“Аялал жуулчлалын долоо хоног” нэгдсэн арга хэмжээг өнөө жил “Бүсчилсэн хөгжил ба аялал жуулчлал” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй. Үүний хүрээнд салбарын судлаач, мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдийг хамруулсан уулзалт, хэлэлцүүлэг энэ долоо хоногт цөөнгүй болж байна. Өчигдөр МҮХАҮТ-д аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн B2B уулзалт боллоо. Үүнд гадаадад болон дотоодод аялал зохион байгуулдаг аж ахуйн нэгж, Хятад, Орос, Солонгос, Япон, Америкийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй тур оператор компанийн төлөөлөл 300-гаад хүн оролцож, хамтын ажиллагааны 30 орчим гэрээ, хэлцэл хийжээ.
Манай улс бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан 10 газарт аялал жуулчлалын тусгай бүс, парк байгуулахаар төлөвлөснийг “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн”-гийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбаяр энэ үеэр мэдээллээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Тахилгат хайрхан уулс, Хөвсгөл, Буйр нуур, Дундговийн Цагаан суварга орчмын палеонтологийн нөөц, Алтайн нурууны байгаль, соёлын өвд тулгуурласан бүтээн байгуулалт хийх гэнэ. Мөн Өндөр гэгээн Занабазарын бүтээн туурвисан соёлын өвийн болон кино, контент үйлдвэрлэлийн цогцолбор, “Нүүдэлчин” соёлын наадмын нэрэмжит, Хөшигийн хөндийд байгуулах Хүннү хотод тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсүүдийг бий болгож, хөгжүүлэхээр холбогдох бодлогын баримт бичгүүдэд тусгажээ. Аялал жуулчлалын тусгай бүс, парк байгуулах газрыг сонгохдоо түүх, соёлын үнэт өв, дурсгалуудыг чухалчилсан гэнэ. Нэг тусгай бүсийг 100-150 га газарт байгуулахаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалтыг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэх аж.