байна гэдэг нь байж болшгүй зүйл. Асуудал бол байна. Үүнийг шийдэх ёстой. Шийдэхийн тулд олон талын хүчин чармайлт хэрэгтэй. Ялангуяа Засгийн газрын манлайлал дор бүх талууд хамтарч ажиллах нь чухал.
-Та Монголд ирээд удаагүй ч манай орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар нэлээд сайн мэдээлэлтэй болжээ. Улаанбаатар хотын захын гэр хорооллуудаар хүртэл явж ажилласан байна. Асуудал юундаа байна вэ?
-Бодит байдлыг илүү ойроос илүү харахын тулд Улаанбаатар хотын захын хорооллуудаар явж үзсэн. Улсынх нь нийт хүн амын тал хувь нь амьдардаг энэ хотын иргэдийн дахиад талаас илүү хувь нь дэд бүтэцгүй, төвийн шугамд холбогдоогүй стандартын бус орчинд амьдарч байгаа нь яалт ч үгүй анхаарах асуудал. Монгол гэрийг Улаанбаатарт шууд авчирч бариад л суурьшиж буй нь хотод тохирсон шийдэл биш гэж харж байгаа. Улаанбаатар хотыг хэрхэн хүн амьдрахад таатай орчин болгож өөрчлөх вэ гэдэгт онцгой анхаарах шаардлагатай санагдсан. Энэ алдааг давтахгүйн тулд өөр бүс нутагт шинэ хот байгуулахдаа төлөвлөлтийг нь оновчтой, зохистой хийж, дэд бүтцийг нь урьдчилан шийдэхэд онцгой анхаарах ёстой. Тэгж байж замын даац, ачааллаа тэнцвэржүүлэх боломжтой.
Мөн ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийг нэвтрүүлэх таатай боломж байна. Ногоон эрчим хүчний хувьсгал дэлхий дахинд хүчтэй өрнөж байна. Хятад улс энэ чиглэлээр манлайлж, шинэ шийдлүүдийг бий болгосоор буй. Энэ улстай хөрш зэргэлдээ оршиж буй давуу талаа ашиглаад тэднээс суралцах, туршлага солилцох, улмаар бодитой шийдлүүдийг нутагшуулах боломжтой. Хүн болгонд аюул эрсдэл учруулж байгаа агаарын бохирдлын асуудлыг шийдэх суурь нь ч эрчим хүчний шилжилт гэж хардаг. Яг үнэнийг хэлэхэд агаарын бохирдол, авто замын түгжрэл бол шийдчих боломжтой бэрхшээл шүү дээ. Шийдье гээд зоригловол, улс төрийн түвшинд хүсэл зоригоо нэгтгэж чадах юм бол техникийн хувьд шийдэх боломжтой. НҮБ-ын зүгээс ч хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүй, эрх тэгш эрчим хүчний шилжилт хийхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.
Өөр нэг зайлшгүй анхаарах ёстой асуудал нь алслагдмал бүс нутгийн хөгжил. Хүмүүс хөдөөнөөс хот руу олноороо ирээд байгаагийн цаана нь шалтгаан бий. Магадгүй тэнд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй байгаа. Цахим хувьсгал, шилжилтийн талаар хамгийн их ярьж буй энэ үед технологийн шийдлийн тусламжтайгаар алслагдмал бүс нутагт тулгарсан асуудлуудыг шийдэж, боломж нөхцөлийн хувьд эрх тэгш, хэнийг ч үл хоцроох нийгмийг бүрдүүлэх боломжтой. Технологийн дэвшил, инновац хөгжүүлэлт бидний өмнө маш эрчтэй өрнөж байна. Монгол Улс ч энэ тал дээр нэлээд амжилттай явна. Цахим инновацаар дамжуулж боловсролын шинэчлэлийг ч хийх боломжтой шүү дээ. Сургалтын сайн хөтөлбөрийг цахим платформоор малчны гэрт хүргэдэг, ард нь жинхэнэ багш ажиллаж байдаг тогтолцоо бүрдүүлэх боломж бий. Зургаан настай хүүхдийг гэрээс нь хол байлгаж сургуульд сургана гэдэг нь дэндүү хатуу тогтолцоо. Одоо энэ бүхнийг шийдэх технологийн боломж нь бүрдчихээд байна. Эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээг ч цахим хөгжлийн тусламжтайгаар алслагдмал бүс нутагт чанар, хүртээмжийг сайжруулах боломжтой.
