Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчилсэн найруулгаар энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд ААН-үүд төлбөрийн баримт буюу НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг хэвлэж эхлээд байна. Харин НӨАТ-ын сугалаанд хонжвор нь таарч урамшуулал авах эрхтэй болсон зарим хэрэглэгчийн урамшуулал хугацаандаа орохгүй байгаа талаар мэдээлж байсан.
Тэгвэл “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.10-т “Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцно” гэж заасан байна. Тиймээс уг хугацаанд багтан бүртгэлийн мэдээллээ үнэн зөв оруулж хүсэлтээ баталгаажуулсанаар урамшууллаа авах боломжтой болох юм байна.
Түүнчлэн худалдан авагч төлбөрийн баримтыг зөрүүтэй бүртгэснээс үүдэлтэй ААН илгээгээгүй төлөвтэй төлбөрийн баримтыг устгаж дахин бүртгэх боломжтой боллоо.