УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдээлэл нь шүүхийн нэр хүндэд илт сөргөөр нөлөөлж, бодит үнэнд нийцэхгүй байна хэмээн шүүх байгууллагынхан үзэж буй. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах болон нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхий сайдад хандан ийм агуулга бүхий мэдэгдэл гаргажээ. Үүнд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 24-нд болсон УИХ-ын хуралдааны үеэр болон үүнээс өмнө, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа, шүүгч нарт холбогдуулан тодорхой нэр, хаяггүйгээр нийтэд нь хамаатуулан гэмт хэргийн шинжтэй ноцтой агуулга бүхий мэдээллийг удаа дараа хийлээ. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлд үндэслэн хянадаг захиргааны хэргийн шүүхийн нэр хүндэд илтэд сөргөөр нөлөөлөх, бодит үнэнд нийцэхгүй, ташаа мэдээллийг УИХ-ын гишүүд болон олон нийтэд түгээсэнд дараах залруулгыг хийж байна” гэжээ. Энэ тухай доор сийрүүлье.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх явцад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “... захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хууль бус газар олголтууд явагдсан, газрын наймааны ард шүүгч нар байна, нууцаар байранд орсон, СӨХ-той хуйвалдсан нөхдүүд бүгд шүүгч, шүүгчид хэргээ шийдэж чадахаа байсан. Бүх байшинд шүүгч нар орц орцоор нь байр авсан” гэж ярьсан.
Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, эсэх шийдвэрийг захиргааны хэргийн шүүх гаргадаггүй. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод, Туул, Сэлбэ голын хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан болон ийм эрхтэй этгээдүүд нь дүүрэг, нийслэлийн Засаг дарга нар. Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар олгох эрх мэдлийг Байгаль орчин, аялал жуулчлал (Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт)-ын сайд дангаараа хэрэгжүүлсээр иржээ. Бүх шатны Засаг дарга болон сайдыг Ерөнхий сайд томилдог бөгөөд эдгээр нь үе үеийн Засгийн газрын өөрийнх нь эрх мэдлийн асуудал юм.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд өнөөгийн байдлаар нийт 2016 нэгж талбар газар ашиглах эрхийг иргэн, хуулийн этгээдэд олгосон байна. Үүний заримд нь газар ашиглах эрхтэй холбоотой маргаан үүсэж, захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэжээ. Тухайлбал, Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2018-2022 онд БОАЖ-ын сайдад холбогдох, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд олгосон газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой 62 хэрэг, маргааныг хэлэлцсэн. Үүнээс 32 тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Харин 15 нь нэхэмжлэлийн шаардлага хангасан, 11 хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Ерөнхий сайдын мэдэгдлүүдэд удаа дараа дурдагдсан “...захиргааны шүүхийн шүүгч нар авлигад байр авсан” гэх асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй, ноцтой мэдээлэл бөгөөд АТГ, ЦЕГ зэрэг гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн хүрээнд шалгах, хуульд заасан зохих журмаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Гэтэл хууль ёсны дагуу биш, тодорхой нэр, хаяггүй мэдэгдлийг олон нийтэд удаа дараа хийж, захиргааны хэргийн шүүхийн хууль ёсны үйл ажиллагааны эсрэг олон нийтийг турхирч байгааг эсэргүүцэж байна.
Захиргааны хэргийн шүүх нь санаачилгаараа ямар нэг тендер шалгаруулалт хуульд нийцсэн, эсэхийг хянасан, оролцсон, эсвэл бүх тендерийг шийдвэрлэсэн тохиолдол байхгүй бөгөөд Улсын дээд шүүх хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2020-2024 онд үүнтэй холбоотой нийт 42 маргааныг хэлэлцэн шийдвэрлэсэн. Засгийн газраас хэрэгжүүлэх “14 мега” гэх төслүүдэд холбогдох ямар нэг тендерийн маргааныг 2020-2023 онд захиргааны хэргийн шүүх огт шийдвэрлээгүй бөгөөд 2024 онд нэг буюу “Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын станцыг барих гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах “тендер”-тэй холбоотой маргааныг гурван шатны шүүх хэлэлцэн, өнгөрсөн арванхоёрдугаар сард эцэслэн шийдвэрлэжээ.
Эдгээр шүүн таслах ажиллагааны тоон мэдээ, бодит баримтуудаас үзвэл, “... мега төслүүдийн 60 хувь нь шүүхээр шийдэгдсэн”, “...бүх мега төсөл захиргааны шүүхэд гацаж байна”, “...төслүүдийг нь шүүх гацаагаад байгаа” гэх Ерөнхий сайдын мэдэгдэл бодит үнэнд нийцэхгүй болно. Ерөнхий сайдын энэ мэтээр хариуцлагагүй мэдээлэл удаа дараа хийж байгаа нь шүүн таслах ажиллагаанд сөргөөр нөлөөлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах, шүүхийн бие даасан, хараат бус байдалд нөлөөлөх үр дагаварт хүрч болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.
Ч.Болор