Манай ЦЕГ-ын харьяа албад БНСУ-ын Интерполын үндэсний төв товчоотой хамтран тус улсад орогнож байсан Б гэх иргэнийг өнгөрсөн долоо хоногт албадан авчирлаа. Түүнийг иргэдийн их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлсэн хэрэгт олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж, Интерполын шугамаар мэдээлэл солилцсоноор байгаа газрыг нь тогтоон тус улсын хууль сахиулах байгууллагынхан саатуулсан аж. Иргэн Б нь хэрэгт холбогдон шалгуулж байхдаа 2020 онд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлж, хил давж зугтсан гэнэ. Улмаар 2024 онд БНСУ-ын хууль сахиулах байгууллагынхан баривчилжээ. Түүнийг Монгол Улсад шилжүүлэн авах ажлыг манай Интерполын үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба болон БНСУ-ын Интерполын үндэсний төв товчоо хамтран явуулж, энэ сарын 13-нд “Чингис хаан” нисэх буудалд авчирсан бөгөөд цагдаагийнхан мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж байна.
Г.Орчлон