“Ойрад Монгол судлалын хүрээлэн” төрийн бус байгууллагын захирал, ОХУ-ын Халимаг болон Тува улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Сүхбаатартай Монгол болон Тувагийн түүхийн талаар ярилцлаа. Тэрбээр МУБИС-ийн Түүхийн тэнхимийн дэд профессор, түүхийн ухааны доктор юм.
-ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн болон “Ойрад Монгол судлалын хүрээлэн” төрийн бус байгууллагынхан хамтран Тувагийн түүхийн талаарх эрдэм шинжилгээний хурлыг саяхан зохион байгууллаа. Тувагийн түүхийг судалдаг хүн хэр олон байна вэ?
-ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн болон “Ойрад монгол судлалын хүрээлэн” төрийн бус байгууллагынхан хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлаар нийт 14 илтгэл хэлэлцүүлж, Монгол, Тувагийн түүхэн болон орчин үеийн харилцааны асуудлуудыг голчлон хөндлөө. Тухайлбал, XVII-XVIII зууны Енисейн бүс нутаг дахь Халхын Алтан ханы болон Ойрад, Зүүнгарын нөлөөний талаар хэлэлцлээ. Мөн 1727 оны Чин улс, Оросын хилийн хэлэлцээр, Тува хошуу, отгуудын харьяалал, Богд хаант Монгол Улс, 1921 оноос хойших Тувагийн талаарх Монголын бодлогын талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн бид Туваг хэр сайн мэддэг, төрийн бодлогын хэмжээнд юу хийж байгааг дүгнэн залуу судлаачдад урам зориг өгч, санал солилцон, зорилгоо тодорхойллоо. Засгийн газар хоорондын харилцаа, хилийн хэлэлцээр, сүүлийн үеийн соёл, шинжлэх ухаан хамтын ажиллагаа зэрэг сэдвээр судлаачид санал солилцсоноороо онцлогтой. Тувагийн хүрээлэнгээс олон судлаач оролцсон хурал болсон. Тувагийн түүхийг олон хүн судалдаг ч үр дүнг нь бид сүүлийн үед төдийлөн сонсоогүй байж. Тувагийн судлаачид “шинэ, сонирхолтой олон судалгаа бий ч бидний зөвшөөрөх боломжгүй нь ч бас байна” гэж хэлж байв.
-Та судлаачийн хувьд тувачууд гэж хэн болох талаар тайлбарлахгүй юу?
-Тува нь Монголтой хөрш оршдог, ОХУ-ын 85 субъектийн нэг буюу Бүгд найрамдах статустай улс. Түүхийн хувьд монгол үндэстний нэгээхэн хэсэг юм. Бидний хувь тавилан, туулж ирсэн замнал, жаргал, зовлон адил. Түүхийн баримтад тулгуурлавал XIII зуунд Их Монгол Улсын үед ч тувачууд бидэнтэй хамт байж. “Монголын нууц товчоо”-нд ч 800 жилийн тэртээ Тува болон түүний орчмын овог аймгууд бидэнтэй хамт байсан тухай дурддаг. Миний хувьд бичмэл сурвалжийн баримтаар ярьж байна шүү дээ. Монголын эрин үе гэгдэх XIII-XVI, түүний дараах XV-XVI зуунд ч тувачууд бидэнтэй хамт байсаар ирсэн.
1600-гаад оны эхэн үед Тува Сибирь, Өмнөд Сибирь, Енисейн бүс нутгийн овог аймгуудын талаар орос сурвалжуудад дурдсан байдаг. Оросууд XVI зууны сүүлээр Уралын нуруу давж, Өмнөд Сибирийн овог аймгуудыг өөртөө нэгтгэн, зүүн тийш явсаар 80-90 жилийн дараа Камчаткийн хойгт хүрчээ. Тэдний шинэ газар нээж, эзэмшсэнтэй холбоотой зарим баримт бичгүүдэд Иртыш буюу Эрчис, Енисей буюу Кем мөрний сав дагуух бүс нутагт олон төрлийн овог аймаг оршдог байсан тухай мэдээлэл бий. XVII зууны эхэнд энэ бүс нутагт Халх Монголын баруун гарын Хотгойдын Алтан хан болон Дөрвөн ойрадын Цорос аймаг сөргөлдөн оршиж байж. Энэ бүс нутгийн Киргиз, Тэлэнгэд, Тува, Мянгад зэрэг аймаг нь хоёрдмол шинж чанартай буюу ойрадууд болон Алтан ханы улсад хоёуланд нь татвар төлдөг байсан. Дараа нь оросууд Өмнөд Сибирьт хүч түрэн орж, ноёрхлоо тогтоон хот, шивээ байгуулснаар мөн л тэдэнд татвар төлж эхэлсэн. Нэг ёсондоо гурван талд татвар төлөх хэмжээний дундын харьяалалтай овог аймгуудын нэг нь тувачууд байсан гэсэн үг. Енисейн бүс нутагт дахь олон аймгийн нэг байжээ.
