Манай улсын өвлийн аялал жуулчлалын гол эвент болох “Хөх сувд” мөсний баяр “Монголын гайхамшиг” мөсөн урлалын наадам, 7-10 насны ангилалд тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр Хатгал тосгонд өчигдөр эхэллээ. Өнөө жилийн арга хэмжээг Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран хоёрдугаар сарын 13-23-нд буюу өмнөхөөс олон хоног зохион байгуулж буйгаараа онцлог. Өнөөдөр, маргааш Хатгалын Хүй толгойд “Хөх цом” яруу найргийн наадам, олон угсаатны урлагийн тоглолт, “Цаатны хотхон”-ы нээлт, Гэгээн хайрын баярт зориулсан үдшийн цэнгүүн, мөсний волейболын тэмцээн болох аж. 16-18-нд тэшүүр, мөсөн шагайн харваа, олс таталтын болон мөс мөргөлдүүлэх тэмцээн, тахтай морин чарганы уралдаан явуулахаар төлөвлөжээ. Баярын сүүлийн өдрүүдэд хатирч морьдын уралдаан, сээр шалгах наадаан, дархад бөөгийн галын тахилга, мөсний марафон, спорт загасчлалын тэмцээн зэрэг сонирхолтой олон үйл ажиллагаа зохион байгуулахаар бэлдсэн байна.
“Хөх сувд” мөсний баярыг нийслэл, орон нутгийн иргэдээс гадна жуулчид олноороо зорьдог. Хөдөлгөөний ачаалал, хүн, машины бөөгнөрөл, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан энэ үеэр осол, зөрчил гарах нь нэмэгддэг аж. Үүнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, мөсний баяр зохион байгуулах комисс, аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудаас иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөв.
Юуны түрүүнд мөсөн болон авто замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг иргэдэд анхаарууллаа. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарснаас үүдэн гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, зарим хэсгээрээ хангалттай бэхжээгүй, хар хил үүсэж, халиа гүйсэн байгаа гэнэ. Иймд цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явахгүй, зөвхөн мэргэжлийн байгууллагынхны тогтоосон зам, маршрут, тэмдэглэгээний дагуу зорчихыг зөвлөв. Нар жаргасан буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед, ялангуяа 18.00 цагаас хойш хөдөлгөөн үйлдэхгүй байх, зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, батлагдсан маршрутаар явахыг санууллаа. Нийтийг хамарсан үйл ажиллагаа, тэмцээн, уралдаанд оролцохдоо хувийн аюулгүй байдлаа сайтар хангаж, архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулав. Мөн амралтын газар, жуулчны бааз, гэр кэмпэд хоноглохдоо галын аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөлөө.
Н.Мишээл