ШӨХТГ-ын дарга, АН-ын дэд дарга асан О.Магнай, нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун, тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад өдгөө Хорих ял эдлүүлэх албаны дэд даргаар томилогдсон, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр хэлэлцэхээр товлоод байв. Гэвч өмгөөлөгч нар нь элдэв хүсэлт гаргаснаар хойшлууллаа.
О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа хурандаа Б.Цогжаргалд хөндлөнгөөс нөлөөлж, шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн нар Баянгол дүүргийн нутагт Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итаны хөрөнгө оруулж барьсан 11 давхар шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг 723 саяар үнэлэн иргэн С.Отгонжаргал (О.Магнайгийн ээж)-ын “Дархан цамхаг” компанид шилжүүлсэн. Дээрх гадаадын иргэнд О.Магнай 2014 онд 300 мянган ам.доллароор зарсан газар дээрээ барилга бариулчхаад ийнхүү үнэлүүлж шилжүүлэн авахад шийдвэр гүйцэтгэгч нар албан тушаалаа ашиглан оролцсон хэрэгт холбогдсон билээ. НШШГГ-ын ажилтнууд 2018 оны тавдугаар сарын 16-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дээрх Ливаны иргэний эзэмшлийн “Седарс партнерс” ХХК-ийн мэдэлд байсан 11 давхар объектыг хураан авч, 724 сая төгрөгөөр үнэлж, хоёр хоногийн дараа О.Магнайгийн хамаарал бүхий “Дархан цамхаг” ХХК-д шилжүүлсэн байдаг.
Үүнээс гадна нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулууны хэргийг О.Магнайгийн үйлдэлд нэгтгэн шүүхэд шилжүүлсэн билээ. Тодруулбал, ШӨХТГ-ын дарга байхдаа О.Магнай түүнд нөлөөлж ээжийнхээ эзэмшлийн “Баянцамхаг” ХХК-д Баянзүрх дүүргийн I хорооны нутагт 896 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгуулсан хэрэгт хамтран оролцсон гэж яллагдагчаар татагдсан юм.
Газрын албаны дарга Э.Болорчулууны хувьд Ц.Шижиртэй хамт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын газраас дур мэдэн “Нармон” ХХК, авга дүү Б.Бямбацогт тэргүүтэй хүмүүст олгосон, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох заалтыг зөрчин “Эко констракшн”-ы С.Нямдаваагийн эзэмшиж байсан, Сүхбаатар дүүргийн нутаг дахь 6750 ам метр талбайн хэмжээг 12 649 болгон нэмэгдүүлж, газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан гэх зэрэг цөөнгүй үйлдэлд яллагдагчаар татагдсан билээ. О.Магнай, Э.Болорчулуун, хурандаа Б.Цогжаргал тэргүүтэй 11 хүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 13.5-3.1-ийн албаны эрх нөлөөг ашиглаж бусдыг заналхийлсэн, 17.3-2.2-ын бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан, 18.6-1 дэх мөнгө угаасан, худал мэдүүлэг өгсөн хэмээх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Г.Орчлон