Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС) дампуурсныг албаныхан оны өмнө зарлаж, иргэд амбулаторийн үзлэг ч хийлгэж чадахгүйд хүрснийг уншигчид мартаагүй байх. Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь буюу үзүүлсэн тусламж, үйлчилгээний тоонд тулгуурлан төсөв хуваарилдаг болсноос хойш сангийн зардал жил ирэх тусам нэмэгдсээр буй. Тэгвэл 2024 оны жилийн эцэст ЭМДС-гийн нийт зардал хоёр их наяд 73.9 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2023 оныхоос 521.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Улсаас ЭМДС-гийн төсвийг сүүлийн жилүүдэд нэмсэн ч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан зардлаа санхүүжүүлж хүчрэхгүй, эмнэлэг, рашаан сувилал, эмийн сангуудад одоо ч их хэмжээний өртэй хэвээр байна.
Өнгөрсөн онд сангийн зардал нэмэгдэхэд эмийн үнийн хөнгөлөлтийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилт өссөн нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал гэхэд дангаараа 490.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байх жишээтэй. Тэгвэл сангийн шимтгэлийн орлого 2024 онд өнгөрсөн жилийнхээсээ 209.1, төр даатгалыг нь хариуцдаг иргэдийнх 72.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж. Ташрамд дурдахад, өнгөрсөн онд давхардаагүй тоогоор 3 275 000 иргэн даатгуулжээ. Тэдний 2 291 200-гийнх нь шимтгэлийг улсын төсвөөс хариуцан төлсөн байна. Харин үлдсэн 983 700 нь даатгалын шимтгэлээ өөрөө болон ажил олгогчид нь хариуцдаг, татвар төлөгчид байж.
О.Ундрах