Улсын хэмжээнд энэ оны аравдугаар сараас эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад 28 багшийн туслах ажиллаж байна. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд “44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар ангид”, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд “Суралцагчийн ялгаатай хэрэгцээнээс хамаарч багшийн туслах ажиллуулах” талаар заасан байдаг. Улсын хэмжээнд ажиллаж буй 28 багшийн туслахын 12 нь тусгай хэрэгцээт хүүхэдтэй, 16 нь 44 буюу түүнээс дээш сурагчтай бага ангид ажиллаж байгаа аж.
Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын 105 дугаар сургуульд багшийн туслахаар хоёр хүн ажиллаж байна. Тус сургуульд хоёр дахь жилдээ ажиллаж буй туслах багш “Би түүх, нийгмийн багш мэргэжилтэй. Хүүхэд минь аутизмын хүрээний эмгэгтэй учир ажиллах боломж тааруу байсан. Харин багшийн туслахаар ажиллах болсноор өөрийн болон бусдын хүүхдэд туслах боломжтой боллоо” гэв. Багшийн туслах ажиллуулснаар үндсэн багшийн ажлыг хөнгөвчлөх, тусгай хэрэгцээт хүүхдийг хөгжүүлэхэд дэмжлэг болж буй аж. Ташрамд дуулгахад, МУБИС-иас багшийн туслах бэлтгэх сургалт зохион байгуулдаг аж.
Ч.Болор