Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн А/03 тушаалаар Агаарын чанар, техникийн шаардлага MNS 4585:2016 стандарт болон Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журмыг шинэчлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Тэгвэл уг ажлын хэсгийнхэн Агаарын чанар, техникийн ерөнхий шаардлага стандартыг шинэчлэн боловсруулснаа Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлжээ. Харин тус газрынхан цахим хуудсаараа дамжуулан уржигдраас уг стандартын төсөлд олон нийтээс санал авч эхэлсэн байна.
Уг стандартын төсөлд агаар бохирдуулагч гол бодисын нэр томъёоноос эхлээд хүлцэх агууламж, физикийн сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ зэргийг шинэчлэн тогтоосон аж. Жишээлбэл, хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, озон, тоосонцрын хүлцэх хэмжээг 20 минутаас нэг жил хүртэлх хугацаанд дундажлан тооцож, агууламжийг нь тодорхойлжээ. Иргэд энэ бүхэнтэй нарийн танилцаж, ирэх сарын 3-ны 17.30 цаг хүртэл саналаа өгөх боломжтой гэнэ.
Н.Ган