Тувагийн түүхийг XVII зууны эхнээс 1667, 1667-1715, 1715-1912 зэргээр үечлэх боломжтой. 1667 онд Хотгойдын Алтан хан болон Ойрадын Сэнгэ хунтайжийн хооронд томоохон дайн болсон. Сэнгэ хунтайж Засагт хантай холбоолж 1640 оны “Их цааз”-ыг хэрэгжүүлэн, гуравдугаар Алтан хан Лувсанренчинг бут цохиж, ард түмэн төдийгүй эд хөрөнгийг нь ч Засагт ханд шилжүүлсэн. Харин харьяа газар нутгийг нь ойрадууд эзлэн авч. Ингээд Енисейн бүс нутагт ойрадууд ноёрхлоо бүрэн тогтоосон түүхтэй.
1694 онд Галдан бошигт Хэм, Хэмчигийн бэлчирт өргөөлж байлаа. Зүүнгар улс энэ бүс нутагт оросуудтай ширүүн тэмцэл өрнүүлж байжээ. Оросын нөлөөнөөс болгоомжилж, бас хоёрдмол харьяалалтай аймгуудыг бүрэн захирахын тулд Цэвээнравдан хаан 1702-1703 онд Енисейн бүс нутагт томоохон тохинуул хийж, Киргиз, Мянгад зэрэг аймгийг Алтай руу нүүлгэсэн. Ийм байдлаар улам цаашлуулсаар Исыккүль нуурт шилжүүлжээ. Үүний дараа энэ бүс нутагт Манж Чин улс ноёрхлоо тогтоосон юм. 1715 онд Хотгойдын Бүүвэй бэйл Алтайн өлгий буюу Ховд голын сав нутагт суурьшсан Дөрвөдийн Данжин тайжийг цохихоор гурван хошууны цэрэг цуглуулан довтолсон. Гэвч тэд Алтайн өлгий даваад зугтчихдаг. Бэлтгэсэн цэргийн хүчээ ашиглаад Чүй голын бүс нутаг руу дайрч тува нарыг олзлон Тагна уул, Тэс голын савд авчран нутаглуулсан түүхтэй. Хоролмай хэмээх ноёнтой тэрхүү тувачууд бол өнөөгийн Бүгд Найрамдах Тува Улсын ард иргэдийн өвөг дээдэс нь юм.
-Тувачуудыг зарим эрдэмтэн түрэг гаралтай гэдэг. Монгол угсаатан гэх нь ч бий. Тэдний гарал үүслийг сүүлийн үеийн судлаачид хэрхэн дүгнэж буй бол?
-Тува нар бол түрэг угсаатан. Эртний Түрэгийн холбоонд багтсан учир түрэг хэлтэй. Гэвч түүхийн туршид монголчуудтай хамт, холилдон аж төрсөн учир монголжсон нь их юм. Дотроо угсаатны олон бүлэгтэй. Салжак буюу салжууд, Ооржак буюу оорцог, Донгак гээд монголчуудын эрт, дунд үеийн бүх овог аймаг бий. Судлаачдын санал тэр бүр зөрөөд байдаггүй ч хувь хэмжээ тогтоох гэж оролддог. Хэлний эрдэмтэн Г.Жамьянгийн 1990-ээд онд 1000 үгэнд хийсэн судалгаагаар тувачуудын ярианд монгол хэлний нөлөө 35 хувьтай гэж үзсэн байдаг.
-Их Монгол Улсын бүрэлдэхүүнд байсны хувьд монголчуудтай соёлын хувьд их ойр гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл өнөөдөр соёлын харилцаа ямар түвшинд байна вэ?