Дундаас дээш орлоготой оронд байх ёсгүй засаглалын асуудлууд монголд бий
-Та хөдөө аж ахуйн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм билээ. Монгол бол хөдөө аж ахуйн орон. Монголчууд нүүдлийн соёлыг өвлөн тээж яваа ард түмэн. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ?
-Миний анзаарснаар, малчид малын мах, сүүг түүхийгээр нь худалдан борлуулж, маш их эдийн засгийн боломжоо алдаж байна. Малчдын мал маллах практикийг илүү сайжруулах, боловсронгуй болгох боломжтой. Илүү аюулгүй, найдвартай эм, эмнэлгийн бүтээгдэхүүн хэрэглэх замаар малаа эрүүлжүүлж, эрүүл малынхаа сүүгээр тараг, бяслаг зэрэг шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ аялал жуулчлалд ашиглах, экспортлох боломж байна.
Монгол Улсад маш их жуулчин ирдэг. Энэ давуу талаа ашиглаад малчин өрхүүдэд тулгуурласан эко аялал жуулчлалыг хөгжүүлж болно. Жуулчид малчин айлуудад очиж малын гаралтай бүтээгдэхүүнийг газар дээр нь хэрэглээд, боловсруулах үйл явцтай нь танилцаад, худалдан авах боломжтой шүү дээ. Нөгөө талдаа нийлүүлэлтийн илүү бат бөх сүлжээ бий болгох шаардлага тулгараад буй. Малчид малын тоонд бус, чанарт анхаарч, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэн, ахуй амьжиргаагаа сайжруулж чадвал бэлчээрийн даац хэтрэлт, цөлжилт ч буурах ач холбогдолтой.
Би хувь хүнийхээ зүгээс хэд хэдэн зүйлд онцгой анхаарч, ач холбогдол өгч байгаа. Нэгдүгээрт, малчид нүүдлийн ахуй соёлоо бүү орхиосой гэж хүсдэг. Харин малчдын ахуй амьжиргаа, амьдралын чанарыг сайжруулахад, энэ сайхан байгальд эрх дураараа, чөлөөтэй амьдардаг амьдралын хэв маягаа хадгалж үлдэхэд нь дэмжлэг үзүүлэх ёстой. Хоёрдугаарт, Монголын биологийн олон янз байдлыг хамгаалахад хувь нэмэр оруулах эрмэлзэл бий. Мазаалай, цоохор ирвэс зэрэг ховор амьтан болон ховор ургамлын нөөцийг хамгаалахад анхаарах шаардлагатай. Монгол Улс эдийн засгаа өсгөхийн тулд уул уурхайн нөөц баялгаа ашиглах шаардлага үүснэ. Биологийн олон янз байдлаа хамгаалахын зэрэгцээ уул уурхайг хэрхэн тогтвортойгоор эрхлэх, тэнцвэрийг нь яаж хангах вэ гэдэгт бид хамтарч ажиллаж, дэмжлэг үзүүлнэ. Авто болон төмөр зам барих нь экспорт, худалдаанд онцгой нөлөөтэй ч унаган байгаль, ховор ан амьтад устах аваас дахин сэргээх боломжгүйг бид мэднэ. НҮБ-ын шугамаар өнгөрсөн хугацаанд олон оронд ажиллахдаа алсаа бодоогүй шийдвэрүүдээс болж онгон дагшин байгаль устахыг цөөнгүй удаа харсан.
