Дундговь аймгийн Гурвансайхан сумынхан нутгаа жишиг сум болгон хөгжүүлж чаджээ. Тэд “Нэг өрх 10 мод” аянг эхлүүлж, аагим халуун нар шарж, улс орон даяар ган гачигт нэрвэгдээд буй энэ үед говьд мод ургуулж ногоон ойтой болохоор ханцуй шамлан ажиллаж байна. “Өнөөдөр” сонины сурвалжлах баг уг бүтээн байгуулалтыг сурвалжлахаар Гурвансайханыг зорив. Засгийн газар таван сумыг жишиг сум болгон хөгжүүлэхээр тав, таван тэрбумыг төсөвлөснийг бид мэднэ. Гурвансайханчууд тэдгээр сумынхнаас дутахгүй гэсэндээ төрөлх нутгаа өөрсдийн хүчээр жишиг сум болгон хөгжүүлж чаджээ. Бид сумын захад ирээд сураг төдий сонссон бүтээн байгуулалт бодит болохыг харлаа. Уудам нутагтай гэсэн шиг байшин барилга, хашаа хороогоо талын нэг тарааж барьдаг бусад сумын жишгийг тэд эвджээ. Гудамж нь цэгцтэй, нийтийн эзэмшлийн талбайн ихэнх хэсэгт мод суулгажээ. Аймгийн төвөөс гарч чулуулаг ихтэй, шороон замаар таваргасаар сумын захад ирэхэд засмал зам нийлж машины дугуй хөнгөрөөд ирэв. Засмал замын хоёр талаар гэрэлтүүлгийн шонгууд ярайна. Нарны зайн үүсгүүр бүхий эдгээр 200 гэрэл шөнө сумын төвийг өдөр мэт гэрэлтүүлдэг аж.
Гурвансайханы нутгийн зөвлөлийнхний 2014 оны золголтын үеэр нутгаа жишиг сум болгон хөгжүүлэх санаачлага гаргажээ. Санаачилагыг хэрэгжүүлэх даалгаврыг тухайн үед Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнд өгчээ. Өрх бүр өөрсдийн хөрөнгөөр хашаа, хороогоо шинэчилж засах ёстой гэж тэр иргэдэд итгүүлжээ. Энд бараг л дөрвөн улирлын турш салхилж байдаг. Тийм атал иргэд тохижиж төвхнөсөн хашаагаа орхин нүүдэллэсэн байна. Хаврын хавсарганаар хашаагүй задгай талд буурь сэлгэн буух нь нутгийнханд амаргүй л байсан байх. Зарим хүн эхэндээ бүтээн байгуулалтад төдийлөн итгээгүй гэдэг. Гэхдээ л гудамж талбайг дахин төлөвлөж, шинэ хашаа барихад өрх бүр 600 мянган төгрөг гаргасан байна. Сэтгэл зүрхээ зориулан, өөрсдийн хүчээр босгосон багахан боловч бүтээн байгуулалт тэдэнд урам өгчээ. Энэхүү бүтээн байгуулалтаа сумын нутаг дэвсгэрт байрлах уул уурхайн компаниуд болон гадаадын донор байгууллагад танилцуулж, хөрөнгө оруулалт татсан аж. Орон нутгийн уул уурхайн компаниуд, НҮБ, Дэлхийн банк, TIKA зэрэг цөөнгүй байгууллагаас хандив цугларсаар, зургаан тэрбумд хүрчээ. Хуучны банзан хашаагаа буулгаж, блок төмрөөр шинэчлэн барьсан гэр хорооллын энэ хэсгийг цэвэр бохир усны шугамтай холбосон байна. Энэ ажлыг нь НҮБ-аас дэмжиж хөрөнгө гаргажээ. Өөрөөр хэлбэл, хотын гэр хороололд ч байхгүй дэд бүтэц хөдөөд бий болсон нь энэ. Сумыг хөндлөн гулд хэрсэн хатуу хучилттай авто замтай болов. Улмаар цахилгаан шугамд холбогджээ. Мөн нэг давхар барилгаас татгалзаж гурван давхар орон сууц сүндэрлэж, зарим айл өрх орон сууцанд оров. “Сумандаа хотод байгаа мэт сайхан амьдарья” уриатайгаар эхлүүлсэн уг бүтээн байгуулалтын хүрээнд олон ажил хийжээ. Цагаа олсон бүтээн байгуулалт нутгаасаа явсан олон хүнийг эргэн ирэхэд нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, хот газар бараадсан иргэд нь эргэн ирж сууршиж эхэлжээ. Малаа маллая гээд ирсэн нэг хэсэг байхад, “Сумандаа сайхан амьдрах боломж бүрджээ” хэмээн ирсэн хүмүүс ч бий аж. Ямартай ч хот руу “дүрвэгсэд”-ийг эл бүтээн байгуулалтын хүрээнд хазаарлаж чадсан байна. Хөгжил дагасан суурьшлыг тогтворжуулахын тулд эхний ээлжинд сургуулийн гурван давхар барилгыг ашиглалтад оруулж, есөн жилийн боловсрол олгодог байсныг 12 жилийн сургалттай болгожээ.
