Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг илүү боловсронгуй болгож сайжруулах зорилгоор цахим систем нэвтрүүлэх гэж буй аж. Бэлчээрийг зүй зохистой ашиглахын тулд отрын бүс нутагт мал оруулахдаа ургацын баланс, даацад тулгуурлан зөвшөөрөл олгодог болохоос эхлээд давуу тал олон гэнэ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Амгаланбаатараас тодрууллаа.
-Бэлчээрийг цаг алдалгүй хамгаалахгүй бол нүүдлийн мал аж ахуй энэ хэвээрээ цааш үргэлжлэх боломжгүйг гадаад, дотоодын мэргэжилтнүүд анхааруулдаг.
Отрын бэлчээрийг зүй зохистой ашиглаж, хамгаалахаар нэвтрүүлж буй цахим системийнхээ тухай тодруулахгүй юү?
-Бэлчээрийг зөв зохистой ашиглах менежментийг бодитоор нэвтрүүлэх шаардлага бидний өмнө хэдийнэ тулгарсан. Наад зах нь улсын тусгай хэрэгцээний газрынхаа бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг баталдаг эрх бүхий нэгж байгууллагагүй явсаар өдий хүрчээ. Үнэхээр л тусгай хэрэгцээний газар мөн юм бол улс түүнийгээ хадгалж, хамгаалан, зүй зохистой ашиглах асуудлыг хариуцах ёстой. “
Улсынх юм чинь” гээд хэн дуртай нь отрын бүс рүү зоргоороо малаа оруулж, бэлчээрийг хайр гамгүй ашигладаг явдлыг цэгцлэхийн тулд цахим систем нэвтрүүлнэ. Ингэснээр Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан бэлчээрийн даацын мэдээлэлд суурилан, отрын бүсэд мал оруулах түр зөвшөөрөл олгодог нэр төдий арга хэлбэрийг өөрчилнө гэж үзэж байгаа.
Урьд нь Хэрлэнбаян-Улааны бэлчээрийн даацыг тогтоохдоо ганцхан цэг дээр үнэлээд, “Энэ жил 192 мянган толгой мал оруулах боломжтой” гэнгүүт тэдгээрийг яг хаана хаана оруулбал зохимжтой вэ гэдгээ төлөвлөж тооцолгүй зөвшөөрөл олгочихдог байсан. Тэгвэл одоо илүү нарийвчилсан үнэлгээтэй бэлчээрийн зураглалыг улаан, шар, ногоон тэмдэглэгээтэйгээр цахим системд оруулан, ашиглалтын хил тогтоож өгөх юм.
Жишээ нь, Хэрлэнбаян-Улааны энэ өвөлжөөнд Төв аймгийн Баян-Өнжүүлийн малчин Доржийн 3000 толгой малыг оруулъя гэдэг хүсэлтээ тухайн орон нутгийн удирдлагууд манайд цахимаар илгээж, зөвшөөрөл авна. Бид бэлчээрийн даац, үнэлгээгээ хараад, тэр өвөлжөөнд 3000 мал оруулах боломжгүй бол тухайн талхлагдсан хэсгийг системээс хаагаад, ногоон тэмдэглэгээтэй газруудаас сонгуулах юм.
-Бэлчээр ашиглалтын хил тогтооно гэдэг нь ямар учиртай, хэр зэрэг ач холбогдолтой ажил вэ?
-Улсын тусгай хэрэгцээний газар учраас хэн нэгэн өмчлөх ёсгүй гээд малчдын дунд хэрүүл маргаан нэлээд гардаг. Аймаг дундын отрын есөн бүсийг хариуцсан ганц ганц мэргэжилтэн хяналт тавих гээд хаана ч хүрэлцдэггүй. Одоо бүр арга нь нарийсаад, манай мэргэжилтэн шалгах гээд очихоор малаа эзэнгүй орхиод явчихдаг болсон. Өнөөхийг нь хөөгөөд гаргачихдаг, устаж үрэгдвэл бөөн асуудал үүснэ.
Тиймээс иргэн Дорж, Дулмаа нарын малаа оторлуулж буй өвөлжөө орчмын хилийг цахимаар тогтоож, гэрээний дагуу тухайн хэсгийн бэлчээрийг хамгаалах үүрэг хүлээлгэх юм. Ингэхээр гэрээ, зөвшөөрөлгүй хүмүүс зоргоороо нүүж очоод, бэлчээр талхлахгүй байх нөхцөл бүрдэнэ.
Цахим системийн өөр нэг давуу тал нь отор хийж буй малчид айлын тавиул мал олноор авдаг байдлыг хязгаарлах юм. Тодруулбал, энэ системийг Статистикийн үндэсний хорооны мэдээллийн сантай холбох учраас иргэн Доржийн оторлож буй 1000 толгой мал үнэхээр өөрийнх нь мөн, эсэхийг А данстай нь тулгаад харчих боломжтой.
Түүнчлэн ашиглагдахгүй байгаа бэлчээрүүдийг цахим системээр гидрогеологийн хавтгайн зурагтай давхцуулж үзэн, усгүйгээс болсон байвал тэнд нь худаг гаргаж, төвлөрөл ихтэй өөр газруудын малыг тийш нь аваачих зэргээр төлөвлөлт хийхэд дөхөм болно.