Нийслэлчүүд замын түгжрэлээсээ салах гэж өнгөрсөн хугацаанд элдэв бусын л арга хэрэглэв. Тээврийн хэрэгслийн албан татварыг хэд дахин нэмж, авто замуудаа өргөтгөлөө. Цөөнгүй гүүр барьж, хурдны зам ч тавив, тусыг олдоггүй ээ. “Түгжрэл”-ийн сайдтай болж үзлээ, түүний нэмэр ч гэж алга. Хавар болохоор агаарын бохирдол аяндаа буурдаг шиг авто замын түгжрэл ч сургууль амрахтай зэрэгцэн багасдаг болов. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнхны өвлийн амралт өнгөрсөн сарын 20-ноос эхэлсэн. Дөнгөж I, II ангийн сурагчдын хичээл амрахад л замын түгжрэл нь бараг 30-40 хувиар буурчихдаг үзэгдэл манайхаас өөр улсад лав байхгүй л болов уу. Ямар сайндаа л иргэд түгжрэл үүсгэдэг бага сургуулиудыг хотоос гаргая гэж ёгтлох вэ дээ.
Үргэлжлүүлээд дунд, ахлах ангийнхан, мөн оюутнуудын хичээл амарсан энэ өдрүүдэд нийслэлчүүд “жаргаж” байна шүү дээ. Өглөө зам түгжрэлгүй, орой автобус хүрэлцээтэй. Даанч энэ тансаглал удаан үргэлжилдэггүй нь хөөрхийлөлтэй. Оюутан, сурагчдын амралт дуусангуут авто замууд тээврийн хэрэгслүүдээ даахгүй, “цөмрөхдөө” тулдаг. Хамгийн хачирхалтай нь, төрийн харалган түшээд, сайд, дарга нар зам хэзээ түгжрээд, ямар үед нь сэлүүхэн байгааг анзаарахыг хүсэхгүйд л учир бий юм.
Замын түгжрэлийн хамгийн том шалтгаануудын нэг нь яах аргагүй хот төлөвлөлтийн алдаанаас үүдэлтэй сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй, чанаргүй байдал гэдгийг бид хүүхдүүд амарсан үеэр бишгүй мэдэрлээ, харлаа. Иймд бүгдээрээ хэмнэж болох бүхнийгээ хямгадаад “бүсээ чангалаад” ч болов боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг л нэн даруй нэмэгдүүлэх шаардлагатай юм байна. Тэгж чадвал утаа аяндаа арилдаг шиг олон асуудал аажимдаа цэгцрэх боломжтойг судлаач, мэргэжилтнүүд ч хэлж буй.
500 мянган хүн амтай төлөвлөсөн нийслэл хотод өдгөө хоёр сая орчим хүн холхиж буй. Хотын утаа, түгжрэлийг шидэт дохиураар арилгачихгүйгээс хойш дэд бүтцийг нь нэн тэргүүнд сайжруулахаас өөр сонголт бидэнд үгүй. Ингэхдээ “хоолойд тулсан” хамгийн чухал асуудлаасаа эхэлсэн нь зүйтэй. Хороо, сум, аймаг, дүүрэг бүрийг хүүхдийн тоотой уялдуулан сургууль, цэцэрлэгээр бүрэн хангах нь эхний ээлжийн ажил. Үүний дараа төрийн өмчийн боловсролын байгууллагуудад сургалтын орчин үеийн хөтөлбөрүүдийг нэвтрүүлж, шаардлагатай техник, төхөөрөмжүүдээр ханган, багш, ажилтнуудын цалин хангамжийг нэмэгдүүлэх замаар чанар, хүртээмжийг нь сайжруулах боломжтой гэж судлаачид харж байна. Ингэсний дараа хамран сургах тойргийн тушаал, шийдвэрийг ягштал мөрдүүлэхэд оройтохгүй аж.
