Тэмээн жингийн цувааг дүрсэлсэн баримал нийслэлд бий. Тэгвэл Дорноговь аймгийн төв Сайншандад яг ийм хөшөө сүндэрлэх нь. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Бугат хотын Дархан муу мянган хошууны хөрөнгө оруулалтаар барьж буй Хүүхэд, залуучуудын цэцэрлэгт хүрээлэнг энэ сарын эцсээр ашиглалтад оруулах бөгөөд гол баримал нь энэхүү жингийн цуваа гэнэ.
Уг цэцэрлэгт хүрээлэнг Бугат хотын 560 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хятад барилгачид барьж буй. Орон нутгаас санаачилга гаргаж иргэд, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл тохь тухтай орчинд амрах боломжийг бүрдүүлэх зорилгоор хөрш орны найрсаг хамтын ажиллагааны гэрээний дагуу уг хүрээлэнг бүтээн босгож байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байна.