Гуравдугаарт, амьдрах таатай хотыг бий болгоход хувь нэмэр оруулна. Өмнө дурдсанчлан Улаанбаатар бол хүн амьдрахад таатай хот биш. Маш их түгжрэлтэй, эрчимтэй барилгажсан, ногоон байгууламжийн хүртээмж муу, гэр хороолол нь суурь дэд бүтцэд холбогдоогүй. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах шаардлагатай. Дараагийн анхаарах зүйл нь Монгол Улсын гурав дахь хөршийн бодлого. Экспортыг нэмэгдүүлэхийн тулд гуравдагч хөрш орнуудтай хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэгт эрх баригчидтай хамтарч ажиллах хүсэл эрмэлзэл байна. Ялангуяа махны экспортын чиглэлээр. Европ руу мах экспортолъё гэвэл өндөр шалгуур хангах ёстой. Гэхдээ Европын зах зээлийг энэ чиглэлээр нээчихвэл маш том боломж байгаа.
-Цаашид таны манлайлал дор НҮБ Монгол Улсад хэрхэн ажиллах вэ. Онцлог давуу тал нь юу вэ?
-Монгол Улс эдийн засгийн ангиллаар дундаас дээш орлоготой орны тоонд багтах болсон. Үүнд уул уурхайн салбар чухал нөлөө үзүүлсэн. Нөгөө талдаа дундаас дээш орлоготой оронд байх ёсгүй хөгжлийн, засаглалын асуудлууд Монголд бий. Ийм онцгой боломжид зөв манлайллыг хэрэгжүүлж байж энэхүү давуу талаа зөв ашиглах, хямралыг даван туулах нөхцөл бүрдэнэ. Монгол Улсад олон иргэн, өрх айл уул уурхайн орлогоос хамааралтай амьдарч байна. Гэтэл тэдний амьдралын чанар тийм ч сайн биш. Монголд уул уурхайгаас асар их мөнгө орж ирж байна. Үүнийг хүмүүсийн амьдралын түвшнийг дээшлүүлэхэд яаж зарцуулах вэ гэдэгт анхаарах ёстой. Энэ чиглэлээр үр дүнтэй ажиллахад НҮБ-ын агентлагууд өөр өөрийн чиглэлээр олон улсын сайн туршлага, техникийн зөвлөмж, мэдлэгийн баялаг нөөцийг авчирч чадна. Хэрхэн сайжруулах вэ гэдгийг ч мэднэ. Харин Засгийн газарт хөгжлийг санхүүжүүлэх нөөц, боломж нь байна. Тэгэхээр НҮБ-ыг зөвхөн санхүүжүүлэгч гэж харах бус, шинэ санаа, шийдлүүдийг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах нь илүү үр дүнтэй.
Цагаан сар, Наадам үзэхийг тэсэн ядаж хүлээж байгаа
-НҮБ-ын бодлого тодорхой, үйл ажиллагаа нь ч тогтсон зарчим, дүрэм журмын дагуу явдаг. Харин та Суурин зохицуулагчийн хувиар ирэх жилүүдэд юунд илүү төвлөрч, ямар бодлого, зарчим баримтлан ажиллах вэ. Монгол Улсад тулгарч буй гол сорилтуудыг шийдэхэд Засгийн газар, холбогдох талуудтай хэрхэн хамтарч ажиллахаар төлөвлөж байна?
-Суурин зохицуулагчийн үүрэг бол тухайн улсын Засгийн газар болон НҮБ-ын агентлагууд, хөгжлийн түншүүд гээд бүх оролцогч талыг нэгтгэж, хамтын ажиллагааны хүрээнд тэдний оролцоог хангах юм. НҮБ нь Монгол Улсын Засгийн газартай хамтран 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийг 2022 онд баталсан. Бүх оролцогч талын хамтдаа тодорхойлсон энэхүү баримт бичиг нь бидний хэрэгжүүлэх үндсэн ажлуудыг чиглүүлдэг. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгтэй ч уялддаг. Үүгээр дамжуулаад тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах нөхцөл бүрдэнэ. Энэ баримт бичгийн суурь үзэл баримтлал нь хүний хөгжил, сайн сайхан байдлыг дэмжих юм. Хоёр дахь нь хөгжил цэцэглэлт, өсөлт хөгжлийг хангах, үүний зэрэгцээ байгаль дэлхийгээ хамгаалах. “Ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг бий болгох” гэж тусгасан байдаг. Үүний хүрээнд ногоон эрчим хүчний шийдлүүдийг бий болгох, нутагшуулах ажлуудыг хийнэ. Хүртээмжтэй гэдэг агуулга маш чухал. Хүн болгонд хүртээмжтэй хөгжил цэцэглэлтийг авчрах нь хамгийн чухал юм. Гурав дахь зорилт бол хүн төвтэй сайн засаглалыг бий болгох, хүний эрх, эрх зүйт ёсыг дээдлэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм.