Нутгийн иргэд 50 сая төгрөг хандивлаж, саяхан барьсан спорт биеийн тамрын тамхимын гадна хэдэн лам газар ухаж харагдав. Улсын чанартай уралдаан тэмцээний үед ашиглах нийтийн бие засах газар, хогийн цэг барихаар ажиллаж байгаа нь тэр аж. Энэ мэтээр буян номын мөр хөөсөн лам хийгээд тэтгэврийн эмээ, өвөө, сургуулийн сурагч гэлтгүй сумынхаа хөгжилд том багаггүй, гар бие оролцож байгааг харахад сайхан байлаа.
Завхан, Увс, Дорноговиос хүмүүс ирж гурвансайханчуудын бүтээн байгуулалттай танилцаж, туршлага судалжээ. Тэд “Алслагдсан сум хийгээд хил залгаа Өлзийт, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал зэрэг сумаас илүү хөгжжээ” гэж магтсан байна. Энэ мэтээр тэдний хийсэн ажил хол, ойрын хүний анхаарлыг татаж, гаднынхан тус суманд ирээд Монголын хөдөөд аялж зугаалахад таатай орчин бүрдсэнийг онцолж магтдаг болжээ. Энгэр бэлдээ гурван булагтай, гурван сайхан уул бүхий нутаг учраас тус сумыг Гурвансайхан гэж нэрлэжээ. Тус сумын нутагт улсын тусгай хамгаалалттай газар болох Их газрын чулуу, Ярхийн уул зэрэг үзэсгэлэнт газар бий. Ярхийн уул чулуун зэвсгийн үеийн дурсгалт газар. Одоогоос 300 мянга орчим жилийн өмнөх чулуун зэвсгийн дархны газар бөгөөд хасын хольцтой шаргал цахиурлаг чулуугаар хийсэн хянгар, хусуурын төрлийн зэвсэг олон бөгөөд хамгийн сонирхолтой нь Америкаас олдсон шиг гилбэр ба үзүүр мэсэн зэвсгүүд аж. Цахиуртын тал бас энэ нутгийнх. 1998 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад гуайн талаар кино хийхээр ирсэн Японы эрдэмтэн Цахиуртын талыг үзээд нулимс унагасан гэнэ лээ. Энэ мэтээр Гурвансайхан аялагчдыг татаж, үзүүлж харуулах зүйл ихтэй.
