“Дарамтгүй татвар гэж байдаггүй. Татварын дарамт гэдэг бол харьцангуй ойлголт” гэж Сангийн сайд Б.Жавхлан номлосон нь саяхан. Төрийн нэрээр “тонодог” янз бүрийн татвар, хураамж хэрээс хэтэрч, дарамт ихээр үүсгэх болсонд бухимдсан олон нийтэд тэрбээр хариу барьсан нь энэ. Эрх баригчдад иргэдийн амьдрал огт хамаагүй бөгөөд татвар нэмэх замаар биднийг үргэлжлүүлэн дарамтлах болно гэдэг агуулга Сангийн сайдын үгээс ил шулуун ойлгогдоно.
Бодит байдалд хөдөлмөр эрхэлж буй монгол хүн бүр төрдөө дээрэмдүүлж байна. Жишээ нь, иргэн нийгмийн даатгалын шимтгэлд цалингийнхаа 11.5, ажил олгогч нь 12.5 хувийг төлнө. Бас цалингийнхаа 10 хувийг хувь хүний орлогын албан татварт өгдөг. Түүнчлэн худалдан авсан бараа, бүтээгдэхүүн бүрийнхээ үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг НӨАТ-т хураалгана.
Та нийслэлд оршин суудаг бол үйлчилгээний байгууллагаар орох бүрдээ үнийн дүнгийн хоёр хувийг хотын албан татварт төлж буй. Автомашинтай бол авто зам ашигласны, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн, агаарын бохирдлын гэсэн гурван төрлийн татвар, хураамжийг жил бүр өгөхөөс өөр аргагүй. Мөн албан журмын даатгал заавал тушаана. Хөдөөний иргэн хотод машинтай орж ирвэл хоёр дахь хоногоос эхлээд өдөр бүр 5000 төгрөгийн хураамж төлөх ёстой. Энэ бүхний дараа үлдсэн жаахан мөнгөө хуримтлуултал улс таны хадгаламжийн хүүнээс 10 хувийн татвар авна гээд бод.
Татвар төлснөөс халамж авсан нь дээр
Иргэд сар, өдөр бүр татвар төлснийхөө үр шимийг хүртэх бус, харин ч аж амьдрал нь улам уруудан, шантарч байна. Эрх чөлөөний эвсэл намаас энэ сарын 11-нд төв талбайд эхлүүлсэн “Засгийн газар огцор” нэртэй жагсаалд олон хүн нэгдэн, татварын дарамт тэдний амьдралд хэрхэн нөлөөлж буйг илэрхийлж, дарга нарын бодлого, шийдвэр иргэдийнхээ эсрэг байгааг шүүмжилсэн нь үүний тод жишээ байлаа. “Халамжид яаж бүртгүүлдэг вэ. Махийж махийж, бөөн стресст автан байж таван цаас олохоор ес шидийн татварт тушаасны дараа гарт үлдсэн мөнгө нь маш бага. Хамгийн гол нь төлсөн татвараасаа буцаад юу ч хүртэхгүй. Ингэснээс татвар төлөхөө больж, ядуу гэж бүртгүүлчхээд халамж аваад хэвтсэн нь дээр юм байна” гэж нэгэн иргэн цахим орчинд бичсэн нь анхаарал татна. Бас нэгэн ажил олгогч Х цахим сүлжээнд “Ажилтнуудынхаа цалинг тавиад үлдсэн мөнгөө татварт тушаадаг. Ер нь компани нээгээд ашиг олно гэж бодоод хэрэггүй. Улс чамайг дээрэмдэж, дампуурал руу түлхэнэ” гэсэн байв. Энэ нь зөвхөн хоёрхон иргэний зовлон бус, харин ихэнх монгол хүний хувьд зугтах аргагүй үнэн болчхоод байна.
