Дүрслэх урлагийн сургуулийн арьсан урлагийн ангийг 1994 онд төгссөнөөс хойш тасралтгүй уран бүтээл туурвиж яваа зураач, барималч Д.Дашцэрэнгийн урланд очлоо. Тэрбээр “Дашцэрэн хэмээх уран бүтээлч нэг хэсэг “унтаад” сэрлээ. Өнгөрсөн хугацаанд зүгээр суусангүй. Шинэ санаа, шинэ технологитой эргэн ирснээ түмэндээ тайлагнан харуулах зорилгоор үзэсгэлэн гаргана” гэсээр биднийг угтав.
Энд тэндгүй цавуу асгарч, элдэв будаг, бийр, цаас, арьс, чулуу, шохой хөглөрсөн энэ л урланд урлагийн гайхамшигтай бүтээлүүд өнөө, маргаашгүй “төрөхөө” хүлээгээд дуншиж байна лээ.
Арьсан урлаачдын “Хүрэл буга” нийгэмлэгийн гишүүн Д.Дашцэрэн хэмээх энэ залуу Монголын арьсан урлагт шинэ технологи бий болгосон бахархам уран бүтээлч юм. Түүнийг хувь хүн талаас нь бус, уран бүтээлчийнх нь хувиар танилцуулахыг зорьсон ярилцлагаа хүргэе.
-Монголчууд эртнээс мал маллаж, ан гөрөө хийж, арьс, ширийг нь боловсруулан ахуйдаа ашиглаж ирсэн арвин туршлагатай. Гэхдээ хөгжлийн явцад суурин иргэншлийг эрхэмлэх болсон орчин цагийн монголчуудын хувьд энэ талын хэрэглээ хумигдсан гэж болно. Цүнх, гутал, гөлөм, эмээл, түлхүүрийн оосор хийдэг арьс, ширэн урлалыг би хэлсэнгүй. Харин энэ төрлийн материалыг орчин үеийн техник технологитой хослуулан урлагийн бүтээл болгодог мэргэжлийн уран бүтээлч харьцангуй цөөхөн мэт санагддаг. Ер нь Монголд арьсан урлагаар дагнадаг хүн хэр олон байдаг вэ?
-Би Р.Ариунболд багшийнхаа ууган шавь болсноо азтайд тооцож, үргэлж талархаж явдаг. Багш маань Монголын дүрслэх урлагт энэ чиглэлийг хөгжүүлж, дэлгэрүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан хүн. Түүний ачаар бид арьсан урлагийн сайхныг мэдэрсэн. Түрүүн таны хэлсэнчлэн сүүлийн үед манайхан энэ урлагийг хэрэглээний урлал төдийгөөр төсөөлдөг болсон байж мэднэ.
Ер нь нүүдэлчдийн уламжлалт ахуй соёлтой монголчууд арьс, шир зэрэг малын түүхий эдийг бүтээгдэхүүн болгон, өргөн хэрэглэж ирсэн. Түүхэн явцад энэ нь хэрэглээнээс урлаг болтлоо хөгжсөн. 1990-ээд оны эхэн үед энэ салбарт цоо шинэ хандлага, хөгжил бий болж, арьсыг мэргэжлийн уран бүтээл болгон гаргаж тавьсан. Тодруулбал, арьс бол зөвхөн хэрэглээ биш гэдгийг харуулсан. Үүнд манай багшийн хувь нэмэр их. Тэр цагаас хойш энэ чиглэлээр сурч бэлтгэгдсэн боловсон хүчин олон гарсан. Тэд багшийнхаа үйлсийг үргэлжлүүлж явна.
-Усан болон тосон будгаар зурахаас илүүтэй арьсаар бүтээл хийх түвэгтэй. Идээлж, элдэж, будахаас эхлээд арьс нарийн боловсруулалт шаарддаг “маягтай” материал. Сүүлийн үед сайхан боловсруулсан арьс, шир элбэг болсон. Гэхдээ бүтээлдээ зориулаад та нэмж боловсруулдаг уу. Ер нь боловсруулсан түүхий эд элбэг олддог уу?
-Тухайн бүтээлээсээ шалтгаалаад түүхий эдэд нэмэлт боловсруулалт хийх нь бий. Гэхдээ заавал торго шиг болгосон сайхан арьсаар бүтээл хийдэг юм биш. Жишээ нь, бид оюутан байхдаа арьсыг монгол уламжлалт аргаар буюу тараг, сүүгээр идээлж, элдээд, тэр онцлогийг нь тусгасан бүтээл хийдэг байлаа.
Энэ нь материалаа таньж, мэдэх, харьцаж сурахад зайлшгүй хэрэгтэй. Сүүлийн үеийн техник технологийн ачаар арьсыг сайхан боловсруулж, янзалж байгаа нь энэ чиглэлийн уран бүтээлчдэд дөхөмтэй болсон. 1990, 2000 оны эхээр уран бүтээл хийх шаардлага хангахуйц арьс олоход бэрхшээлтэй байсан. Одоо бол хангалттай шүү.
-Уран зургийн туурвих арга олон төрөл, урсгалтай. Арьсан дээр зурахад тийм урсгал, чиг хандлага байдаг уу?
-Арьсан урлал эрт үеэс чимэглэх урлагийн төрөлд багтаж ирсэн. Гэхдээ сүүлийн үед урлагийн бие даасан төрөл болтлоо хөгжиж буй учраас бүхий л урсгал “изм”-ыг ашиглан бүтээл туурвих боломжтой.
-Та ямар чиглэлээр туурвидаг вэ. Жишээ нь, энэ монгол хатны хөрөг товойлгож хөөмөлдсөн мэт харагдаж байгаа нь ямар учиртай вэ. Машинаар хэвлэчихсэн юм уу?
-Ер нь арьсан дээр хэвлэх машинаар зурна гэсэн ойлголт байхгүй. Энэ хөргөө би төөнүүр үзгийн аргаар урласан. Энэ нь миний бий болгосон туурвих шинэ арга л даа. Улайссан төмрөөр төөнөж зурна гэсэн үг.
-Шивээс хийдэгтэй төстэй байх нь ээ?
-Зарчмын хувьд тэгж ойлгож болно. Түлж зурдаг учраас ийм бүтээл хадгалалтын явцад арилж, урсах, өнгө, хэлбэрээ алдах зэрэг ямар нэгэн өөрчлөлтөд орохгүйгээрээ давуу талтай.
-Сая та түлж зурдаг гэлээ. Тэгэхээр зураас тавилаа л бол арилгаж, засах боломжгүй гэсэн үг үү?
-Ямар ч боломжгүй.
-Тэгэхээр театрын урлагтай төстэй юм байна. Үзэгчдийн урд тайзан дээр жүжигчин үгээ алдсан бол гүйцээ. Кино шиг монтажилж, эсвэл дахин зураг авна гэсэн ойлголт үгүй шүү дээ. Ер нь арьсан дээр өнгө гаргаж, будах хэцүү юү?
-Арьсан дээр будах техник маш нарийн. Будаг найруулахаас эхлээд, түрхэхдээ зузаан, нимгэнийг нь тааруулахгүй бол арьсны мөн чанар алдагдахад хүрдэг. Мөн даавуу, цаасан дээр зурдаг шиг битүү будалт хийх боломжгүй. Мөн л арьсны чанарт сөрөг нөлөөтэй. Түрүүн таны хэлснээр арьс ёстой л “ааштай” материал шүү дээ.
-Та хөөмлийн аргаар олон бүтээл туурвисан юм билээ. Ер нь манай арьсан урлаачид энэ аргыг өргөн хэрэглэдэг үү?