Боловсролдоо хамгийн их хөрөнгө оруулах замаар дээрх асуудлуудыг шийдсэн зарим улс орны жишээг хүргэе. Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын салбарын 1970-2023 он хүртэлх тайланд боловсролын салбартаа ДНБ-ийхээ хамгийн их хувийг зарцуулдаг дэлхийн 10 улсыг жагсаасан байв. Эл үзүүлэлтийг ДНБ-ийхээ 7.1 хувийг боловсролд зарцуулдгаараа Финланд тэргүүлж, Норвег 6.38 хувиар удаалжээ. Эстони ДНБ-ийхээ 5.48, Өмнөд Солонгос 5.06, Монгол Улс 2017 оны байдлаар 4.6, 2023-2024 онд таван хувийг боловсролд хөрөнгө оруулж байна гэж дээрх тайланд дурдаж. Бусад орныг бодвол манай ДНБ-д эзлэх боловсролын салбарын зардал тийм ч бага биш харагдавч тухайн улсын эдийн засгийн чадамж, төсвийн орлого, зарлагатай нь харьцуулахад хангалтгүй дүн юм.
Улс орнуудын нэг хүнд ногдох боловсролын жилийн нийт зардлыг авч үзвэл Норвег 4600, Швейцар 3650, Дани 3300, Люксембург 3170, Исланд 2900 ам.доллар гэх зэргээр жагсаалт цааш хөвөрнө. Эдгээр болон боловсролын хөрөнгө оруулалт сайтай бусад оронд багш нарын жилийн дундаж цалин 54-75 мянган ам.доллар байна. Өөрөөр хэлбэл, багш нарын сарын дундаж цалин олон улсад 4500-6250 ам.доллар. Энэ мэт үзүүлэлтээр тухайн улс орны боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг “шинжиж” болох аж. Санхүүжилтийг ихэвчлэн сургуулийн барилга, байгууламжийг нэмэх, анги танхимын хүрэлцээг сайжруулах, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, багш нарын цалинг нэмэх зэрэгт зарцуулж иржээ. Тийм ч учраас нэр дурдсан улс орнуудад сургууль, цэцэрлэгүүд нь сурагчдын хэрэгцээнд нийцсэн орчинтой, бүх хөтөлбөр нь чанартай боловсрол олгоход чиглэж буй.
Манай улс ч сүүлийн үед салбарын санхүүжилтэд нэлээд анхаарсан. Тодруулбал, Засгийн газраас боловсролын салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд нэг сурагчид ногдох хувьсах зардлыг өнгөрсөн онд нэмэгдүүлсэн билээ. Өмнө нь уг зардлыг цэцэрлэг, бага, дунд, ахлах ангийн хүүхдийнх гэхчлэн 910 000-1 020 000 төгрөгөөр тооцон олгодог байв. Харин өдгөө эл хувьсах зардлыг 1.5-2.5 сая төгрөг болгон нэмэгдүүлээд байна. Гэсэн ч дээрх орнуудтай харьцуулахад нэг хүүхдэд ногдох боловсролын жилийн зардал мянган ам.долларт ч хүрэхгүй байгаа юм. Төсвөөс олгодог энэхүү 1.5-2.5 сая төгрөг нь хүүхдийн боловсролд дангаараа зарцуулагддаггүй. Үүнд багшийн цалин, хөгжил, сургалтын хэрэглэгдэхүүн, цахим хэрэглээ, тоног төхөөрөмж, хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн зардал шингэдэг.
Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд хүрэлцэхгүй, чанаргүй байгаагаас боловсролын тэгш бус байдал манайд газар авсан. Хамран сургах тойргоос үл хамааран эцэг, эхчүүд хүүхдээ хотын төвийн аль гайгүй гэсэн сургуульд хандив, хахуулийг нь бүр ил цагаан өгөөд явуулдаг болов. Боломжийн амьдралтай нь хувийн сургууль бараадуулах нь бий. Түүнчлэн түгжрэл гэр бүлүүдэд нэмэлт дарамт учруулж буйгаас хүүхдүүдээ ажилтайгаа ойр цэцэрлэгт явуулдаг гэхчлэн сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа зах замбараагаа алдчихаад буй юм.
