Үндэсний номын сангийн сэргээн засварлагч, доктор О.Ангарагсүрэнтэй Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын өнөөгийн байдал болон соёлын өвийг сэргээн засахад тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа. Тэрбээр зураач мэргэжилтэй бөгөөд Японы Киотогийн их сургуульд соёлын өвийг сэргээн засах чиглэлээр суралцаж, докторын зэрэг хамгаалжээ. Мөн Нарагийн үндэсний судалгааны хүрээлэнгийн Сэргээн засварлалт, хадгалалт, хамгааллын тасагт туслах судлаачаар 2016-2021 онд ажиллаж байсан туршлагатай юм.
-Соёлын өвийг хэрхэн сэргээн засварладаг талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Соёлын өв нь янз бүрийн цаг хугацаа, харилцан адилгүй зам туулан өвлөгдөн үлдсэн бидний үнэт зүйл. Зарим нь анхны байдлаараа маш сайн хадгалагдан үлддэг. Эсвэл гандаж элэгдэн, хугарч бутрах тохиолдол цөөнгүй. Тухайн өвийг гэмтлийн зэргээс нь шалтгаалаад сэргээн засах хэрэгцээ шаардлага үүснэ. Гэхдээ эх төрх, бүрэн бүтэн байдлыг нь алдагдуулахгүй байх нь хамгийн чухал. Анх ямар байсан бэ гэдэгт нь тулгуурлан насжилтыг нь уртасгах үйл явц гэж ойлгож болох юм. Мэдээж тухайн өвийг өмчилж буй байгууллагын хүсэл сонирхол ч үүнд ихээхэн хамааралтай. Ямар түвшинд сэргээхээр зорьж байгаа вэ гэдгээс нь шалтгаалаад хугарсан эвдэрснийг эвлүүлж, бүтэн болгоно. Ингэхдээ хэрхэн урласан, уламжлалт материал нь юу байв гэдгийг хамгийн түрүүнд судлах ёстой. Улмаар ижил төстэй материалаар гэмтсэн хэсгийг нь нөхнө. Мөн бүтэн болгосон ч ирээдүйн сэргээн засварлагчид ижил төстэй, шинэ материалаар хийсэн хэсгийг нь буцаад задлах боломж бүрдүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, ямар цавуу ашиглаж, хэрхэн хийсэн зэрэг бүх мэдээллээ нэгд нэгэнгүй тэмдэглэж үлдээх ёстой. Засаж сэргээх нэрээр соёлын өвд гэмтэл учруулах ёсгүй юм. Эдгээрийг урьдчилан судалж байж л сэргээн засах хэрэгтэй.
Тухайлбал, Булган аймгийн Баяннуур сумын Шороон бумбагар бунхны дурсгалыг 2011 онд илрүүлсэн байдаг. Эл дурсгал нь газар доорх байгууламж гэдгээрээ онцлогтой. Газраас доош таван метрийн гүнд нийт 40 орчим метрийн урттай хонгил үргэлжлэх бөгөөд хана нь битүү зурагтай. Бид тухайн ханын зургийг цэвэрлэж, зарим ховхорсон будгийг наасан юм. Цаашлаад урт удаан хугацаанд ямар нэгэн байдлаар гэмтээхгүйгээр авч үлдэх хэрэгцээ үүссэн л дээ. Тэгээд л орчны судалгаа хийх болсон. Ер нь тухайн объектыг цаашид урт хугацаанд хадгалан үлдээхэд орчин маш чухал. Мөн цууралт нэмэгдэж буй, эсэхийг тогтооно. Хэрэв нэмэгдсээр байвал юунаас үүдэлтэйг нь мэдэх хэрэгтэй. Яаж гэмтсэнээс нь хамааран бууруулах, зогсоох, эсвэл урт удаан хугацаанд яг энэ байдлаар нь авч үлдэх үү гэдгээс шалтгаалаад сэргээн засах арга барил нь өөр байж болно.
-Манайд соёлын өвийг судлах, хамгаалах чиглэлээр ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчин хомсдолтой гэх юм билээ. Бас төхөөрөмж, лабораторийн хүрэлцээ ч хангалтгүй гэдэг байх аа?