-Сүүлийн үед тувачууд монгол өв соёлтой ойртон нөхөрлөж, үр шим хүртэх нь нэмэгдсэн. 1757 онд Увс нуурын сав газар дөрвөд, баяд нар ирж хөршилсөн байдаг. Түүнээс хойш тувачууд дөрвөд, баядуудтай маш өргөн харилцаатай болжээ. Улмаар тэдний нөлөөгөөр бурхны шашин Тувад дэлгэрсэн түүхтэй. Өдгөө Тува бурхны шашны өндөр соёлтой улс болж. 1930-аад онд Монголд лам нарыг хоморголон устгаж, сүм хийд нураасантай адил үйл явдал тэнд ч өрнөсөн. Харин 1990-ээд оноос хойш бурхны шашнаа дахин сэргээж, олон сүм хийд барьсаар байна. Энэ утгаараа бурхны шашны тухайд Монголтой салшгүй холбоотой гэсэн үг. Мөн аж ахуй, соёлын хувьд ер нь нийтлэг. Тува болон монгол бөхийг хооронд нь бараг л ялгах боломжгүйг бид мэднэ шүү дээ. Хувцас хэрэглэл, зүс царай гээд бүх талаараа төстэй. Түүнчлэн сүүлийн үед тувачууд Монголын соёлтой гүн холбоотойгоо маш сайн мэдэрч байна. Бид ийм хандлагыг эс тоож, зөнд нь орхиж болохгүй. Тувагийн хуучны таван хошууны дотор Эрзен хошууныхан монгол хэлээр ярилцдаг. Одоо ч монголоор ярьж байна. Гэтэл бид яагаад тэдэнд зориулсан нэг ч соёлын бодлого явуулахгүй байна вэ. Хилийн цаана байгаа монгол хэлтэй хүмүүсийнхээ хэл, соёлыг хамгаалахад нь бид заавал туслах ёстой шүү дээ. Тува ахан дүүст зориулсан соёл, шинжлэх ухааны байгууллагуудын бодлого, хөтөлбөрүүд нэн шаардлагатайг эрдэм шинжилгээний хурлын үеэр хөндсөн. Үүнийг төрийн бодлогын хэмжээнд биш юм гэхэд шинжлэх ухаан, соёлын байгууллагуудын хүрээнд анхаараасай гэж судлаачид хүсэж байгаа.
-Монгол, Тувагийн хилийн асуудал үе үе хөндөгддөг шүү дээ. Энэ чиглэлээрх судалгааг сүүлийн жилүүдэд хийсэн болов уу?
-Монгол, Тувагийн хилийн хэлэлцээр 1930 онд эхэлсэн. Тэгээд 1932, 1934, 1940 онд нийт дөрвөн удаа хэлэлцээр хийсэн байдаг. Хэлэлцээр бүр өөр өөрийн онцлогтой. 1930 онд гэхэд Давст уулыг Тувагийн талд авах зорилготой байв. Тувад давсны нөөц газаргүй учраас тэр шүү дээ. Гэтэл удалгүй Тувад давсны орд нээгдсэн тул 1932 оны хэлэлцээрийг өөрчилсөн. 1932 оных нь маш чухал хэлэлцээр. Үүнийг комисс болон Монголын Засгийн газар баталсан боловч Улсын бага хурал батлаагүй. Монгол, Тувагийн хилийн хэлэлцээр бол Баян-Өлгийн хойд захаас Увс, Завхан, Хөвсгөлийн зүүн нутаг хүртэлх урт шугамын дагуух, өргөн орон зайн асуудал. Үүнийг энд хэдхэн үгээр тайлбарлахад бэрх. Монголын тал хэлэлцээрийн үр дүнг баталж чадалгүй задгай орхисон. 1944 онд Тува ЗХУ-ын харьяанд орсноор хилийн асуудлыг ЗХУ, БНМАУ-ын хооронд шийдэхээр болсон юм. Ингээд 1958 онд найрамдалт хоёр улсын хооронд шийдсэн. Монгол, Тувагийн хилийн асуудлыг зөвхөн Давст уул, Тэсийн гол зэргээр хязгаарлан ойлгож болохгүй. Манжийн үеийн Тувагийн таван хошууны бүс нутгийн нэг хэсэг нь Хөвсгөл нуурын хоёр талд буюу одоо Монгол Улсын хилийн дотор байна. Тэсийн голын хойд хэсэг гээд наашаа орсон, цаашаа гарсан газар нутаг их. Бид Давст уул алдагдсан гэж ярьж байгаа. Үүнтэй адил Тувад Хөвсгөлийн газар нутаг, Завханы арын Тэсийн хэсэг алдагдсан гэх мэт сэдэв маш их. Өнө мөнх зэрэгцэн оршиж ирсэн ард түмний хооронд хил тогтоох нь хэцүү. Үүнийг дээрх таван удаагийн хилийн хэлэлцээрийн түүх харуулдаг. 1930-1940 оны дөрвөн удаагийн хэлэлцээр бол харилцан нэг нэгэндээ итгэж ойлголцсон ах, дүүс хоорондын шийдвэр байсан юм.