Эдгээр тэргүүлэх чиглэл нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг бүгдийг нь хамарч байгаа. Хамгийн сүүлийнх буюу 17 дахь “Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх” зорилго нь хамтын ажиллагааг онцолж буй. Тэгэхээр эдгээр зорилгын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ-ын агентлагуудаас гадна Засгийн газар, хөгжлийн түншүүд, иргэний нийгэм, хувийн хэвшил, донор байгууллагуудын дэмжлэг, олон улсын санхүүгийн байгууллагуудын оролцоотойгоор дээрх зорилгуудыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллах нь миний гол үүрэг. Эдгээр зорилгыг хэрэгжүүлэхдээ аль ч салбарт жендерийн тэгш байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах, залуучуудын оролцоог хангах зэрэг чухал асуудлыг орхигдуулалгүй авч явахыг зорино.
-Монголыг таньж мэдэх оргилсон их хүсэл эрмэлзэлтэй байгаа нь таны ярианаас харагдлаа. Тэгвэл яг энэ эхлэл цэг дээрээс хийж үзэхийг, мэдэхийг хамгийн их хүсэж байгаа зүйл тань юу вэ. Ер нь чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Сайхан асуулт байна. Би өмнө нь ажиллаж байсан улс орнууддаа каяак завиар аялах, усны гүнд шумбах дуртай байлаа. Харин одоо Монгол орныг илүү таньж мэдмээр байна. Бид монголчуудын уламжлалт баяр Цагаан сарыг тэсэн ядан хүлээж байна. Баяраар өмсөх дээл хувцсаа хэдийн зэхчихсэн. Дараа нь наадам үзэхийг хүсэж байна. Хүмүүс Монголын хөдөө нутгаар аялах хэчнээн сайхныг надад ярьсан. Би Америкт байхдаа хүүхдүүдтэйгээ байгалийн цогцолбор газруудаар аялдаг байсан. Цаг агаар дулаарахаар Монголын хөдөө нутгаар аялахыг хүсэж байна. Өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймагт богино хугацаанд ажиллалаа. Ирэх сард илүү урт хугацаагаар баруун аймгуудад томилолттой. Тэр үедээ Монголын илүү олон өнгө төрх, аж амьдралыг харах болов уу. Олон малчинтай уулзаж, ахуй амьдралтай нь танилцана. Хаваржилтын нөхцөл байдал, мал төллөх ид үеийг ч бас харах байх. Цаасан тайлангаас бүгдийг ойлгох нь өрөөсгөл. Харин дунд нь ороод, ойроос мэдэрч байж илүү сайн ойлгоно. Боломж гарвал мазаалай, тахь, ирвэс зэрэг Монголд л үзэх боломжтой ховор сонин амьтдыг ч харах хүсэлтэй. Ул мөрийг нь ч болов харах сан.
-Та хэдэн хэлээр ярьдаг вэ. Монгол хэл сурахад хэр дөхөм, ойр санагдаж байна?
-Нидерланд, англи хэлтэй. Би аливаа оронд ажиллахдаа хамгийн түгээмэл ашиглагддаг цөөн үгийг нь сурдаг. Үнэнийг хэлэхэд би хэлний авьяасгүй. Хэчнээн хичээсэн ч, хүссэн ч монголоор ус цас шиг сайн ярьдаг болохгүй байх. Гэхдээ чадах хэрээрээ үг цээжилж, сурна. Ирэх 2-3 сард та бүхний нэрийг илүү сайн дууддаг болчихсон байх болов уу.