-Саяхныг хүртэл энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг дотооддоо бэлтгэдэггүй байв. 2000-аад онд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд сэргээн засварлалтын нэг анги төгсгөсөн байдаг. Түүнээс хойш дотооддоо нэг ч мэргэжилтэн бэлтгээгүй. Тиймээс ур чадвар, олон жилийн туршлагаараа олж авсан мэдлэгтэй хүмүүс л ажилладаг байлаа. Харин сүүлийн үед гадаадад энэ чиглэлээр суралцсан хүмүүс эх орондоо ирж ажиллах нь нэмэгдлээ. Мөн ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийнхан соёлын өвийн сэргээн засварлагчдыг бэлгэдэг болсон.
Эл салбар мэргэжлийн лабораторид суурилдгаараа онцлогтой. Тэгэхээр ийм төрлийн лаборатори манайд бий юү гэдэг асуудал яригдана. Соёлын өвийг сэргээн засахдаа хамгийн түрүүнд материалын судалгаа хийнэ. Гэтэл яг энэ төрлийн соёлын өвийн шинжилгээний лаборатори манайд байхүй. Ингэж онцолж буйн гол учир нь олон улсад материалын судалгаа шинжилгээ хийхдээ рентген ашигладаг. Энэ нь эмнэлгийнхтэй функц, үүргээрээ ижил боловч урт удаан хугацаанд янз бүрийн энергийн түшингээр хэмжих, хугацааг нь уртасгах зэрэг зориулалтаараа ялгаатай. Үүнд зориулсан рентген, томограф, материалын шинжилгээний богино долгионы аппарат зэрэг янз бүрийн багаж хэрэгсэлтэй байж л бид суурь өгөгдлүүдээ цуглуулна. Гэвч эдгээр тоног төхөөрөмж маш үнэтэй. Түүнчлэн сэргээн засахад лаборатори ч маш чухал. Агаар сэлгэлт сайтай, химийн бодис хадгалах савтай байх ёстой. Сүүлд “Чингис хаан” үндэсний музей болон Уран зургийн галерейд энэ төрлийн лаборатори байгуулсан. Мөн ШУА-ийн Археологийн хүрээлэнд металл эдлэлийн соёлын өвийн лаборатори бий. Түүнчлэн Соёлын өвийн үндэсний төвд зарим төрлийн судалгаа хийх боломжтой лаборатори байна. Гэхдээ материалын шинжилгээ хийх суурь судалгааны лаборатори алга.
-Соёлын өвийг сэргээх нэрийдлээр өнгө, будаг, материалыг нь хольж солиод шинэ мэт болгосон тохиолдол цөөнгүй шүү дээ. Үүний тухайд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Олон улсад бол тухайн өв яг ямар байсан түүгээр нь л хадгалах зарчим баримталж буй. Гэмтсэн олдворыг яг тэр хэвээр нь хадгална гэсэн үг. Үндсэн зарчим нь хадгалж, хамгаалах ажлын хүрээнд сэргээн босгох алхам хийдэг. Харин манайд хийж буй сэргээн засах үйл явцыг харахад сэтгэл эмзэглэмээр. Өөрөөр хэлбэл, сэргээн засварлах гэдгийг анагаахын шинжлэх ухааны мэс засалтай дүйцүүлэн ойлгож болно. Сэргээж буй олдвороо өвчтөн гэж үзвэл хийж буй мэс засал, эмчилгээ нь өвчнийг анагаах битгий хэл оношилж ч чадахгүй байна. Шүд өвдөж байхад гарыг нь тайрч, хиймэл гар хийчхээд сэргээн засварлалт сайхан боллоо гэх өрөөсгөл шүү дээ. Тэгэхээр соёлын өв нь олон жилийн хугацаанд янз бүрийн гэмтэл авч, өвчилчихсөн байдаг. Тиймээс гол шалтгааныг нь л хамгийн