-Тувагийн түүхийг Монголынхтой холбогдуулан судлах нь ямар ач холбогдолтой вэ?
-Түүх гэдэг урт хугацаанд үргэлжилсэн үйл явцыг хэлдэг. Зарим асуудал одоо ч маргаантай хэвээрээ байна. 1921 онд Бүгд Найрамдах Тува Ард Улс байгуулагдсанаар тусдаа гарсан гээд түүхээ орхиж болохгүй. Үүнээс өмнөх 800, түүнээс урагших өчнөөн хугацааны түүх бий. Тиймээс бид Монгол, Тувагийн харилцааг урт ханан дээр байршуулж судлах ёстой. Харин жижиг сажиг хилийн асуудал, малын хулгай зэргээр ард түмний хоорондын түүхэн харилцаа, соёлын солилцоог тодорхойлж болохгүй. Хил дагуу амьдарч байгаа зарим хүмүүсийн харилцаан дахь зөрчил, буруу ойлголтын улмаас хазгай, мушгисан ойлголт хааяа гарч л байдаг. Үүнийг том асуудал мэтээр хүлээн авч болохгүй. Түүхэн харилцааг арай уужуу байдлаар судлах, хүлээн авах хэрэгтэй. Ер нь сүүлийн үед хүмүүс хоорондын, ялангуяа Тува улс болон манай Завхан, Увс аймгийнхны харилцаа өргөжиж буй. Тухайлбал, манайхан чөлөөт бүс байгуулна гээд хашаа хороо барих мэтээр хязгаарлагдмал байдлаар боддог. Гэтэл Увсын Улаангом аль хэдийн чөлөөт бүс болчихсон. Миний харснаар өдөр бүр 140-150 машин орж ирдэг гэсэн мэдээ бий. Ийм олон хүн орж ирж, арилжаа солилцоо хийн, нөхөрлөж, хамтдаа аж төрөх үйл явцыг эергээр харах хэрэгтэй. Тува бол асар том газартай ОХУ-ын зах хязгаар нутаг. Тийм ч учраас хөгжлийн түвшнээр төвийн бүсээсээ сул дорой гэх мэт олон зовлон бэрхшээлтэй. Гэхдээ бусад Бүгд найрамдах улстай харьцуулахад өөрсдийн хэл, соёлыг хангалттай хэмжээнд хадгалж үлдсэн. Түүнийхээ төлөө санаа тавьдаг. Бас өргөн уудам газар нутаг, өв соёлтойгоо оршин тогтнож байгаа улс. Өнөөгийн хөгжлийн сул талыг нь түүхийн том тавцанд тавиад харвал зовлон бэрхшээл биш мэт санагддаг юм. Тувагийн ард түмний оюун сэтгэхүйд өөрсдийн хэл, соёл, үнэт зүйлээ хадгалах философи нэвт шингэсэн нь онцлогтой. Тиймээс магадгүй 400 жилийн дараа ч Тува энэ хэвээрээ л оршсоор байх боломжтой. Өөрөөр хэлбэл, өнө мөнхийн оршин тогтнолтой гэж хардаг.
-Өнөөгийн Монгол, Тува хоёр улсын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд ямар алхмууд хэрэгтэй бол?
-Монголын төр засгаас, эсвэл холбогдох соёл урлаг, шинжлэх ухааны байгууллагууд ч тувачуудад санаа тавьж, анхаарах нь зүйтэй. Үүрэгтэй ч гэж хэлж болно. Монголд одоогоор 5000 гаруй тува угсаатан бий гэж тогтоосон байдаг. Гэтэл энэ тоо жилээс жилд цөөрсөөр буй. Учир нь 2000-аад оны үед Тувагаас Монголд ирж суралцдаг оюутан олон байлаа. Харин одоо тун цөөрсөн. Энэ мэт асуудалд анхаарч, хоёр улсын харилцааг илүү өргөжүүлэхэд төрийн бодлого хэрэгтэй.
У.Цэцэгсүрэн