Ойрын өдрүүдэд баруун аймгийн нутгаар цас орж, зам, даваа хаагдаад байгаа. Үүнтэй холбогдуулан дээрх чиглэлд зорчиж байсан автомашин, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан. Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхцэцэгээс тодрууллаа.
-Улаанбаатараас баруун аймгууд руу, тэндээс нийслэл рүү зорчиж байсан хэчнээн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав?
-Улаанбаатараас орон нутаг руу зорчиж байсан долоо, орон нутгаас нийслэл рүү ирж байсан таван тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Тэдгээр тээврийн хэрэгслээр зорчиж явсан 283 хүн саатсан.
-Зорчих тасалбарын үнэ дээр амь даатгалын мөнгө нэмж төлдөг. Байгалийн гамшгийн үед саатсан иргэдийг түр байлгах буудал, хоол ундны зардлыг амь даатгалын мөнгөөс гаргах уу?
-Даатгалын компаниудтай холбогдон, саатсан иргэдийг байрлуулах буудал, хоол, цайны мөнгийг нь гаргуулсан. Даатгалын зарим компани тухайн буудлын хүмүүстэй холбогдон дансанд нь мөнгө байршуулсан байна лээ. Орон нутагт салбартай компанийн ажилтнууд тухайн газарт очиж, иргэдийг буудалд оруулсан гэсэн.
Амь даатгал гэж тасалбарын үнэ дээр 100-1000 төгрөг нэмж тооцдог. Тиймээс байгалийн гамшигт үзэгдэл зогстол буюу зам харгуйг нээтэл тухайн даатгалын компани зорчигчдын байрлах газар, хоол ундны зардлыг хариуцах ёстой.
-Баянхонгор руу явсан иргэд Өвөрхангайн Арвайхээрт уржигдар саатсан. Тэд буудал, хоолны мөнгөө өөрсдөө төлсөн байна. Даатгалын компаниас төлбөрийг нь буцааж олгоно биз дээ?
-Тэр чиглэлд үйлчилж буй тээврийн хэрэгсэл “Мөнх” компанид даатгуулсан юм билээ. Тус компанийн менежертэй холбогдоход “Зорчигчдын буудал, хоолны мөнгийг шилжүүлсэн. Зорчигчдын төлсөн мөнгийг нь буцааж олгоно” гэсэн.
Баянхонгорт цасаар шуурч, цаг агаар хүндэрч байгаа учраас тухайн аймаг руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласнаа сунгах, эсэхийг ярилцаж байна.