Харамсалтай нь, эрх баригчдын “мөлжлөг” дээр дурдсан татвар, хураамжуудаар хязгаарлагдахгүй бололтой. Хотын төвийн гэх тодотголтой шинэ төрлийн татвар бий болгох гэж буйг Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Оюунгэрэл өчигдөр олон нийтэд хандсан бичлэгтээ онцлов. Тэрбээр “Хотын төв рүү ороход өдөр бүр 27 500 төгрөгийн татвар төлүүлдэг болгох гэж эрх баригчид улайрч байна. Ийм хууль батлахыг санаархаж байгаа. Хотын төвийн татвар гэдгийг Улаанбаатарт хэрэгжүүлбэл хүмүүс бүгд толгой дараалан торгууль төлнө. Үүнийг төлж чадах хүн маш цөөхөн. Хотын төвөөр дандаа баян хүмүүс, дарга нар явна гэсэн үг. Тиймээс ийм хуулийг батлуулахгүйн төлөө тэмцэх хэрэгтэй. Татвар нэмээд байгааг нь харахаар төр засаг мөнгөгүй юм шиг. Гэтэл агуу том төслүүд ярихыг нь сонсохоор мөнгөөр хахаад ч байх шиг. Бодит байдал нь ярьсантайгаа ингэж зөрөхөөр худлаа болдог” гэсэн юм.
Зуух, тавилга болон хувирч байна
Мэдээж татвар авдаггүй улс хаана ч байхгүй. Гэхдээ манайхаас ялгаатай нь иргэдийнхээ татварт төлсөн мөнгийг амьдрах орчныг нь сайжруулахад, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгоход зарцуулдаг. Бас иргэн болгон орлоготой, сайхан амьдрах орчин нөхцөл бүрдүүлсний дараа татвараа нэмдгийг бид мэднэ. Харин монгол хүний төлсөн татвар нь төсөв хэмээх том “тогоо” руу ороод, хаашаа ч юм “алга болдог”. Тэр мөнгө улсын, иргэний хөгжилд бус, харин хөгжлийг хойш татахад зориулагдсан олон жишээ бий. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэ тухай “Татвар, торгууль, шимтгэл нэртэй бүх зүйл хэрээс хэтэрсэн. Бүхнийг хөгжүүлэхгүй гэсэн бодлого баримтлаад байгаа юм шиг. Аж ахуйн нэгж, байгууллагууд нь үүдээ хаагаад, залуучууд эх орноосоо дүрвэж, харьд очиж хар ажил хийдэг дампуу тогтолцоо бий болчихлоо. Ийм байдлаар хол явахгүй шүү дээ” гэж байв.
Үнэхээр ч бидний мөнгө дарга нарыг жаргаахад, бас гадаадад зугаалуулах зэрэгт л зориулагддаг жишиг тогтчихлоо. Гадаадын томилолтод 111, тавилга, эд хогшил авахад 268 тэрбум төгрөг зарцуулахаар энэ оны улсын төсөвт тусгачихсан жишээ бий. Бас бидний төлсөн татварын 28 орчим тэрбум төгрөгөөр энэ жил нийслэлийн 32 мянган айлд зуух тараахаар болсон. Утааг бууруулах ёстой атал илүү ихээр “үйлдвэрлэх” бодлогыг эх баригчид баримтлаад буй хэрэг.
Дарга нарыг тэжээхдээ бэлэн үү
Татвар төлөгчид энэ онд улсын төсөвт 36.8 их наяд төгрөгийг бүрдүүлж өгнө. Ийм хэмжээний мөнгөөр бид эрх баригчдыг “хооллоно” гэсэн үг юм. Түүнчлэн нийслэлийн төсөвт 3.8 их наяд төгрөгийг олж өгөхийн тулд өмнөх жилүүдийнхээсээ ч шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Учир нь улсын, нийслэлийн төсвийг энэ онд түүхэн дээд хэмжээнд хүргэж нэмэгдүүлэхээр эрх баригчид хэдийн баталсан. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын нуруун дээр түүхэнд байгаагүй их дарамт ирж, тэр хэрээр таны хэтэвч нимгэрч, гэр бүлдээ, өөртөө зарцуулах мөнгө багасна.