-Нийтлэг ашигладаг арга нь хөөмөл шүү. Энгийн үгээр хэлбэл, тусгай хэв ашиглан товгор дүрс гаргаж аваад, засаж янзлаад, арьсаар хучих аргыг хөөмөл гэдэг. Үүнээс гадна арьсанд тусгай цардлага түрхээд, халуун аргаар өөрөөр нь хэвлэж гаргах технологи байдаг.
-Үндсэн материал, хэрэглэгдэхүүн зэрэг нь үнэтэй болохоор арьсан дээр бүтээл хийхэд халаас нэлээд зузаан байх ёстой мэт. Та тийм баян хүн үү?
-Энэ чиглэлээр ажилладаг уран бүтээлчдээс санхүүгийн чадамж шаарддаг нь үнэн. Гэхдээ би үнэтэй материалаар бүтээл хийлээ гэж ярих дургүй. Ний нуугүй ярихад, уран бүтээлч болоод удаагүй залуу цагтаа санхүүгийн бэрхшээлээс болж шантарч, ухрах тухай бодож л байсан. Гэхдээ ухраагүй ээ. Сэтгэлээ зориулаад явбал ямар ч зүйл өгөөжөө өгдөг юм.
Би баяндаа энэ урлагийн төлөө үхэн хатан зүтгээд байгаа юм биш. Би чин зүрхнээсээ дуртай, үүнээсээ урам авдаг, мөн багшийнхаа үйлсийг үргэлжлүүлэхийн төлөө явж буйдаа сэтгэл хангалуун байдаг учраас энэ урлагт талархдаг юм.
Цаашлаад би Монголынхоо дүрслэх урлагт өөрийн хувь нэмрийг оруулах хүсэл сэтгэлдээ хөтлөгддөг. Магадгүй бүр хүүхэд байхаасаа л зураач болохыг мөрөөдөж, тэмүүлсэн минь ийм амьдралын эхлэл байсан болов уу.
-Танай удамд бурханч лам байсан гэл үү?
-Эмээгийн минь аав монгол гутал, нум сум урладаг, гарын дүйтэй, мундаг бурханч лам байсан гэдэг. Тэр хүний гарын ур дүй, авьяас надад жаахан ч гэсэн өвлөгдсөн байж мэднэ. Энэ утгаараа би сүүлийн үед бурхан бүтээх ажилд жаахан шамдах болсон. Үүнээс гадна багын хүмүүжил, дунд сургуулийн багш нарын маань зааж сургасан нь уран бүтээлч болоход их нөлөөлсөн.
Би нийслэлийн 16 дугаар сургууль төгссөн. Манай анги удирдсан хоёр ч багш хэл уран зохиолын хичээл заадаг байлаа. Тэд биднийг номтой их нөхөрлүүлсэн. Энэ нь сэтгэн бодох, ургуулан төсөөлөх, дүгнэлт хийх зэргээр оюун ухаан тэлэхэд тун тустай.
Ялангуяа тэр үед уншсан түүхэн зохиолууд сэтгэлээс минь гардаггүй юм. Би Монголынхоо түүх, уламжлалтай холбоотой бүтээл түлхүү туурвихыг хүсдэг. Сургууль төгсөхдөө “Монгол цэргийн хуяг дуулга” сэдвээр диплом хамгаалсан минь ч үүнтэй холбоотой.
-Таны урланг ажиглаад байх нь ээ, баримал, хөөрөг гээд янз бүрийн л зүйл байна. Энэ бүхнийг та хийдэг юм уу?
-Би гөлөм хийж, чулуун дээр сийлж, хөөрөг урлаад багагүй хугацаа өнгөрчээ. Ер нь энэ бүхэн чимэглэх урлалын төрөлд орно. Гэхдээ тус бүртээ ур чадвар арга ухаан шаардсан нарийн ажиллагаатай. Арьсан урлагийн чиглэлийг сонгосны давуу тал нь энэ гэж баярладаг л юм. Эмээ маань ч энэ чиглэлээр сурвал зүгээр гэж зөвлөж байсан шүү.
