Өмнөговь аймгийн ЗДТГ-аас орон нутагтаа тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэхээр цөөнгүй арга хэмжээ авч эхэлсэн. Үүний хүрээнд аймгийн төв Даланзадгадад жуулчны гудамж байгуулахаар төлөвлөсөн байна.
Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Сүх-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Жуулчны гудамжтай болох ажил эхэлсэн үү. Зураг төсөл, төлөвлөгөө гаргаж, байгуулах хөрөнгө төсвөө шийдсэн юм уу?
-Загвар, төлөвлөгөө боловсруулж, батлуулахаар ажиллаж байна. Жуулчны гудамжны стандарт, дүрэм манай улсад байдаггүйгээс төлөвлөгөө, зураг гаргах ажил бага зэрэг удааширсан. Аялагчдад шаардлагатай үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх үүднээс аймгийнхаа төв хэсэгт жуулчны гудамж байгуулах боломжтой гэж үзэж байгаа.
Уг ажлынхаа эхлэл болгож бид аймгийн Төв шуудан буюу Мэдээлэл, технологийн сүлжээний газар орчмыг интернэттэй бүс болгож байгаа, энэ сард багтаан дуусгана. Түүнчлэн аймгийн төвд байрлах улсын баатар Т.Борын нэрэмжит талбайг өргөжүүлэн, орчин үеийн шийдлээр тохижуулах төлөвлөгөөтэй.
-Хэзээ хэрэгжүүлж дуусах вэ?
-Энэ онд багтаан зураг төсвөө гаргаад 2018 онд хэрэгжүүлж, 2019 оны жуулчны улирлаас өмнө бүрэн дуусгах боломжтой. Тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх хүрээнд үүнээс гадна олон ажил хэрэгжүүлэхээр сумд, тусгай хамгаалалттай газруудын захиргаа болон хил залгаа аймгуудтай хамтран ажиллаж байна. Манай аймагт өнгөрсөн онд 15.600 жуулчин ирсэн. Гэхдээ энэ нь бүгдийг бүртгэсэн дүн биш.
Цаашид дотоод, гадаад гэлтгүй ирж буй бүх хүнийг бүртгэхийн тулд орц, гарцыг сайжруулна. Дотоодын аялагч олширсонтой холбоотойгоор ил задгай хог хаягдал ихсэж буй. Тиймээс хог хаягдлаа тогтмол цэвэрлэх үүргийг сумдын ЗДТГ-ынханд өгч, зам дагуу хогийн сав, био жорлон суурилуулах зэрэг арга хэмжээ авч байна.