Төрийн мөнгө гэж байдаггүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж байдаг гэх үг бий. Өөрөөр хэлбэл, дарга нарын цацаад байгаа мөнгө төрийнх биш, харин татвар төлөгчид биднийх гэдгийг цаг тутам анхаарах шаардлагатай. Гэвч манайд эл байдал эсрэгээрээ, дарга нар биднээс хураасан мөнгөө өөрсдийн халааснаас гаргасан мэт аяглах нь хэрээс хэтэрлээ. Иргэн ядуураад, дээр нь татвар нэмээд, харин ямар ч бизнесгүй дарга баяжаад байгаагийн гол шалтгаан ердөө л энэ. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн жил танилцуулсан “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны (2024-2035) эрэлт, нийлүүлэлтийн таамаглал” судалгаагаар Монголд ажиллагчдын сарын дундаж цалин 2022 онд 1.5 сая төгрөг байж. Бодогдсон цалин нь ийм боловч бодит нь 731.1 мянган төгрөгөөр хэмжигдэж буйг дээрх судалгаанд дурдсан байв. Бас 2012 оноос хойших 10 жилд иргэдийн бодит цалин төдийлөн нэмэгдээгүйг онцолсон юм. Үүнийг энгийнээр тодорхойлбол, иргэдийн худалдан авах чадвар ер сайжраагүй гэсэн үг.
Бүх нийтээрээ бага орлоготой байцгаая
“2024 онд эдийн засаг таван хувиар өсөж, валютын нөөц 5.1 тэрбум ам.долларт хүрлээ. Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул УИХ-ын хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн өргөн барих болно” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын 31-нд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ попорч байв. Гэвч Засгийн газрын тэргүүний үг татварын дарамтаас болж бухимдсан иргэдийг түр тайвшруулах арга байсан бололтой. Тухайлбал, татварын хууль тогтоомжийг шинэчлэх нэртэй хурал, хэлэлцүүлгүүдийг Сангийн яам тэргүүтэй холбогдох албаныхан сүүлийн үед өдөр болгон л зохион байгуулж буй. Гэвч тэдний яриад байгаа шинэчлэл нь хэлбэрийн төдий буюу косметик засвар гэдгийг мэргэжлийн хүмүүс нь анхааруулах боллоо.
Монголын ложистикийн холбооны ерөнхийлөгч, судлаач А.Мөнхболд “Татвар хураамжийн дарамт их байгаа нь үнэн. Үүнийг өөрчлөхийн тулд нийгэм, эдийн засгийн иж бүрэн шинжилгээ хийж, иргэд, аж ахуйн нэгжид ирэх ачааллыг тогтоох нь чухал. Ялангуяа дундаж давхаргын амьдралд ямар нөлөө үзүүлж байгааг тооцох хэрэгтэй. Манай татварын систем иргэдэд халгаатай. Ижил төстэй эдийн засагтай орнуудтай харьцуулахад хувь хэмжээ өндөр. Татвараа шударгаар төлж амьдарч байгаа иргэн, аж ахуйн нэгж маш их хохирдог болоод удлаа. Татвар төлөхгүй, худал хуурмагаар амьдрагсдад бол диваажин. Сангийн сайд татварын хууль тогтоомжийг яаран сандран, хоёр сарын дотор шинэчилнэ гэж хэлсэн нь байж боломгүй. Яриаг нь сонсохоор косметик засвар л хийх гээд байна. Бушуу туулай борвиндоо баастай гэгч болох вий” гэж байр сууриа илэрхийлжээ.
Үнэхээр л Сангийн сайд Б.Жавхлангийн хэлсэн зүйлсийг сонсохоор найдлага тасарч, итгэхэд бэрх болно. Түүний ярьсан шийдлүүдийн талаар нэгэн иргэн “НӨАТ-т жаахан өөрчлөлт оруулснаа татварын дарамтыг бууруулсан нэр зүүхийг санаархаж байна” гэж дүгнэсэн нь тун оновчтой мэт. Сайд Б.Жавхлан бас “Бага орлоготой хэсэгт НӨАТ-ын хөнгөлөлт эдлүүлэх хууль өргөн барина” гэсэн нь хачирхалтай. Монгол иргэн өндөр орлого олж болохгүй, хэрэв тэгвэл төрийн дарамтыг илүү их амсана гэсэн бодлогыг дарга нар баримтлаад байгаа бус уу.
М.Оч