Бага ангийн хүүхдийг анхлан бичүүлж сургахдаа үзэг, балаас гадна харандаа хэрэглэдэг туршлага олон улсад түгээмэл. Тухайлбал, боловсролоороо дэлхийд тэргүүлж буй Финланд улс харандаагаар бичих нь хүүхдэд алдаагаа арилгах боломж олгож, улмаар сурагчдад үүсэх стрессийг бууруулдаг гэж үздэг. Тэгвэл манай улс ч олон улсын эл жишгийн дагуу энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурагчдыг анхлан харандаагаар бичүүж эхэлсэн юм. Харин үсэг үзэж эхлэнгүүт балаар бичүүлж буй.
Гэхдээ хүүхдүүд үзгээ буруу барьж бичих тохиолдол цөөнгүй байгаа аж. Тухайлбал, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр ангид 7615 хүүхэд сурч байна. Есдүгээр сарын 1-нд эдгээр сурагчийн 51 хувь буюу 3851 нь үзэг зөв барьж хэвшсэн байжээ. Харин аравдугаар сарын 22-ны байдлаар 6121 сурагч буюу 80 хувь нь үзэг зөв барих дадалд суралцсан гэнэ.
Дүүргийн хэмжээнд 5512 эцэг, эх, 189 багшид бага ангид бичиг, хэрэгслийг зөв сонгох зөвлөмж, сургалт зохион байгуулснаар ийм үр дүнд хүрсэн хэмээн Боловсролын ерөнхий газрынхан үзэж байна. Цэцэрлэгийн наснаас нь эхлэн бал, харандаагаа зөв барьж бичиж сургах нь олон давуу талтай аж. Хүүхэд үзгээ буруу барьж бичсэнээр гар нь амархан цуцаж, цаашид бичих сонирхолгүй болоход нөлөөлдөг гэнэ. Тиймээс зарим сургууль үзэг баригчийг хүүхдүүдэд хэрэглүүлэх болжээ.