Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч хүний папиллома вирус (HPV)-ээс сэргийлэх вакциныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас улсын хэмжээнд хийж эхэлсэн билээ. Хүйс харгалзахгүй, 11 насныханд хийж буй уг дархлаажуулалтад өдгөө зорилтот бүлгийнхний 27 хувь нь хамрагджээ. Манай улс хүний памиллома вирусний эсрэг вакциныг Дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд үндэсний товлолд хамруулсан. Үүний дагуу дээрх насны 78 000 орчим хүүхэд уг вакциныг заавал хийлгэх заалттай. Гэвч вакцин хийж эхэлснээс хойш хамрагдалт төдийлөн нэмэгдэхгүй байгаа аж. Энэ нь нийгэмд тархсан буруу ташаа мэдээлэл, вакцин эсэргүүцэгчдийн сөрөг нөлөөтэй холбоотойг эмч нар хэлсэн юм. Тодруулбал, иргэд, олон нийт зөвхөн 11 настай хүүхдүүдэд л уг вакциныг хийж, “хордуулах” гэж буй мэтээр ярьж, ойлгоод байгаа гэнэ. Тэгвэл HPV-ийг илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, халдвар аваагүй тохиолдолд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцинд сайн дураар хамрагдах боломжтой юм.
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх дархлаажуулалтын явцын талаар ЭМЯ-ны Халдварт өвчний хэлтсийн дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзулаас тодруулахад “Хүний папиллома вирус нь ганц умайн хүзүүний бус, 6-7 төрлийн хавдар үүсгэдэг. Зорилтот бүлгийн 78 мянган хүүхдийг дархлаажуулахаас одоогоор 27 хувь нь хамрагджээ. Иргэдийн мэдээлэл дутмаг буйгаас хүүхдээ вакцинд хамруулах нь бага байна. Тиймээс эцэг, эхчүүдэд бодит мэдээллийг газар дээр нь очиж хүргэхээр төлөвлөсөн. Засгийн газрын 472 дугаар тогтоолоор 13 өвчний эсрэг есөн төрлийн вакциныг товлолын дагуу хийж буй. Тиймээс харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ он гараад 12 нас хүрсэн хүүхдүүд ч вакцин тариулж болно. Мөн 12-14 хүртэлх насны хүүхдэд товлолын дагуу нэг тун вакциныг өрхийн эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүй хийж байгаа. Энэ онд сургуульд суурилсан дархлаажуулалтыг дахин хийнэ” гэв.
Манай улсад умайн хүзүүний хорт хавдраар жилд 400 гаруй эмэгтэй шинээр оношлогдож байна. 2013 онд 160 эмэгтэй уг хавдрын улмаас нас баржээ. ХСҮТ-д жилд ойролцоогоор 700 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын урьтал болон хавдрын улмаас мэс ажиллаварт ордог гэсэн мэдээлэл бий.
Ташрамд дурдахад, умайн хүзүүний хавдрын эсрэг дөрвөн цэнт вакциныг манай улс НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар оруулж ирсэн. Тус вакцин нь АНУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-ын гэрчилгээтэй. Өсвөр насныхныг бэлгийн харьцаанд орохоос нь өмнө уг дархлаажуулалтыг хийснээр бэлгийн үү, умайн хүзүүний болон шулуун гэдэсний хорт хавдраас давхар сэргийлнэ. Өдгөө дэлхийн 75 улсад дээрх вакциныг хүйс харгалзахгүй хийж буй юм.
Ч.Болор