Гурвансайханаас мянгат малчин 60 гаруй төржээ. Нутгийн малчид таван төрөлд малаа өсгөж, 160 мянган толгой малтай болсон бөгөөд энэ нь нэг хүнд ногдох малын хэмжээгээр улсдаа тэргүүлэх үзүүлэлт юм. Тус сумын иргэдийн 60 гаруй хувь нь мал малладаг. Тиймээс малаа эрүүлжүүлж, чанаржуулахад ихээхэн анхаарч малын тоонд биш чанарт ач холбогдол өгдөг гэлээ. ИТХ-ын дарга А.Сүхбаатар “Алаг цоог гантай байгаа. Гэхдээ мал ногоонд цадаж, тарга тэвээрээ сайхан авсан” гэж ярилаа. Ган гачигт нэрмээс болж өнгөрсөн оноос үлийн цагаан оготно харагдах болжээ. Сумын Хөдөө аж ахуйн хэлтсээс оготно элбэгшсэн газарт судалгаа явуулж, нөхцөл байдлыг тодруулсан байна. Ингээд төрийн тусламж харж, онцгой байдлынхныг дуудалгүйгээр малчид өөрсдөө үлийн цагаан цагаан оготнотойгоо тэмцэж эхэлжээ. Гурвансайханчуудын гол онцлог энэ. Үүссэн эрсдэлийг эхлээд өөрсдийн хүчээр шийдэж, дараа нь “Бид ийм ажил хийсэн, одоо тийм дэмжлэг хэрэгтэй байна” гэх мэтээр асуудалд ханддаг. Газар талхалж, ургамлын үндэс иддэг энэ мэрэгчтэй тэмцэж, намраас өмнө устгахаар төлөвлөжээ.
Говьд усны бэрхшээлтэй. Тиймээс цэвэрлэх байгууламжаа түшиглээд саарал ус ашиглах зорилт тавьжээ. Ингэх боломж ч бүрэн байгаа аж. Гагцхүү ямар технологи суурилуулах, хаанаас хөрөнгө босгох шийдлээ ярилцаж байгаа аж. Үүнээс урьтаж иргэдийн сэтгэхүйг өөрчлөх нь чухал. Цэнгэг ус, агаарын сайханд амьдарч дадсан хөдөөгийнхний сэтгэхүйд ашигласан усыг цэвэршүүлж, дахин хэрэглэх ойлголт бага байж болох юм. Тиймээс эхлээд иргэддээ усыг дахин ашиглахын тусыг ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлсний дараа саарал ус гаргах технологи нэвтрүүлэхээр нутгийг удирдлагууд судалж буй гэнэ.
Бүтээн байгуулалт өрнөж, сумын төв өнгө засахын хэрээр иргэд илүү ихийг хүсэх нь мэдээж. Угаалгын газар, халуун ус, засмал зам, гэрэл, дулаантай болсон тэд улам л хөгжихийг хүсэж байна. Тухайлбал, лангуу дүүрэн бараатай ч нэг давхар дэлгүүрийнх нь өнгө үзэмж гологдож супермаркет, шинэ сайхан буудал, МСҮТ-тэй болохыг зорьж буй.
Барилга байгууламж, зам, талбай, гэрэл, дулаан зэрэг дэд бүтцээ дагаад орчноо ногоон байгууламжтай болгожээ. Говь хээрийн бүс учраас өвөл, хавар, намартаа салхилж байдаг эл нутагт модыг үндсээр нь булга татчих гээд байдаг гэмтэй. Гэхдээ нутгийнхан аргыг нь олж мод тарьжээ. Хийдийн хамба ногоон байгууламжид гар бие оролцож сүмийн орчин тойронд мод тарьсан байна. Ингээд зогсохгүй хийдийн лам нар мод амьтай, амьд байгалийг услах нь буян гэдгийг иргэдэд ойлгуулсан нь бүтээн байгуулалтад эергээр нөлөөлсөн хэмээн уулзсан хүмүүс онцолж байлаа. Говь хээрийн бүсэд багтдаг 554.9 ам метр нутагтай тус газарт цөлжилт эрчимтэй явагдаж байна.
МОДНООС ОЛСОН ҮР АШИГАА ИРГЭД ӨӨРСДӨӨ ХҮРТЭНЭ
Ногоон байгууламжаа хэрхэн арчилж, ургуулж буй талаар Гурвансайхан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Танай сумынхан цөлжилттэй хэрхэн тэмцэж байгаа вэ?
