АИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд Засаг дарга Д.Батлут эдийн засгийн хүндрэлийг давах төлөвлөгөөгөө танилцууллаа. Энэхүү төлөвлөгөөнд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хамтын ажиллагааг сайжруулах, өрх иргэн бүрийг ажлын байртай болгож орлогыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжих чиглэлийн бодлого, зорилт 14, сургалт, сурталчилгааны чиглэлээр 5 ажил туссан байна.
Учир нь 2012 оны сүүлчээс манай улсын төлбөрийн тэнцэл алдагдаж, гадаадын хөрөнгө оруулалт буурснаар эдийн засаг хүндрэлд ороод байгааг мэргэжилтнүүдийн дүгнэлт баталдаг. Энэ сөрөг нөхцөл байдал манай аймагт ч тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлсэн байна. Тодруулбал, Төсөвт төвлөрүүлэх Хүн амын орлогын албан татвар, Газрын төлбөр, Хөрөнгө борлуулсны орлого тасарсан. Тиймээс Засаг даргын танилцуулсан төлөвлөгөөнд төсвийн хөрөнгө оруулалтыг иргэд, олон нийтийн эрх ашигт нийцүүлж үр өгөөжийг сайжруулахад анхаарах талаар тусгасан байна. Үүний хүрээнд төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудыг орон нутгийн аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэхэд анхаарах аж.
Мөн аймгийн хэмжээнд 7110 гаруй иргэн ажилгүй байгаагийн 26.2 хувь нь сургууль төгсөгчид, 15.4 хувь нь орон тооны цомхтголд орсон бол 37.4 хувь бусад шалтгаанаар ажилгүй болсон гэнэ. Түүнчлэн өрхийн гишүүдээс нэг нь ч хөдөлмөр эрхэлдэггүй 2832 айл байдаг. Тиймээс Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан “Эрдэнэтчүүд-Эрдэнэтчүүддээ хайртай” буюу Нэг өрх-Нэг ажлын байр хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар ажилгүйдлийг бууруулахаар төлөвлөж байгааг онцоллоо.
Түүнчлэн аж үйлдвэрийн салбарт хүдэр болон ашигт малтмал олборлолт, ус, ундаа, цахилгаан дулаан хангамжийн үйлдвэрлэлээс бусад нь буурсан үзүүлэлттэй байгааг тоо баримтууд нотолж байна. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл өндөр хувиар буурсан гэдгийг Засаг дарга Л.Батлут хэлсэн үгэндээ онцоллоо. Тоон үзүүлэлтээс харахад хүнсний дэлгүүрүүдийн орлого нэмэгдсэн боловч бараа нэг бүрийн үнэ аажмаар өссөнтэй холбоотой гэж үзэж байна. Иймд гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж, томоохон төслүүдийн санхүүжилтийг орон нутагт татах чиглэлээр ажиллахаар төлөвлөгөөг гаргажээ. Мөн шинээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээл, газар олголтоор дэмжиж, ажиллах хүчээ орон нутгаас авах талаар хэлцэл хийх гэнэ.
АИТХ-ын тэргүүлэгчид уг төлөвлөгөөг хангалттай сайн боловсруулсан гэж үзэн баталсан юм. Ингэснээр эдийн засгийн хүндрэлийг давах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ.