Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өрнүүлж буй зэрлэг амьтдыг зудын эрсдэлээс хамгаалах хандивын аянд Монголын улаан загалмай нийгэмлэгийн орон нутаг дахь дунд шатны хороод нэгдэж, идэш тэжээлийн дэмжлэг үзүүлж эхэлжээ. Тухайлбал, Увс аймаг дахь дунд шатны хорооныхон биотехникийн арга хэмжээ авахад зориулж Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд 500 боодол өвс, 500 кг давс, 200 кг хужир өгсөн бол Говь-Алтай аймгийнхан Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаанд 500 боодол өвс хандивласан байна. Түүнчлэн Дорнод аймгийн Улаан загалмайн дунд шатны хорооноос Нөмрөгийн дархан цаазат газарт, Завханых Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт, Баянхонгорынх Богдын байгалийн цогцолборт газарт, Баян-Өлгийнх Монгол Алтайн нуруунд биотехникийн арга хэмжээ авахад зориулж өвс, давс, хужир хүргүүлжээ.