Монголчууд сүүлийн жилүүдэд гадаадын тагнуулын байгууллага, тусгай албаныхантай хамтарсан гэх хэрэгт холбогдон шүүхээс ял шийтгүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна. Хамгийн сүүлд гэхэд иргэн Д.Нямжавыг шүүхээс энэ төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд уржигдар түүнд холбогдох хэргийг хаалттай хэлэлцээд нээлттэй хорих байгууллагад найман жил хорих ял шийтгэсэн байна. Түүнийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн юм. Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр Азийн нэгэн орны тусгай албаны хүмүүстэй хамтарч ажиллаж, мөнгө авсан хэмээн буруутгагдсан гэнэ.
Үүнээс өмнө “Монгол хүн монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн асан Ч.Мөнхбаяр Энэтхэгийн тусгай албаны хүнтэй хамтарч ажилласан, мөнгө авсан гэм буруутай гэж шүүх дүгнэн хорих ял оноосон байдаг. Бас лам агсан Д.Баасангийн эхнэр Д.Алтанцэцэг, охин Б.Эрдэнэзул нарыг Хятадын тусгай албаны ажилтан Бао Гуо Жунтай хамтран ажилласан гэм буруутайд тооцож хорих ял шийтгэсэн. Өдгөө дээрх шүүхэд “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, нэгэн компанийн эрх бүхий албан тушаалтан Д.Бямбажав нарыг өмнөд хөршийн тусгай албаныхантай хамтарсан хэрэгт гэм буруутай, эсэхийг дэнслэхээр товлоод буй билээ.