Хаврын морин уралдааныг зохион байгуулах нь зөв, буруу гэж олон нийт талцаад буй. УИХ-ын зарим гишүүн болон хүний эрхийн байгууллагынхан хаврын морин уралдааныг зохион байгуулах нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, байр сууриа илэрхийлсэн. Мөн Монголын хуульчдын холбоо Засгийн газрын тогтоолыг хэвээр үлдээж, цаашид хүүхдийн эрхийг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, сайжруулах шаардлагатай гэж үзэж, өчигдөр мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “Улсын дээд шүүх 2018 оны нэгдүгээр сарын 15-нд “Дүнжингарав” хаврын уралдааныг зохион байгуулах тогтоолыг хууль бус болохыг тогтоосон. Цаашид 18 нас хүрээгүй хүнийг өвөл, хаврын улиралд морин уралдаанд бэлтгэх, сунгаа хийхэд оролцуулахыг хориглосон акт гаргахыг Засгийн газарт даалгасан билээ. Улмаар Засгийн газраас шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, 2019 оны нэгдүгээр сарын 30-нд “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон” тогтоол гаргасан. Өвөл, хаврын морин уралдаан нь хүүхдийн амь, эрүүл мэнд, сурч боловсрох эрхийн зөрчиж байгаа нь олон судалгаагаар нийтэд илэрхий болсон. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах талаарх Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, зөвлөмж, Засгийн газрын тогтоолыг хэвээр үлдээж, цаашид хүүхдийн эрхийг хангах талаар хууль тогтоомжийг хэрэгжүүлж, сайжруулах шаардлагатай” хэмээжээ.
Ч.Туяа