Дархан уул аймгийн Хонгор сумын Хар модтын гуу гэх газар нутаглаж буй Иргэн Ж-гийн хонь өвчилсөн мэдээлэл 12-р сарын 6-ны өдөр аймгийн ХХААГ-т ирсэн байна. Энэ дагуу холбогдох албаны төллөөллүүд багтсан шуурхай бүлэг тус өдөр газар дээр нь ажиллаж бог малын цэцэг өвчин байж болзошгүй анхны шинж тэмдэг илэрсэн учраас улсын мал эмнэлгийн төв лабораторит дээж авч шинжилгээнд явуулжээ. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр шинж тэмдэг илэрсэн мал цэцэг өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон тул холбогдох албаныхан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах төлөвлөгөөг нарийвчлан гаргажээ.
Голомтын бүсэд 4 хот айл байгаа бөгөөд энд 900 гаруй толгой мал байгаагаас 800 орчим нь бог мал байна. Одоогоор цэцэг өвчин нь зөвхөн хонин сүрэгт илэрсэн байна. Эхний ээлжинд цэцэг өвчин гэж тогтоогдвол голомтын бүсэд байгаа ил шинж тэмдэгтэй малыг устгах, үлдсэн малыг вакцинжуулах учраас Мал эмнэлэг үржлийн газраас 2000 вакцины захиалга өгсөн байгаа юм байна. Аймаг орон нутгийн хэмжээнд малын халдварт өвчний тандалт судалгааг хийж тодорхой арга хэмжээ авч байгаа учраас өвчний тархалт нэмэгдэхгүй гэдгийг албаныхан хэлж байна.
Цэцэг өвчин нь өндөр халуурах, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм. Өвчтэй мал халдварын эх үүсвэр болдог бөгөөд тэдгээрийн нус, нулимс, өтгөн, шингэн, шарх, тавны хогжруу нь гадаад орчныг бохирдуулдаг байна. Уг өвчний үүсгэгчээр бохирлогдсон тэжээл, ус, бэлчээр, хэвтэр, бууц, тоног хэрэгсэл, хүний хувцас, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүхий эдээр дамжин халдвар тархдаг байна. Иймээс иргэд цэцэг өвчин гарсан аймаг орон нутагт зорчихгүй байх, хонь ямаа мах түүхий эд нийлүүлэх худалдан авахдаа гарал үүслийн бичгийг сайтар нягталж цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.