Аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулбал тухайн жилийн борлуулалтын орлогынх нь нэг хувьтай тэнцэх хэмжээгээр татварын хөнгөлөлт үзүүлэхээр холбогдох хуульд тусгаж, өнгөрсөн оны намраас мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан манай улсын найман аж ахуйн нэгж орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын, хамтын гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Тодруулбал, “Моносфарм трейд”, “Саусгоби сэндс”, “Бороогоулд”, “Платинум ланд”, “Монполимет”, “Грийн химистри”, “Секуоиа трейд”, “Эко майн системс” зэрэг компани агаар, орчны бохирдлыг бууруулахад 500 саяас таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар амлалт өгч, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллахаар гэрээ байгуулав.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Агаарын бохирдолтой тэмцэх нь нэг яам, салбар, байгууллагын ажил биш. Тиймээс Засгийн газар төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн тусламж, дэмжлэгтэйгээр агаарын бохирдлыг бууруулах уриалга дэвшүүлсэн” хэмээгээд, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхээр бусдаасаа урьтан санаачилга гаргасан аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.
Ж.Сувд