Үсчин, гоо засалч, хумс урлаачдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-22-нд Бөхийн өргөөнд болно. Уг тэмцээн нь 75 сая төгрөгийн шагналын сантай юм байна. Оролцогчид нүүр будалтын, хумсны, сормуус, шивээс, эрэгтэй, эмэгтэйчүүдийн үс засалт зэрэг 35 төрөлд ур чадвараа сорих нь. Тэмцээн нь мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн үндсэн хоёр ангилалтай юм билээ.
Үсчин, гоо сайхны салбарын мэргэжилтнүүд, суралцагчдын ур чадварыг дээшлүүлэх, шинэ техник, технологитой танилцуулах, дэлхийн жишигт нийцүүлэн ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Алтан гар” мэргэжлийн холбооноос эл тэмцээнийг зохион байгуулж буй аж. Тэмцээний үндсэн шалгуур үзүүлэлттэй тус холбооны цахим хуудаснаас танилцах боломжтой. Ташрамд дурдахад, дээрх холбооныхон “OMC hairworld” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны алтан цомоо хүртээд буй юм.
А.ҮҮЛЭЭ