-Та энэ сарын 21-нд “Түүхийн жимээр” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ гаргана. Тэнд дан түүхэн сэдэвтэй, арьсан бүтээлүүдээ дэлгэх үү?
-Монголын урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Вэст” арт галерейд гаргах “Түүхийн жимээр” үзэсгэлэндээ 20 гаруй бүтээл дэлгэхээс дийлэнх нь төөнүүр үзгийн аргаар бүтсэн. Хөөмөл буюу товойлгон хийх аргаар урласан цөөхөн бүтээл байгаа.
Энэ бол Монголдоо гаргах хоёр дахь үзэсгэлэн минь. Өмнө нь 1999 онд “Зохицол” үзэсгэлэн гаргаж байлаа. Амьдралын ухаан ч суугаагүй шахуу амьтан байж дээ, тэр үед. Мөн Япон, БНСУ, Унгарт зохион байгуулсан үзэсгэлэнд оролцож байлаа.
-Таныг түүхийн жимээр буцаая гэвэл аль үед очиж, чухам юу харж, ямар түүхийг мэдэх бол. Би энэ асуултыг уулзсан уран бүтээлч болгондоо тавьдаг уламжлалтай.
-Сонирхолтой асуулт байна. Би хэдэн жилийн өмнө Есүнгэ мэргэний тухай нэг сонин зүүд зүүдэлснээ ер мартдаггүй юм.
Хавт Хасарын хүү Есүнгэ Алтан ордны том наадамд 500 нумын газарт харвасан түүх бий. Үүнийг баримтжуулсан гэрэлт хөшөө өдгөө Оросын Санкт-Петербург хотын Эрмитаж музейд хадгалагдаж буй. Мэргэн бууч оноход ч хэцүү байг гарын хүчээр нум татаж, алдахгүй харвана гэдэг гайхамшиг. Тэгэхээр би энэ үйл явдлыг, өөрийн зүүдэлснийг нүдээр үзэхийг хүснэ.
-Та түрүүн түүхэн судалгаа хийдэг талаараа ярьсан. Энэ хүрээнд, мэдээж, олон сайхан түүхийн жимээр “аялсан” байгаа. Тэр дундаас сэтгэлийг тань хамгийн их эмзэглүүлсэн, эсвэл баярлаж бахдуулсан ямар түүх байна вэ?
-Монголчууд Европ руу хийсэн аян дайны үед буюу Легнец хавьд болсон нэг тулаанд монгол харваач ойн модон дотроос сүмийн орой дээр хонх цохиж байсан хүнийг нэвт харвасан түүх бий дээ. Энэ бол монгол хүний чадавх ямар байсныг харуулсан бахархам түүх. Ер нь судалгааны явцад Монголын дээд угсаа ямар гайхамшигтай, дуу алдмаар тансаг, хэрэглээ бүхэн нь утга учиртай байсныг мэдэх тусам бахархаад баршгүй.
Би зарим бүтээлээ археологийн олдворт тулгуурлан хийсэн. Жишээ нь, түрүүчийн хөргийг Сорхугтани Бэхи хатныг төсөөлөн зурж, малгайг нь XIII зууны үеийн олдворын загвараар бүтээсэн. Энэ нь монгол хатны бортогон малгайн загвар. Зулай хэсгийн хэлбэр нь шувуу шиг байгаа биз.
Би нэг зүйлд их эмзэглэдэг. Эх түүхээрээ бахархаж, омогшиж байна гээд сэтгэлийн хөөрлөөрөө хийсвэр, давстай ярьдаг хүмүүс бий. Ингэж болохгүй. Тийм ярианаас үүдээд хойч үед ташаа мэдээлэл түгэхийг үгүйсгэхгүй.
