Энэ оны эхний 10 сард 19 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Тэр дундаа өнгөрсөн сард нэг хүн ХДХВ-ийн халдвар авсан нь батлагдсан аж. Он гарснаас хойш илрүүлсэн тохиолдлууд нь өмнөх жилийн мөн үеийнхээс гурваар цөөн байна. Бүх тохиолдлыг Улаанбаатар хотод илрүүлжээ. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 387-д хүрээд буй юм. Уг өвчний улмаас энэ онд хоёр хүн нас баржээ.
Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сард бэлгийн замаар дамжих халдварт өвчний 9208 тохиолдол бүртгэгджээ. Уг үзүүлэлт нь нийт халдварт өвчний 30.04 хувийг эзэлсэн байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний тохиолдол өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 570-аар нэмэгдсэн гэнэ. Эл төрлийн халдварт өвчний 47.7 хувийг тэмбүү, 32.5 хувийг заг хүйтэн, 19.6 хувийг трихомониаз эзэлсэн аж. Тэр дундаа тэмбүүгийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 888 тохиолдлоор нэмэгджээ. Бүс нутгаар нь авч үзвэл Өмнөговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорнод аймаг болон Улаанбаатар хотод тэмбүүгийн өвчлөл улсын дунджаас өндөр байна.
М.ОЧ