түрүүнд оношлох хэрэгтэй. Ер нь манайд мэргэжлийн байх алхам үгүйлэгдэж буй. Нөгөөтээгүүр, өвчтөний түүх гэдэг шиг сэргээн засварласан тайлантай болох ёстой. Анх ямар байсан, хэрхэн зассан, юу ашигласан гээд бүгдийг нь нэгд нэгэнгүй бичсэн дэлгэрэнгүй тайлан хэрэгтэй. Мөн сэргээн засварлах арга зүй алхам тутамд шинэчлэгдэж байна. Тиймээс энэ чиглэлийн мэргэжилтнүүд үргэлж өөрсдийгөө хөгжүүлж, мэдлэгээ шинэчлэн, орчин үетэйгээ хөл нийлүүлэх ёстой. Учир нь соёлын өв бол яг л хүнтэй ижил цор ганц хувь. Тиймээс ийм нандин зүйлд гар хүрч буй гэдэг утгаараа тэр хүн дээд зэргийн ёс зүйтэй баймаар. Зарим тохиолдолд яаж сэргээн засах аргаа мэдэхгүй бол шууд зогс. Үүнд одоогоор гар хүрээд хэрэггүй гээд хэлчихдэг ёс зүйтэй байх хэрэгтэй юм шиг санагддаг. Түүнчлэн соёлын өвийн үнэ цэн, ач холбогдлынх нь хувьд зэрэглэл тогтоодог жишиг дэлхийн аль ч оронд бий. Хосгүй үнэт, үнэт гэх зэргээр ангилдаг. Тэгвэл музейн орчноос гадна буй олдвор, соёлын өвүүдийг улс, аймаг, нийслэл, сумынх зэргээр хамгаалалтын зэргийг нь тогтоодог. Гадаадын оронд хосгүй үнэт гэх зэрэглэлд багтсан соёлын өв сэргээн засах гэж буй хүнд их олон шалгуур тавьдаг. Хэдэн жилийн туршлагатай, эрдмийн цол зэрэг нь юу вэ гэх мэт маш олон шалгууртай. Үүнийг хангасан хүн л гар хүрэх ёстой. Гэтэл манайд шалгуур огт байхгүй. Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт, гайхалтай бүтээлүүдэд хэн дуртай нь гар хүрэх эрхтэй юү гэхчлэн ярих зүйл их бий.
-Манай улс Орхоны хөндийн дурсгалт газрыг ЮНЕСКО-гийн соёлын өвд 2004 онд бүртгүүлсэн байдаг. Харин өдгөө “Шинэ хархорум” хотыг энэ дурсгалт газарт байгуулахаар ярьж байгаа, энэ зөв үү?
-Монгол Улсаас ЮНЕСКО-гийн соёлын өвд Орхоны хөндийн дурсгалт газрыг 2004 онд анх удаа бүртгүүлсэн байдаг. Энэ нь Өвөрхангай Бат-Өлзий, Хужирт, Хархорин Архангайн Хашаат, Хотонт зэрэг хоёр аймгийн таван сумын нутгийг хамарсан, хэдэн мянган соёлын өвийн дурсгалтай арвин түүхтэй газар юм. Эдгээрээс 29-ийг нь төлөөлөл болгон сонгож, Орхоны хөндийн дурсгалт газрын өв хэмээн бүртгүүлсэн байдаг. Үүний дотор байгалийн буюу хайрхан, тахилгат уулууд, үл хөдлөх буюу хөшөө дурсгал, булш, хиргисүүр, бухан, сүм хийд зэрэг цөөнгүй үнэт дурсгал бий. Ингэхдээ үндсэн гурван шалгуур үзүүлэлтийн дагуу дэлхийн өвд бүртгэсэн. Тиймээс соёлын өвөө хадгалж хамгаалах, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлж, үр хойчдоо бүрэн бүтнээр нь өвлүүлэн үлдээх үүргийг Монгол Улс дэлхий дахины өмнө хүлээсэн байдаг. Энэ нь нэг талаас зөвхөн Монголын нутагт оршиж буй мэт харагдах боловч дэлхийн өвд бүртгэсэн гэдэг утгаараа хүн төрөлхтний хувьд хадгалж, хамгаалах ёстой үнэт газар юм. Нэг ёсондоо дэлхий нийтийн хамгаалалтад авсан шүү дээ. Гэтэл энэ өв одоо ямар байдалтай