Богдхан уулын ойг цэвэрлэх шаардлагатай талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан мэдээллээ. Уулын ойн талбайн 98.8 хувь нь байгалийн, 0.1 хувь нь таримал, 1.1 хувь нь сөөг торлог аж. Ойгоор бүрхэгдээгүй талбайнх нь 8.4 хувь буюу 241 га-г шатсан ой эзэлж буй гэнэ. Унанги болон хөгширсөн мод их байгаа нь түймэр дэгдэх, хөнөөлт шавьж голомтлон тархах нөхцөл бүрдүүлж, ой нөхөн сэргэхэд хүндрэл учруулах болжээ.
Түүнчлэн ойн сангийнх нь 76 хувь хөгширсөн, түймэр, хөнөөлт шавьж, өвчинд удаа дараа нэрвэгдсэн бөгөөд хүчтэй салхинд мод унах үзэгдэл сүүлийн жилүүдэд илт олширсон байна. Цэвэрлээгүй ойд 160 орчим зүйлийн хөнөөлт шавьж үүрлэх таатай орчин бүрдэж, ойн экосистемийг эмзэг болгодог.
Хатсан унанги модонд л хортон шавьж үүрлэж, үрждэг учраас түүнээс ангижрахын тулд үүрийг нь цэвэрлэх ёстой. Богдхан ууланд хамгийн сүүлд 2013, 2014 онд цэвэрлэгээ хийжээ. Түүнээс хойш гар хүрэлгүй гурван жил болсон тул нэн даруй цэвэрлэх асуудлыг захиргааныхан БОАЖЯ-нд тавьж, шийдэл хүлээж буй юм байна.
Хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн “Ой хамгаалах нэрийн доор хав дардаг жишиг манайд байна. Үүнийг өөрчилж, жил бүр цэвэрлэх ёстой. Ойг цэвэрлэх гэдэг нь олон нийтийн ойлгодог шиг модыг нь огтолж, хядахын нэр биш. Харин хөгшин, хатсан, унанги модыг цэвэрлэж, горимын дагуу нөхөн сэргээдэг гэж ойлгох хэрэгтэй. Улсын хэмжээнд ойн төлөв байдлыг сайжруулах, нөхөн сэргэх нөхцөлийг хангах хэмжээний цэвэрлэгээ хийлгүй өдий хүрсэн. Сүүлийн 10 жилд нэг га талбай дахь унанги мод буюу шатах материалын нөөц 2-3 дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор түймрийн давтамж ойртлоо. Цэвэрлэгээ хийвэл түймрийн тоог хоёр, түүнд өртөх ойн талбайн хэмжээг 3-4 дахин багасгана. Мөн шинэс, нарсны түймэр тэсвэрлэх чадавхыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой” гэв.