Тархац нутаг нь суурьшлын бүстэй нийлснээс устах аюулд хүрээд буй тарвагануудыг нүүлгэн шилжүүлж, нөөцийг нь хадгалан үлдэх, цаашлаад тарваган тахал өвчин дэгдэхээс сэргийлэхийн тулд нийслэлийн Байгаль орчны газраас аюулд өртсөн амьтдыг шилжүүлэх биотехникийн арга хэмжээ авч эхлээд буй.
Энэ хүрээнд өнгөрсөн тавдугаар сард Шаргаморьт, Хуурай мухарын зуслан дахь 52 тарвагыг өөр газарт шилжүүлэн нутагшуулсан аж. Тарвага төллөх үе зургадугаар сарын 10-15-нд тохиодог учраас ажлаа түр хойшлуулаад байсан юм. Өдгөө мөндөл нь өвсөн тэжээлд орж, бие даах чадвартай болсон тул биотехникийн арга хэмжээг өнгөрсөн баасан гаригаас үргэлжлүүлжээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр тарвага шилжүүлэх ийм үйл ажиллагааг анх удаа хэрэгжүүлж буй бөгөөд “Амьтан асралт” гэх мэргэжлийн байгууллагынхан гүйцэтгэж байна.
Нүүлгэн шилжүүлэлтийн хоёр дахь шатанд тэд олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор орчмын 21 тарвагыг барьж, Сүүж ууланд аваачиж нутагшуулжээ. Тус цогцолборт өдгөө “Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр Жембори” олон улсын хүүхдийн чуулга уулзалт болж буй. Чуулганд оролцох 1500 хүүхдийн отог байрласан газарт дээрх 21 тарвага амьдарч байсан гэнэ.
Ингэснээр одоогоор 73 хулгар шар шинэ гэртэй болов. Ирэх сарын 1 хүртэлх хугацаанд энэ мэтээр суурьшлын бүсэд шахагдсан 27 тарвагыг нүүлгэснээр энэ жил төлөвлөсөн ажил нь дуусах бөгөөд ирэх жилээс үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.
“Зуслангийн бүсийн оршин суугчид тарвага нүүлгэх ажилд саад учруулах, эсэргүүцэх, тарвага барих зориулалтын хэрэгслийг эвдэн сүйтгэж буй нь ажил явуулахад хүндрэлтэй байна. Үүнээс үүдэн цаашид тарваган тахал дэгдэх эрсдэлтэй” гэж нийслэлийн Байгаль орчны газрынхан анхааруулсан юм.