байна вэ. Өвөрхангайн Хархорин сумын нутагт буй Умайн ам орчим үерийн усанд идэгдэж, байгалийн нөлөөнд маш их өртөж байна. Мөн эрт үед Уйгурын нийслэл байсан Хар балгас хотын туурь ч тун хэцүү байдалтай. Үүнээс өдгөө цөөн хэдэн барилгын хананы үлдэгдэл л бий. Хотынх нь дунд дагтаршуулсан суварга, байгууламжийн үлдэгдэл нь жил ирэх тусам хагарч, бутарч, нурж байна. Түүнчлэн байгаль дээр ил оршдог соёлын өвүүд нар, салхи, хур тунадас, эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр хөдөлж, гэсэж, бороонд норж, хатсаар нэлээд гэмтсэн. Цаашид тэсэж үлдэхэд маш хэцүү. Эрдэнэ зуу хийдийн хэрмийнх нь хана цуурч, суваргууд нь нураад, гурван зуу сүмийн багана нь суулт өгч, дээврийн ваарын паалан унаж, эвдэрч, бутарсан гэх мэт гэмтэл ихтэй, өнгө нь гандсан дүр төрхтэй олон жил боллоо.
Мөн Шунхлай уулын олон сайхан дурсгалын дундуур орон нутгийн дэд бүтцийг шийдэхээр төлөвлөхдөө маш болхи ханджээ. Гэрлийн шонгуудыг нь дурсгалын дунд зоож, бараг дэргэд нь авто зам барьсан. Түүнчлэн Орхоны хөндийн дурсгалууд дунд хууль бус тонуул ч их гарна. Энэ мэт дурдаад байвал дуусахгүй олон асуудал бий. Төвлөрөл үүссэн сум, суурин газруудтай ойр дурсгалуудад дэд бүтэц, төлөвлөлт, газар зохион байгуулалт, тариалангийн талбайн ашиглалт зэргээс үүдэлтэй эрсдэлд орсон соёлын өв цөөнгүй. Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн эдгээр дурсгалыг хадгалж, хамгаалах, үр хойчдоо бүрэн бүтэн өвлүүлэн үлдээхэд холбогдох байгууллагынхан нь сайтар анхаарч, тусгайлсан бодлого гаргаасай гэж судлаачийн хувьд хүсэж байна.
Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь газар нутгийн хэмжээгээрээ нэлээд томд тооцогддог. Тиймээс соёлын дурсгалууд тархсан байдалтай оршдог. Гэтэл Шинэ Хархорум хот дурсгалт газартай хил залган оршихоор болжээ. Тун удахгүй бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлнэ. Тиймээс эл хот дурсгалт газарт хэрхэн нөлөөлж буй талаар судалгааг хийлгэхийн тулд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр олон улсын шинжээчдийг ажиллуулах шаардлагатай. Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг дэлхийн өвд бүртгэсэн шалгуур үзүүлэлтүүдийн дунд нүүдлийн мал аж ахуй, түүнийг дагасан биет бус соёлын өвүүдийг онцгойлон дурдсан байдаг. Иймд шинэ хотын үзэл баримтлалд нүүдлийн мал аж ахуйг, соёлын олон төрлийг хамгаалах, хөгжүүлэх, оршин тогтнох тухай агуулгыг шингээж, түүнийгээ дагасан төлөвлөлт хийх, үнэт зүйл, тулгуур ойлголт, стандартыг дахин авч үзэх хэрэгтэй байна. Шинэ хотын газар нутаг зарим хэсгээрээ Орхоны хөндийн соёлын дурсгалт газар луу орсныг бас дахин бодолцох хэрэгтэй болов уу.
-Дэлхийн өвд бүртгүүлсэн дурсгалт газраа хадгалж хамгаалах зорилгоор олон улсад ямар арга хэмжээ авдаг юм бол?
