Манай улсын хөдөлмөрийн зах зээлд гагнуурчин, оёдолчин, барилгачин, засал чимэглэлчин, мужаан гээд гарын ур дүй шаардсан мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ өдгөө өндөр байна. Эдгээр мэргэжилтнүүдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй сургуулиудын нэг нь Монгол Солонгосын техникийн коллеж юм. Тус сургуулийн энэ хичээлийн жилийн өвлийн төгсөлт болжээ. МСТК-ийнхон мэргэжлийн боловсрол олгох сургалтын 13 мэргэжлээр 17 ангийн 426 мэргэжилтнийг төгсгөж, хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчнийг зузаатгаад байна. Шинэ төгсөгчид Авто машины засварчин, гагнуурчин, арьс, үслэг эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нар салхины үүсгүүртэй тоног төхөөрөмжийн угсрагч-засварчин, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, ноос, ноолуур боловсруулалтын технологийн ажилтан гэх мэт эрэлтэй тэргүүлэх мэргэжлүүдийг эзэмшжээ. Эдгээр 426 мэргэжилтний 50,8 хувь нь хөдөө орон нутгийн төгсөгчид бөгөөд бүс нутагтаа эрэлтэй тэргүүлэх мэргэжлээр ажиллах боломж бүрдэж байна.
Мэргэжлийн боловсролын нэг давуу тал бол тэтгэлэг юм. 2,5 жил сураад төгсөхөд Засгийн газраас 5,000,000 төгрөгийн тэтгэлэг олгож байгаа нь төгсөгчид гарааны бизнес эрхлэх, тоног төхөөрөмж багаж худалдаж авч өөрөө өөртөө ажлын байр бий болгох, дараагийн шатанд дэвшин суралцахад том дэмжлэг болж мэргэжлийн боловсрол сонгон суралцах гол хөшүүрэг болдог ажээ.
Монгол Солонгос Политехник коллеж нь 1966 онд хөнгөн үйлдвэрийн техник-мэргэжлийн сургууль нэртэйгээр байгуулагдсанаас хойш 59 дэх хичээлийн жилдээ үйл ажиллагаагаа явуулж, 30000 гаруй мэргэжилтэй ажилтан, тусгай дунд боловсролтой мэргэжилтэн бэлтгэжээ.
Тус сургууль нийгмийн түншлэл, гадаад харилцааны хүрээнд БНСУ-ын дөрвөн их, дээд сургууль, БНХАУ-ын нэг сургууль, дотоодын 120 гаруй үйлдвэр аж, ахуйн нэгжтэй хамтарч суралцагчдаа дадлагажуулж ажлын байранд зуучилдаг байна. Гадаад түншлэл хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн багш нарыг гадаадад сургаж чадавхжуулах, шинэ техник технологи инновацыг сургалтад нэвтрүүлэхэд илүүтэй анхаарч ажилладгаараа давуу талтай юм.