Цагтаа дэлхийн хамгийн шилдэг хөл бөмбөгч төдийгүй тамирчдын нэгт зүй ёсоор тооцогдож байсан Неймар удахгүй 33 нас хүрнэ. Өдий насанд ихэнх тамирчны карьер уруудах үедээ орж, хурд, хүч нь буурдаг. Харин бразил тоглогчийн хувьд амьдралын хэв маяг, сонголтууд нь түүний карьерыг улам дордуулж иржээ. Тийм ч учраас асар их ирээдүйтэй ч түүндээ хүрч чадалгүй унтарсан Латин Америкийн ээлжит тамирчдын тоонд сэтгүүлчид түүнийг оруулах болжээ.
Неймар 25 насандаа Европын топ лигүүд дундаа хамгийн сулд тооцогдох Францын лигт ирсэн бол 31 насандаа Европоос явсан. Харин Саудын Арабын “Аль-Хилаль” баг түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалснаар Неймар төрөлх баг “Сантос” руугаа зодог тайлахаар явж байна.
2017 онд Францын ПСЖ багт очсон нь түүний гаргасан хамгийн алдаатай шийдвэр юм. Ихэнх шилдэг тоглогч Францын лигээс явахыг, эсвэл замналын сүүлч үедээ тус улсад очиж тоглохыг хүсдэг. Гэтэл Неймар ид үедээ Францад очиж тоглохыг сонгосон. Тус багт зургаан улирал тоглохдоо тэрбээр “Аваргуудын лиг”-ийн финалд ганцхан удаа тоглосон билээ. Магадгүй Неймар дотоодын өрсөлдөөн багатай сул лигт тоглох замаар алдар хүндийн оргилд гарахыг хүссэн байж болно.
Харамсалтай нь, шилдэг болохын тулд тамирчин хүн биед амар замыг сонгох ёсгүй билээ.
Түүнийг “Барселона”-гаас явах шийдвэр гаргаснаар замналаа бусниулсан гэж маш олон хөл бөмбөгч сонирхогч дүгнэдэг. Улмаар 2023 оны зун “Аль-Хилаль” багтай гэрээ байгуулснаар хөл бөмбөгчийн хувьд оршин байхаа больсон гэхэд болно.
Неймар Саудын Арабын багт очоод 15 сарын хугацаанд ердөө долоон тоглолтод оролцсон. Асар их мөнгө зарцуулсан шинэ баг нь түүнээс огт өөр зүйл хүсэж хүлээж байсан нь гарцаагүй юм. Улмаар тэдний тэвчээр барагдаж, бразил тоглогчийг АНУ-ын “Интер Майами” руу явуулах тухай цуу яриа гарч эхэлсэн. Тэрбээр тус багт Л.Месси, Л.Суарестай дахин нэгдэж болох байсан ч тийм үйл явдал өрнөсөнгүй. “Сантос” баг болон Неймар гэрээний үндсэн нөхцөлөөр нэгэнтээ тохиролцсон аж.
Ийнхүү тэрбээр нутаг нэгт Роналдиньо, Роналдогийн хувь заяаг зарим талаараа давтаж байна. Гялалзсан оргил үе, хил хязгааргүй авьяас, нөөц боломж, дэндүү богинохон карьер. Гэхдээ Неймарт “Алтан бөмбөг”, дэлхийн аваргын алтан медаль аль аль нь байхгүй. Цаашид ч авахгүй гэдэг нь ийнхүү тодорхой боллоо.
Н.Энх