Ерөнхий боловсролын сургуулиудын хамран сургах тойргийг хамгийн сүүлд Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны гуравдугаар сарын 25-ны А/82 дугаар тушаалаар шинэчлэн баталсан байдаг. Тодруулбал, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох аргачлалын дагуу аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нар орон нутгийнхаа хамран сургах тойргийг тогтоох учиртай. Үүний дагуу 2-5 насныхан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өөрсдийн оршин суугаа бүсийн сургууль, цэцэрлэгт хамрагдах ёстой ч эл тогтоол үйлчлэхээ болиод удав. Тэгвэл олон улсад ерөнхий боловсролын сургуулиудын байршил, хамран сургах тойргийн зохицуулалт нь боловсролын бодлого, хүн амын нягтрал, газар зүйн онцлогоос хамаарч харилцан адилгүй. Гэхдээ нэг нийтлэг зарчим баримталдаг юм билээ. Тухайлбал, хүн амын тархалт бага, газар зүйн хувьд алслагдмал тосгон олонтой бол сургуулиудыг бүсчлэн, төвлөрсөн байдлаар байгуулдаг гэнэ. Энэ тохиолдолд сурагчдыг аюулгүй тээвэрлэх үүрэг хүлээнэ. Харин хүн ам ихтэй хот, сууринуудад сургууль, цэцэрлэгийг дүүрэг, хороо бүрд жигд байгуулж, хүүхдүүдийг харьяаллын дагуу буюу гэрийнх нь ойр орчинд суралцах боломжийг олгодог. Зарим улсад хамран сургах тойргийг манайх шиг орон нутгийн захиргаа нь шийддэг аж. Түүнчлэн төрийн өмчийн сургуулиудын хүрэлцээ хангалтгүй үед хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажиллах замаар хамран сургах тойргийг тэлж, боловсролын тэгш байдлыг хангадаг байна.
Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшлийн 1407 цэцэрлэгт 264 818 хүүхэд хамрагдаж байна гэсэн статистик бий. Мөн ерөнхий боловсролын дээрх өмчийн 871 сургууль үйл ажиллагаа явуулж буй. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг өнгөрсөн онд 93 хувьд хүргэсэн гэж салбарын яамнаас мэдээлсэн. Гэсэн ч улсын сургуулиудын олонх нь чанаргүйгээс, тэр дундаа Кэмбрижийн хөтөлбөрийн хүртээмж, гадаад хэлний хөтөлбөр дутмагаас эцэг, эхчүүдэд гологддог гэдгийг тэд “мэддэггүй”. Иймд ерөнхий боловсролын сургалтын агуулгыг олон улсын стандарттай уялдуулан шинэчлэх, дүүрэг бүрийг Кэмбрижийн хөтөлбөртэй ядаж 1-2 сургуультай болгох, багш нарын ур чадварыг дээшлүүлэх, гадаад хэл заах арга барилыг нь сайжруулах замаар цалинг нь нэмэх, сургалтын орчин, материаллаг баазаар тасралтгүй хангах зэрэг хэрэгцээ чухал хэвээр байна. Цаашлаад хувийн сургуулийнхныг өстөн дайсан мэт харах бус, сургалтын сайн туршлагуудыг нь нэвтрүүлэх, сурагч солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт олон боломж бидэнд бий.
Хэдий болтол төсөв мөнгө байхгүй хэмээн гоншигнох вэ. Өгье гэвэл ганцаасаа гэдэг дээ. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье гэвэл манайд нөөц бололцоо арвин. Тухайлбал, Засгийн газрын өчнөөн тусгай сан байдаг. Түүн шиг боловсролын хөрөнгө оруулалтын сан байгуулахад буруудах зүйлгүй. Салбарын хэмжээнд Боловсролын зээлийн болон Насан туршийн боловсролын санг ажиллуулж буй. Харин хөрөнгө оруулалт руу чиглэсэн тусгай сан хараахан алга. Магадгүй хөрөнгө оруулалтын сантай болчихвол салбарын санхүүжилтийн эх үүсвэрийг тогтворжуулах, улмаар боловсролын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ч мэднэ. Бусад сангийн адил улсын төсвөөс, байгалийн баялгийн орлогоос, олон улсын донор байгууллагуудын дэмжлэгээр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хандив, олон нийтийн тусламжаар санхүүжүүлэх боломжтой.