-Дурсгалт газар гэдгээрээ ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлсэн учраас эх төрх, бүрэн бүтэн байдлыг хангах нь хамгийн чухал. Ер нь дэлхийн өвд бүртгэснээс хойш тухайн улс хүн төрөлхтний өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй болдог юм. Соёлын өвөө хадгалж, хамгаалахад анхаарч, сэргээн засварлах үйл ажиллагааг байнга, тогтвортой явуулах хэрэгтэй. Орхоны хөндий бол олон цаг үеийн соёлт давхарга бүхий, соёлын болон түүхэн дурсгалууд ихтэй, эртний хот, суурин, уран барилгын туурь хадгалагдаж үлдсэн газарт археологийн малтлага, өвийн төрөл бүрийн судалгаа, хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлах үйл ажиллагаа, үл хөдлөх дурсгалуудын ашиглалт ба хэрэглээ, ногоон байгууламж буюу хүрээлэн буй орчны менежмент хэрэгжүүлдэг. Цаашлаад орон нутгийн дэд бүтэц, хот байгуулалтын төлөвлөлтийг дурсгалт газрын онцлогтой уялдуулах, уран барилгын туурийг сэргээн босгох, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, музей, соёлын орон зайг бий болох цогц арга хэмжээг системтэйгээр тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай. Ийм онцлогтой түүхэн дурсгалт газар буй хотууд өөр өөрийн стандарт, үнэт зүйл, өнгө төрхийг бий болгодог онцлогтой. Ер нь Орхоны хөндийн дурсгалт газар болон соёлын өвүүдийг хадгалж, хамгаалах, судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх цогц арга хэмжээ авах хэрэгцээ, шаардлага хэдийн үүссэн. Газрын хөрсөн дээр болон доор буй соёлын өвүүдийг эх төрх, бүрэн бүтэн байдлаар нь хэрхэн урт удаан хугацаанд хамгаалж, сэргээн засах боломжтойг шат дараатай судалгаа, шинжилгээний үндсэн дээр тодорхойлох ёстой.
-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг цаашид хадгалан, хамгаалж үлдэхийн тулд нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
-Арлын Япон оронд соёлын өвийн үндэсний судалгааны улсын хэмжээний хоёр том байгууллага бий. Үүний нэг нь Нарагийн соёлын өвийн үндэсний судалгааны хүрээлэн юм. Япон Улсын хамгийн анхны төрт улс Нара хотод үүссэн байдаг. Эртний нийслэл нь тэнд оршиж байсан учраас Нарагийн соёлын өвийн дурсгалт газарт ихээхэн анхаардаг юм. Тиймээс археологийн малтлага, судалгаагаар илрүүлсэн дурсгалуудаа хадгалж, хамгаалах, нийтэд дэлгэн үзүүлэх, үнэ цэнийг нь ойлгуулах зорилгоор боловсролын, танин мэдэхүйн музей байгуулжээ. Мөн газрын хөрсөн доор оршин буй барилга, байгууламжийн туурийг нээн илрүүлсний дараа нийтэд дэлгэн үзүүлэхээр ил музей байгуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэл бий болгож буй. Түүнчлэн нэгэнт устсан барилгын туурийг хамгаалж, сэргээн босгох ажлыг шат дараатай хийдэг юм билээ. Бас амрах, зугаалах, таатай орчин бүрдүүлэх үүднээс ногоон байгууламжийг соёлын өвтэй нь уялдуулан цогцоор нь бүтээн байгуулжээ. Үүний адилаар Орхонын хөндийн соёлын өвүүд, эртний хот, суурин, уран барилгын туурь, үл хөдлөх соёлын дурсгал, байгалийн өвүүд, биет болон биет бус өвийн судалгааг хийж, хадгалж, хамгаалан, сэргээн засварлан, өвийн ашиглалт, ба хэрэглээ, малтлага судалгаа, сэргээн босголт, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, соёлын орон зай бий болгох менежментийн төлөвлөлт хийх мэргэжлийн байгууллага шаардлагатай. Үүний тулд Хархорумын соёлын өвийн үндэсний судалгааны хүрээлэнг байгуулах хэрэгтэй. Ийм байгууллагатай болсноор соёлын өвийн үл хөдлөх, дурсгалт газрын өвийг сэргээн засварлах, хадгалж, хамгаалахад томоохон ахиц гаргана. Ер нь соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлаж, хадгалан, хамгаалах шаардлагатай. Ялангуяа үл хөдлөх дурсгал буюу сүм хийдийг засварлахад цаг хугацаа, мэргэжлийн боловсон хүчин, материалын шинжилгээ, судалгааны лаборатори шаардлагатай болдог. Тоног төхөөрөмж, материаллаг бааз ч хэрэгтэй. Тиймээс цаашид олон улсын хөрөнгө оруулалтыг энэ чиглэлд татах хэрэгтэй гэж боддог юм.