-2006 онд улсаас “Ногоон зурвас” хөтөлбөр хэрэгжүүлж орон даяар мод тарих хөдөлгөөн өрнөсөн. Манай сум эл хөтөлбөрт багтаж мод тарих ажлын эхлэлийг тавьсан. 2014 оноос энэ ажил эрчимжсэн. Гурвансайхан сум цөлжилт ихтэй. Тиймээс сумын төв, хөдөө гэлтгүй мод тарих сонирхолтой иргэн цөөнгүй бий. Манай сум таван багтай. Одоогоор сумын төвийн 10 га газарт таван төрлийн мод тарьсан. Нутгийн хөрсний бүтэц 70 хувь шавар, үлдсэн нь хайрга. Тиймээс хөрсөө жил өнжсөн бууцаар бордож арчилдаг. Ийм хөрсөнд улиас, чацаргана амьдрах чадвар сайн юм билээ. Сумын зүүн болон хойд хэсгээр цөлжилтийг хааж улиас, хайлаас тарьсан. Тарьсан модны 70 хувь нь хайлаас, 10 хувь нь улиас, таван хувь нь чацаргана. Энэ жил гурван га-д 200 чацаргана тарьсан. Усалгаа жигд болохоор ургалт 90 хувьтай байгаа. Ер нь энэ жил 4000 мод шинээр суулгасан.
-Тариалах модоо хаанаас авдаг вэ?
-Дундговь аймгийн Мод үржүүлгийн газарт захиалга өгч иргэдэд модоо үнэгүй тараасан. Иргэдэд нэг болзол тавьсан. Хэрвээ модоо үхүүлбэл модны мөнгийг авна гэсэн. “Нэг айл 10 мод” уриатай мод тарих ажил маань амжилттай хэрэгжиж байна.
-Мод тарьсан иргэдээ урамшуулдаг уу?
-Чацаргана тарьсан иргэд үр, жимсийг нь өөрсдөө авна. Мөн ажилгүй иргэдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж, мод услах ажилд дайчилсан. Жил бүр аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтэст төсөл өгч, тодорхой санхүүжилт авч, ажилгүй иргэдээ түр ажлын байраар хангадаг. Энэ жил төсөв авч чадаагүй. Гэхдээ БОАЖЯ-наас мод арчлахад зориулж, бидэнд таван сая төгрөгийн төсөв өгөхөөр болсныг Засаг дарга хэлсэн. Энэ жил 15 иргэнийг мод услах, арчлах ажилд оролцуулж байна. Тэд хоёр сар цалингүй ажиллаж байна. Ер нь иргэд маань шагнал урамшуулал гэхээсээ, мод тарих ажилд сэтгэлээрээ ханддаг. Айл өрхүүд хашаандаа мод тарихаас гадна нийтийн гудамж талбайд мод тарьсан. Манайхны нэг онцлог нь модыг хашаалж биш задгай тарьсан. Ургалт нь сайн байгаа. Мөн малчид булаг шандны ойролцоо мод тарина гээд суулгац аваад явсан. Намар багуудаар явж модоо хэр ургасныг шалгана.
-Говьд усны бэрхшээлтэй. Мод услахад хүндрэлтэй юү?
-Сумын дэд бүтэц хөгжсөн болохоор магистрал шугамаар ус шахаж моддоо усладаг. Мөн 20 орчим өрх хашаандаа худагтай. Хуваарь гаргаад модоо жигд услахад анхаардаг. Уул уурхайн компанийн хандиваар гаргасан гүний худагтай. Мянгат малчид нийлж мөн гүний худаг гаргасан. Бас дүйцүүлсэн хамгаалалтаар GPS компанийнханд гурван га талбай бүхий ногоон байгууламж хүлээлгэн өгсөн. Тэд өөрсдөө гүний худаг гаргасан. Өнгөрсөн хоёр сарын турш “Мод усалъя” аян эхлүүлж, иргэд өөрсдөө модоо усласан. Манай суманд дэд бүтэц хөгжсөний дээр бүрэн цахимжиж интернэтэд холбогдлоо. Нийгмийн сүлжээнд групп нээж 800 хүн нэгдээд байна. Хүүхэд, хөгшидгүй интернэтэд холбогдож, мод тарих талаар зөвлөгөө оруулж, санал бодлоо солилцдог. Мөн ямар нэг байдлаар мод руу мал оруулсан, гэмтээсэн бол зургийг нь оруулаад “донгодох” жишээтэй.