Яг одоо Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо “Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул" уриатай жагсаал эхэлж байна.
Сүхбаатарчууд 2016 оны Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулиар Дарьганга суманд үнэмлэхүй ялалт байгуулсан Паламын Мөнхжаргалын бүрэн эрхийг Сүхбаатар аймгийн МАН хүлээн зөвшөөрөхгүй байгааг эсэргүүцэж, хийсэн сонголтыг нь хүндэтгэн үзэж, сонголтыг нь баталгаажуулахыг МАН-ын дарга М.Энхболдоос шаардаж байгаа аж. Энэ удаагийн жагсаалд 2000 орчим хүн Сүхбаатар аймгийн сум тус бүрээс төлөөлөн оролцож байгаа ба тэд сонголтыг нь баталгаажуулах 10 хоногийн хугацааг МАН-д өгч буйгаа мэдэгджээ.
Энэ хугацаанд сонголтыг нь баталгаажуулаагүй тохиолдолд өнөөдрийн жагсаалын хүчээ 10 дахин нэмж, Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайд жагсах гэнэ.Энэ удаагийн жагсаалд оролцогчид бүгд “СҮХБААТАРЧУУДЫН СОНГОЛТЫГ БАТАЛГААЖУУЛ” лоозонг гартаа барьжээ. Мөн жагсаал зохион байгуулалтын өндөр түвшинд болж байгааг онцлох хүмүүс олон байна.