Дэлхийн улс үндэстэн бүр л өөрсдийнхөө соёлын өвийг дэлхийн өвд бүртгүүлэх чин хүсэл, эрмэлзэлтэй. Тиймдээ ч үе шаттайгаар нэлээд олон алхам хийдэг. Аливаа улс орны соёлын өвийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэхээс гадна бас хасдаг. Хэрэв тухай улс өвийнхөө шалгуур үзүүлэлт, үнэ цэнийг алдсан, соёлын өвд эрсдэл үүсгэсэн нь нотлогдсон, үүргээ биелүүлээгүй бол дэлхийн өвөөс хасах арга хэмжээг авна. Тухайлбал, Оманы Султан, ХБНГУ, Англи зэрэг улс дэлхийн өвөөс дурсгалт газраа хасуулж байв. Гол шалгаан нь дурсгалт газрын эх төрх, бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан. Ингэхдээ ЮНЕСКО-гийн тусгай шинжээчид тус улсад очиж, эрсдэлийн үнэлгээ, шинжилгээ хийсний үндсэн дээр дүгнэлт гаргана. Үүний хүрээнд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо хуралдаж өвийг хасах, эсэхийг шийддэг. Тиймээс бид ч гэсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт ирээдүйд үүсэж болох эрсдэлийг сайтар судалж, урьдчилан таамаглаж, нарийн мэдээлэл, судалгаанд үндэслэн, олон талын хэлэлцүүлэг өрнүүлж байж дараа дараагийн алхмаа тодорхойлох нь зүйтэй.
Манай улс дэлхийн өвд бүртгүүлсэн соёлын өвөө хадгалж, хамгаалах, нийтийн хүртээл, соёлын орон зайн бүтээн байгуулалт хийж болохоор байна. Жишээ нь, Эрдэнэ Зуу хийдийн хойно орших Эзэнт гүрний үеийн дөрвөн зуухыг Монгол-Германы хамтарсан экспедицийнхэн судлаад нээж харуулах боломжгүй учраас буцаан булсан байдаг. Ер нь ингэж булсан олдвор манайд цөөнгүй. Тиймээс эдгээрийг нээж үзүүлэхэд тухайн дурсгалын орчимд барилга, байгууламж барих хэрэгтэй. Мөн дурсгалт газар буй соёлын өвүүдийг олон төрлөөр ашиглаж, аялал жуулчлалын хэрэглээнд оруулдаг. Тэгэхээр дурсгалын ашиглалт, хэрэглээг цогцоор нь шийдэх хэрэгтэй гэсэн үг. Хаана нь авто зам тавьж, хаагуур нь явган хүний зам, зогсоол, худалдаа үйлчилгээний хэсэг, аялал жуулчлалын мэдээллийн төв бий болгох вэ гэдгээс эхлээд нэгбүрчлэн, нарийн төлөвлөгөөний дагуу шийдвэл зохистой. Нөгөөтээгүүр, зарим улсын жишээг харахад аялал жуулчлалыг хэт хөгжүүлэх гэж оролдсоноор соёлын өвөө сүйтгэсэн тохиолдол цөөнгүй бий юм билээ. Тиймээс ачаалалтай аялал жуулчлалаас үүдэх эрсдэлийг хөгжингүй орнуудад бууруулах арга хэмжээ авч буй.
У.Цэцэг