-Нум сумын талаар нэлээд сонирхон судалдаг нь ярианаас тань мэдрэгдлээ. Өөрөө нум сум хийж байв уу?
-Хэд хэдэн нум сум хийсэн. Р.Ариунболд багш маань уламжлалт аргаар арьс, шир боловсруулах арга технологи, түүнийгээ ашиглах, гөлөм оёх, хээ шахах технологи гээд их зүйл заасныг бид орхилгүй бүтээлдээ тусгаж, туурвиж явна. Үүн дээр тулгуурлан шинэ технологи боловсруулан үлдээх нь бидний үүрэг гэж боддог.
-Та түрүүн омогшил гэлээ. Түүнийг та юу гэж тайлбарлах вэ?
-Омогшил гэдэг нь бахархах сэтгэл юм уу даа. Гэхдээ омогшил үнэн байх ёстой. Худлаа хөөрцөглөхийг омогшино гэхгүй.
-Тэгвэл эх түүхтэйгээ үргэлж холбогдон уран бүтээл хийдэг таны хувьд эх орон гэж юу вэ?
-Эх орон гэдэг бол тусгаар тогтнол. Туурга тусгаар улсын иргэд л эх орон гэж ярина. Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр “Монгол тусгаар тогтнолоо алдлаа” энэ тэр гээд олон түмнийг түгшүүрт автуулан, шуугиан болгож байгааг би буруутгадаг. Сэтгэлийн хөөрлөөр бичсэн тийм зүйлийг өлгөж аваад, бухимдах олон хүн байгаа нь бас л эмзэглэл. НҮБ-аар тусгаар тогтнолоо баталгаажуулчихсан, олон зууны түүхтэй энэ улс тийм амархан үгүй болохгүй гэдэгт би итгэдэг.
Энд бас нэг зүйлийг онцолмоор байна. Юу гэхээр, бид тусгаар тогтнолоо эргүүлэн олж авсан 1911 оны хувьсгалыг нэг их тоохгүй байх шиг. XIII зууны Их Монгол Улсын тухай л яриад байдаг. Тэр бол гадаад улсын эрхшээлд орж, доройтоогүй, монголчууд нэгдсэн улсаа байгуулж, оршин тогтнохын тулд тулалдаж байсан үе шүү дээ.
Тэгээд тийм том зорилгодоо хүрээд, агуу үйлсийг бүтээгээд хэдэн зуун өнгөрсний дараа тусгаар тогтнолоо алдаад, хоёр зууны нүүр үзсэн. Тийм муухай үеийг халж, тусгаар тогтнолоо эргүүлэн авсан түүх бол бидний нэг бахархал мөнөөс мөн учир үргэлж ярьж, сануулж байх учиртай гэж боддог.
“Би нээрэн, танай “Ням гариг” сонины анхны ажилтнуудын нэг байлаа. Сонинтогос эгчийн удирдлага дор нэг жил гаруй ажиллахдаа маш их зүйл сурч, туршлага хуримтлуулсан. Мөн арьсаар гар урлал хийдэг компанид загвар зохион бүтээгч, цамын баг хийдэг газарт ч ажиллаж байлаа. Энэ мэтээр талхаа олж идэх арга, сэдэл хүнд олддог юм” хэмээсэн Д.Дашцэрэн тун хөдөлмөрч хүн аж.
Тиймдээ ч урлагийн олон төрлөөр туурвиж, туршиж, шинэ зүйл эрэлхийлсээр яваа биз ээ. Сонирхуулахад, түүний бүтээсэн хэдэн баримал нийслэлийн маань өнгө төрхөд чимэг болж буй гэсэн.
Ийм нэгэн уран бүтээлчийн ур ухаан, чадвар авьяасаас урган “амилсан арьс” юу өгүүлж, ямар түүхээр аялуулахыг сонирхохыг хүсвэл энэ сарын 21-нд “Түүхийн” жимээр” үзэсгэлэнг зориорой.