АНУ-д төвтэй Зэрлэг хулд загасны төв, манай улсын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн санаачилгаар ШУА-ийн Газар зүй, геоэкологийн болон Биологийн хүрээлэн хамтран “Монгол орны загас агнуурын тогтвортой байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг “Монгол орны загасны “Улаан данс”-ны үнэлгээ”-г шинэчлэх ажил ид үргэлжилж буй үед хийснээрээ онцлог болсныг судлаачид дурдав. Одоогоос 20 жилийн өмнө хийсэн үнэлгээнд 64 зүйлийн загасыг хамруулснаас 14 нь ховор, 16 нь мэдээлэл дутмаг ангилалд багтаж байжээ. Харин одоо уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтлын нөлөөгөөр ховордсон загасны төрөл, зүйл эрс нэмэгдсэн байж болзошгүй гэнэ.
Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Эрдэнэбүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станц, Орхон-Онги, Хэрлэн-Тооно зэрэг төслийн бүтээн байгуулалтыг голуудын экосистем, загасны тоо толгойн бүтэц, амьдрах орчинд сөрөг нөлөө багатайгаар хийх шаардлага тулгараад байгааг судлаачид энэ үеэр онцгойлон хөндөв. Мега төслүүдийн судалгаа, төлөвлөлтийг үндэслэлтэй хийх, үүнд мэргэжлийн хүмүүсийн оролцоог хангах чиглэлд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамныхан анхаарч, судлаачидтай нээлттэй, ойр ажиллах хэрэгтэйг ч санууллаа. Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлэг Монгол орны загасны амьдрах орчны хамгаалал, нөхөн сэргээлт, агнуурын менежментийн бодлого, санхүүжилтийг шийдвэрлэхэд, талуудын оролцоо, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чухал нөлөөтэйг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг хэлсэн юм. Хэлэлцүүлэгт загас судлаачид, байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг үндэсний болон олон улсын байгууллагын төлөөлөл, спорт загасчлалын мэргэжлийн клуб, сав газрын мэргэжилтнүүд нийлсэн 50 орчим хүн оролцжээ.
Н.Мишээл